Б.БЯМБАЖАРГАЛ

 “Байгалийн инженер”-ийг Туул голд нутагшуулан үржүүлэх зорилготой Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон дахь “Биологийн олон янз байдлыг хамгаалах, Минж нутагшуулах төв”-ийг зорин очиж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Минж нутагшуулах, үржүүлэх төсөл нь 2012 оноос экосистемийн доройтлыг багасгах, голын ай сав газрын экологийн нөхцлийг байгалийн аясаар нөхөн сэргээх зорилгоор хэрэгжиж эхэлжээ. 
 Минж нутагшуулах төвийн хэлтсийн дарга,  Газар зүйн ухааны доктор Ч. Батсайхан “Усны урсацыг байгалийн аясаар нэмэгдүүлэхийн тулд минж нутагшуулдаг олон улсын туршлагаас үндэслэж анх байгуулагдсан. Манай орны хувьд Ховд аймгийн Булган гол, Завхан аймгийн Тэсийн голд минж нутагшуулж байсан туршлага бий. Минж нутагшуулснаар зөвхөн гол төдийгүй экологийн тэнцвэр сайжрах, биологийн төрөл зүйл нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой. Тийм учраас Нийслэлийн засаг даргын тамгын газраас тусгай ажлын хэсэг гаргаж МУИС-ийн докторуудтай хамтран төсөл бичээд Герман, ОХУ-аас минж авчирсан. Мөн НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран эко клубын багш, сурагчдад зориулсан сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа. Зөвхөн минж нутагшуулахаас гадна дунд ангийн сурагчдад экологийн суурь боловсролыг байгаль дээр нь үзүүлж ойлгуулах, зорилготой” гэсэн юм.  Минж нь Монгол улсын Улаан номонд хязгаарлагдмал тархацтай нэн ховор амьтны зүйлд багтдаг хамгийн том мэрэгч амьтан. Манай улсад Ховд аймгийн Булган голоор Евроазийн минж тархсан байдаг. Харин тус төвд ОХУ болон Германы минжийг нутагшуулан үржүүлж одоогийн байдлаар 57 минжийг байгальд тавьсан байна. 

Туул голд минж нутагшвал ширгэх аюул нүүрлэхгүй

Туул голын ай сав газарт Монгол улсын нийт хүн амын 46.3 хувь нь төвлөрөн суурьшиж хүн, мал бүгд Туул голоосоо ундаалдаг. Туул голын эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс дэх хууль бус газар олголт, гүний усны замбараагүй хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас жилийн дундаж агаарын температур 2.2° градусаар нэмэгдсэн зэргээс үүдэн Туул голын ай сав, түүний цутгал голуудын урсацын горим ихээхэн өөрчлөгдсөн. Энэ мэтчилэн асуудлаас Туул голоо аврахын тулд тус төвийнхөн минжийг нутагшуулахаар зорин ажиллаж буй. Минж гэдэг амьтан дайсан багатай, мэрэгч амьтан учраас тухайн газар нутагшсан л бол тоо толгой хурдан өсдөг амьтан юм. Үржүүлэх нь амархан хэдий ч нутагшуулах нь тун амаргүй. Минж нь нутагших боломжтой, мод бургас ихтэй, усны урсгал зөөлөн таатай газраа олох хүртлээ нүүдэллэсээр байдаг аж. Туул голд минж нутагшвал усны урсгал тасарч ширгэх аюул нүүрлэхгүй гэдгийг тус төвийнхөн онцлон хэлж байлаа. 
Хүний хийж чадахгүй бүтээн байгуулалтыг минж хийж чаддаг
 Минж нь амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг дээд зэргээр хангадаг хамгийн сайн “байгалийн инженер” юм. Тодруулбал минж голын эрэгт суваг татаж далан барьснаар усны урсцыг удаашруулдаг. Тухайн хэсгийн газарт ус чийгийн хангамж нэмэгдэж намаг балчиг үүссэнээр бусад усны амьтад, бичил биет үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Мөн минж хүний хийж чадахгүй бүтээн байгуулалтыг хийж чаддаг аж. Жишээ нь усны урсацыг тохируулах, гүний усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг хамгаас чухал ажлыг хийдэг.  Ингэж минж тухайн голын экосистемд байгалийн жамаар, алгуур нөлөө үзүүлдэг ач тустай амьтан юм. Нийслэлийн байгаль орчны газрын биологич Б.Тэнгис  “Туул голын бохирдол их, зарим хэсгээрээ усны урсац бага, урсгал тасардаг учраас Туул голд минж нутагшуулахаар ажиллаж байна. Минжний амьдралын хэвшил нь экосистемд эерэгээр нөлөөлдөг, голын урсацыг байгалийн аясаар сайжруулдаг ач холбогдолтой. Туул голд минж амжилттай нутагшиж үүргээ гүйцэтгэж эхэлвэл усны түвшин ихсэж,  голын экосистем сэргэнэ. Байгальд байгаа минжийг харах, судлах нь хүндрэлтэй байдаг. Учир нь минж шөнийн идэвхитэй амьтан учраас өдөр харагдахгүй. Бид мэрсэн мод, далан зэрэг ул мөрөөр нь энд минж амьдарч байгаа юм байна гэж тодорхойлдог” гэв. Мөн минж загас үржүүлэгчийн ажлыг давхар гүйцэтгэдэг байна. Минжний мэрж цэвэрлэсэн модны тайрдас голын эргээр элбэг байдаг. Энэ нь загас жараахай хоргодож үржих таатай орчин болдог байна. 

