Д.НЯМ
Бөхийн “Увс нуур” галын гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбуутай уулзаж, монгол бөхийн хөгжил, бөхийн галуудын үүрэг оролцоо, нутгийн бөхчүүдийн ололт амжил гэсэн сэдвээр хөөрөлдөв.
-Та сайхан зуншиж байна уу. Танай бөхийн гал үзүүр түрүү аваад сайхан наадлаа. Таны хувьд, “Увс нуур бөхийн гал”-ын гүйцэтгэх захирлаар олон жил ажиллаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд наадмын үзүүр, түрүү танай галаас олон тодорлоо. Үүний нууц юунд байна вэ?
-Сайхан наадам боллоо. Сайхан ч зун болж байна. Юуны өмнө “Зууны мэдээ” сонины уншигч, Монголынхоо ард түмэнд Бөхийн “Увс нуур” галынхаа удирдлага, бөхчүүдийнхөө өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэж, амар амгаланг нь айлтгаж байна. Нууц гээд байх ч юу байх вэ. Гэхдээ эвтэй байхдаа хүчтэй гэдэг биз дээ. Манай бөхийн “Увс нуур” галыг 1990-ээд оны сүүлээр алдарт дархан аварга Х.Баянмөнх санаачилж, бөх сонирхогч нутгийн олон түмнийхээ дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулж 20 гаруй жил ажиллаж байна. Ер нь бөхийн галын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн амжилттай явуулахад олон хүчин зүйл нөлөөлдөг шүү. Удирдлага, зохион байгуулалт, хандив тусламж, хөрөнгө санхүү олох, багш дасгалжуулагчийг сонгож ажиллуулах, бэлтгэл сургуулилт хийх заал танхимаар хангах, бусад орчин, нөхцлийг бүрдүүлэхээс гадна бөх болох хүүхэд залуучуудыг судлах, сонгож авах, бэлтгэлд хамрагдаж байгаа бөхчүүдийн өөрсдийнх нь хичээл, зүтгэл, сахилга хариуцлага гээд олон зүйлийг ярьж болно. Энэ цаг үед үндэсний бөх хөгжихөд бөхийн галуудын идэвхтэй үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байхаа.
-Увсын бөхчүүдийн эв нэгдэлтэй бүлэрхүү зан чанар нь үүнд нөлөөлсөн болов уу гэж харагддаг?
-Монгол үндэстний олон зуунаар өвлөн ирсэн агуу их түүх, өв соёлоо энэ цаг үед тээж яваа бөхчүүд маань харилцан бие биенээ таньж мэдэх, үерхэж нөхөрлөх, ёс жудгаа сахих, эрэмбэ дараагаа хүлээн зөвшөөрөх, өөрөөр хэлбэл эрхэм үнэт зүйлээрээ баг хамт олон болж нэгдэн хөдөлмөрлөж чадсан нь энэ олон амжилтын үндэс болсон гэж үзэж байна даа.
- Увс аймгаас хэдэн наадмын түрүү авч, хэдэн аварга төрсөн бэ. Нутгийн бөхчүүдийнхээ амжилтаас танилцуулаач?
-Увс нутгаас төрсөн аварга, арслангууд, гарьд заанууд, харцага, начингуудын маань уран сайхан барилдаанаараа олон түмнийгээ баясган цэнгүүлсээр ирсэн үе үеийн домог түүхтэй, алдарт бөхчүүдийнхээ бахдам сайхан амжилтуудаар бид бахархахгүй байхын аргагүй юмаа.
Манай аймгийн бөхчүүд чинь Ардын хувьсгалын ойн баяр наадмуудад харьцангүй хожуу барилдаж эхэлсэн түүхтэй юм билээ. 1960-д оноос өмнө тав, зургаан бөх л ирж барилдаж начин цол хүртсэн байдаг түүхэн баримтууд байна. Увсын бөхчүүд улсын наадмын 17 түрүү авсан амжилтыг одоогоор үзүүлээд байгаа. Манай аймгаас дархан аварга нэг, аварга дөрөв, арслан гурав, гарьд хоёр, заан зургаа, харцага тав, начин цолтой 40 орчим бөхчүүд төрсөн.
