-Тэрээр баяр наадмын дараагаас буюу нэг сар орчмын хугацаанд олон нийтийн өмнө гарч ирээгүй-

Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг хэсэгтээ л ард түмэндээ харагдсангүй.  Баяр наадмаас хойш гэж тооцвол сар орчмын хугацаанд сураггүй байв.  Харин өчигдөр гэнэт гарч ирлээ. Шинэхэн аваргад баяр хүргэж, хамт авахуулсан зурагтайгаар албаны мэдээ шидэв.  Түүнд санаа зовниж байсан хүмүүс “Сайдын нүүр, нүд, зүгээр байна” хэмээцгээж байна.   Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт цохиулсан гэх мэдээлэл тараад байв.   Д.Сумъяабазар гишүүний зүгээс тэр дор нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, няцаасан.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон тэр зүгээс ямар нэгэн тайлбар хийлгүй таг чиг болсон.  Мөн Ерөнхий сайд маань сар гаруйн хугацаанд “гэрээс гараагүй”. Тэгэхээр тухайн мэдээлэл нь зүгээр ч  тарчихаагүй байж болох юм. 
Нөгөө талаар аливаа улс орны гүйцэтгэх засаглалын тэргүүн гэнэт сураггүй болдог байж болохгүй.  Олон нийтийн анхаарал, овоо хараан дор ажиллаж, амьдрах учиртай.  Олон улсад гэхэд цөмийн зэвсэгтэй орнуудын төрийн тэргүүн нарт нэг хоног ч олны анхаарлаас ангижрах эрх байдаггүй.   Манай улстөрчдийн үлгэрлэн дуурайх дуртай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг гэхэд 2016 онд дэлхийн хэвлэлүүд хайж байв.  Ердөө тав, зургаахан хоног олон нийтийн нүдэнд харагдаагүй  байхад л  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олны нүдэнд харагдахгүй байна хэмээн шуугиж байсан.  Төлөвлөгдсөн олон уулзалт, арга хэмжээнүүдээ цуцалжээ.  Алтайн хязгаарт хийх аялал жуулчлалын уулзалтаа хойшлуулсан  байна. В.Путины туслах түүнийг томилолтоор яваа гэж мэдээлсэн гэнэ” хэмээн мэдээлж шуугицгааж байлаа.  Мөн түүнийг олон нийтийн дунд нас барсан, өвдсөн, эрх мэдлээ алдсан, нууц бүсгүй нь төрсөн, тэр ч байтугай залуу харагдахын тулд пластик мэс засалд орсон гэсэн цуурхал тарж байсан гэдэг.  
Мөн саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг өвөг эцэг, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийг мэндэлсэн өдрийн арга хэмжээнд оролцолгүй 11 өдөр болоход дэлхий шуугив. Хэвлэлүүдээр түүнийг мэс засал хийлгэсэн, биеийн байдал нь маш муу байгаа, эсвэл бүр нас барсан байх магадлалтай, дараагийн удирдагч хэн бэ гэх яриа ч цацагдаад байв. 
Тэгэхээр улс орны удирдагч нар хэдхэн хоног олон нийтэд үзэгдэхгүй байхад л үймж шуугиж байна. Харин манай Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг сар орчмын хугацаанд царайгаа ч харуулахгүй таг алга болоод өчигдөр л гарч ирэв. Ерөнхий сайд яагаад үзэгдэхгүй байсан юм бол!?

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин  2020.8.5  ЛХАГВА № 149 (6374)