Минж мод сүйтгэдэг гэдэг нь ташаа ойлголт

Хүмүүсийн дунд минж навчит модыг тайраад дуусгачихдаг, мод бут сүйтгэдэг, минжтэй газар модгүй болдог гэсэн ташаа ойлголт байдаг. Гэтэл эсрэгээрээ минж “байгалийн цэцэрлэгч” юм. Минжний тайрсан бургас, улиас зэрэг навчит модны иш, мөчир илүү олон салаалж сагсайн ургадаг байна. Тус төвийн минжнүүд бүлээрээ нэг үүрэнд байрладаг ба үүр болгонд бургасны сагсгар мөчир тавьсан харагдана. Үүнийг тэндхийн хүмүүс “ажлын мод” гэнэ. Учир нь минж мэрэгч амьтан учраас үргэлж мод мэрж шүдээ ирлэж байх ёстой байдаг аж. Минж маллагч Т.Ганзориг “Манай төвд нийт долоон бүл буюу нийт 40 гаруй минж байгаа. Минж бүлийн зохион байгуулалтаар амьдардаг. Зулзагыг нь дүдэр гэдэг бөгөөд хоёр нас хүрээд “тусдаа гардаг”. Эр минж шинээр төрсөн дүдрүүддээ зориулж шинэ холтсоор хуурай хэвтэр засаж, өөрөө долоож цэвэрлэдэг маш халамжтай “аав”. Бид минжнүүдээ бургас, алим, улаан буудай, луувангаар хооллоно. Алим луувангаа усандаа угааж харалсан муудсан хэсгийг нь мэрээд хаячихдаг, маш цэвэрч амьтан. Манай хашаан дотор олон бургас тарьсан байгаа нь минжнүүдийн маань хоол шүү дээ” хэмээн ярьсан юм. 
Минж нутагшуулах үржүүлэх төсөл хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот орчим дахь биологийн төрөл зүйлийн нарийвчилсан судалгаатай болж байгаа аж. Ингэснээр биологийн төрөл зүйлийг хамгаалах, үржүүлэх, зөв зохистой хэмжээнд байлгах зэргээр цаашид олон төрлийн үйл ажиллаагаа явуулахад тустай юм. Минж нутагшуулах нь байгалийг байгалийн аргаар нь нөхөн сэргээх хамгийн оновчтой арга зам юм. Судлаачдын дүгнэснээр доод тал нь 100 тоо толгой минж нутагшин үүргээ гүйцэтгэж байж үр дүн гардаг болохыг тодорхойлсон байна. “Инженерүүд” амжилттай нутагшвал хүн ардын ундаа болсон Туулын ус мяралзан урсаж, ширгэх тасрахын аюулаас холдох юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.7  БААСАН № 151 (6376)