-Ер нь бөхчүүд талцаж, хуваагдах нь цаашдын амжилтанд сөрөг үр дагавартай гэдэг нь ажиглагддаг. Үүнийг та хэрхэн хардаг вэ?
-Талцал хуваагдал нь хувь хүний амжилтад нөлөөлөлгүй яах вэ. Би таньтай санал нэг байна, ер нь олон талын хор уршигтай. Монголчууд бид чинь бөхөө дээдэлдэг ард түмэн шүү дээ. Зарим бөхчүүд ёс жудаггүй зан авир гаргах, олны хайр хүндэтгэлд ташуурах, харилцан бие биедээ хүндэтгэлгүй ханддаг явдалаа засч залруулах нь чухал бөгөөд, олон түмэндээ үлгэр дуурайлал үзүүлэн, эв нэгдэлтэй байх нь тэдний амжилтын үндэс бололгүй яахав дээ.
-Галынхаа бөхчүүдийн багш, дасгалжуулагчид, бэлтгэл сургуулилтынхаа талаар яриач?
-Бөхчүүдийг амжилтад хүргэх олон хүчин зүйлүүдийн нэг нь багш, дасгалжуулагчдын арга ажиллагаа шүү дээ. Тухайлбал, шавиа хэрхэн таньж, бөхийн замд хөтлөхөөс л эхэлдэг байх. Тэдний мэдлэг, боловсрол, арга, туршлага, нэр хүнд, амжилт, харилцаа хандлага, сахилга хариуцлагаас бөхчүүдийн амжилт шууд хамаардаг гэж боддог. Гэхдээ багш болгон өөрийн гэсэн арга барилтай. Мэдээж үндэсний бөхийн уламжлал дээрээ түшиглэн шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл, сургуулилтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтэд нь галын удирдлага, зөвлөх багш нар хяналт тавьж ажилладаг.
Манай галын хувьд дархан аварга Х.Баянмөнх маань зөвлөх багшаар олон жил ажиллаж байна. Мөн галын ахлах дасгалжуулагчаар аварга О.Балжинням, арслан Б.Ганбат, гарьд Б.Гантогтох, заан Ж.Ганболд, Д.Бумбаяр, О.Одгэрэл, МУ-ын гавъяат тамирчин, аймгийн арслан Г.Жамсран болон тэдний туслахууд гээд олон сайн багш нар ээлж дараагаар идэвх зүтгэлтэй сайн ажилласаар байгаа.
-Увсын бөхийн галын тогооч 20 шахам жил наадмын бэлтгэлд та бүхэнтэй хамт ажиллажээ. Энэ ч үүднээс бөхийн амжилтанд арын алба гэдэг гол тулгуур нь болдог байх?
-Тэгэлгүй яах вэ. Манай галын үйл ажиллагаа, бөхчүүдийн маань амжилт олон хүчин зүйлээс шалтгаалдаг болохыг би дээр дурьдсан. Бөхөд элэгтэй, сэтгэлтэй, олон хүмүүсийн дэмжлэг, туслалцаа, сэтгэл зүрх, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн энэ амжилтыг дагуулж байгаа юм аа. Үүний нэг нь олон жил нэг баг болон хамтран ажиллаж байгаа арын албаныханы ажил үйлс юм. Тухайлбал, “Билэг Шүтээн” амралтын хамт олны ажил үйлчилгээ, Монгол Улсын мастер тогооч Б.Дэлгэрээр ахлуулсан мэргэжлийн багийн шинжлэх ухааны үндэстэй, стандартад нийцсэн уламжлалт, эрүүл хоол, хүнснээс бөхчүүд маань эрч хүчээ авдагт оршдог биз ээ.
-Энэ жил цар тахалтай холбоотойгоор наадмыг үзэгчгүй зохион байгууллаа шүү дээ. Ийм онцлог нь бөхчүүдийн сэтгэл зүйд нөлөөлсөн болов уу?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахал монголчууд бидний ажил амьдралд сөргөөр нөлөөлсөөр л байна. Тухайлбал манай галын хувьд хууль тогтоомжийг мөрдөж, хорио цээрийн дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Цар тахалтай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш үндэсний бөхийн өдөр тутмын бэлтгэл бараг хийгдээгүй. Харин улсын баяр наадам тэмдэглэх тухай албан ёсны шийдвэр гарсны дараа бөхчүүд маань наадмын цугларалтандаа гарч, бэлтгэлээ ханган, баяр наадамдаа зодоглосон. Монгол үндэсний их баяр наадам, үндэсний бөхийн барилдааныг үзэгчгүйгээр хийнэ гэдэг нь бөхчүүд төдийгүй олон түмний сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэвч монголчууд бид дэлхийг хамарсан цар тахлын үед Үндэсний их баяр наадмаа онцгой нөхцөл байдалд тэмдэглэн өнгөрүүлж, түүх соёл, эрийн гурван наадмаараа Үндэсний шинэ контентыг бий болгож, дэлхий нийтэд Монголоо сурталчилж чадлаа шүү дээ.
Манай галын бөхчүүд ч сайн барилдаж, Улсын арслан П.Бүрэнтөгс маань түрүүлж Улсын аварга цол хүртэж, 2014 оны түрүү бөх Н.Батсуурь аварга маань сүүлийн гурван жил дараалан үзүүр түрүүнд үлдэж, бахдам сайхан амжилтууд гаргалаа. Аймгийн арслан Ц.Мөнхбаяр маань амжилттай сайн барилдаж, тав даван шөвгөрч улсын цолтоны эгнээнд багтлаа.Энэ дашрамд бөхийн “Увс нуур” галын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байдаг хүмүүстээ галын удирдлага, бөхчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
-Монголын Үндэсний Бөхийн Холбоо, өнөөгийн бөхийн хүрээнд болж байгаа асуудалд таны байр суурийг сонсвол?
-Бөхийн галын ажлыг олон жил хариуцаж, бөхчүүдтэй ойр байдаг, бас бөхөд дуртай, сэтгэлтэй хүний хувьд хэлхэд сүүлийн жилүүдэд бөхийн хүрээнд болж байгаа үл ойлголцол, талцал хуваагдал нь хууль дүрэм, журмаа биелүүлдэггүй, төр, түмэн олноо хүндэлдэггүй зарим нэг ухамсаргүй хүмүүсээс болж монгол бөхийн нэр хүнд унасаар л байна. Олон түмний хайр хүндлэл, итгэлийг гээнэ гэдэг харамсаад баршгүй. Бөхчүүд маань бусад үндэстнээс ялгарах олон зууны түүхтэй агуу ард түмний соёлын өвийг тээгчид гэдгээ дээд зэргээр ухамсарлан, түмэн олны тус дэм, итгэл хүндлэлийг дааж, төр ард түмний бат холбоо болж явдгаа гойд анхаармаар санагддаг. Тэгээд ч үндэсний бөхийн нэр хүнд, цолны дархлаа, ёс жудаг, үнэт зүйлийг өндөрт өргөж явах нь бөхчүүдийн үүрэг юм шүү дээ. Тийм ч учраас би ярилцлагынхаа эхэнд бид эвтэй байхдаа хүчтэй гэж онцлон хэлсэн. Бөхчүүд маань эв нэгдэлтэй байж монгол бөхийн босоо цагаан хийморь нь өнө мөнхөд ивээж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.4 МЯГМАР № 147 (6372)