Б.ДАМДИН
Ерөнхий сайд С.Баяр хэдхэн хоногийн өмнө АНУ дахь долоон хаусныхаа асуудлаар шүүхээс хорих ялаар шийтгүүллээ. Үүнтэй давхцаад “...БНСУ-ын Ганнам дүүрэгт гурван хаустай сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газарт ажиллаж байна” гэсэн мэдээлэл тарлаа.
Хэвлэл, олон нийт “...Тэр сайд хэн бэ” гэсэн таамгийг дэвшүүлцгээж байна. “...Би”, эсвэл “...Би биш” гээд хэн нэгэн сайд гарч ирсэнгүй.
Тэгж байтал БНСУ-ын нэр бүхий мэдээллийн сайтууд ч “...Монголын нэг сайд энэ дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг” гэж мэдээлээд эхэллээ. Зүс царай, нэр усыг нь “зүглүүлсэн”, ямар хамааралтай, хэнээрээ дамжуулж уг хауснуудыг худалдаж авсан бэ гэдгийг ч мэдээлсэн юм даг уу даа.
Юутай ч бидний эх сурвалжийн мэдээллээр, тэр сайд одоогийн Засгийн газарт ажиллаж байгаа нь үнэн бололтой. Түүнчлэн уул уурхайн асуудалтай нэр холбогдож, хууль хүчний байгууллага тэр хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, уул уурхайн ордын асуудалтай нэр холбогдсон сайдын асуудлыг мөрдөн шалгах үеэр БНСУ-ын Ганнам дүүрэгт худалдаж авсан гурван хаус нь илэрсэн байж болзошгүй байна.
БНСУ-ын Ганнам дүүрэг бол амьжиргааны хувьд хамгийн өндөр өртөгтэй, товчоор хэлэхэд баячууд нь амьдардаг. Тэнд орон сууц худалдаж авна гэвэл нэг м.кв нь ойролцоогоор 15 мянган ам.долларын үнэтэй. Тэр нь монгол төгрөгөөр бол 40 гаруй сая төгрөг болно. Монголд 40 гаруй сая төгрөгөөр хоёр өрөө байр ч худалдаж авах боломжтой. Нэг айлын амьдрал шийдэгдчихнэ.
Тэгвэл эрхэм сайдын Ганнам дүүрэг дэх нэг хаусны өртөг нь 600 орчим мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэх мэдээлэл байна.
Мэдээлэл нь ийм тодорхой болж байгаа учраас удахгүй улс дамнаж өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн сайдын нэр ч тодрох буй за. Харин сайд тэр хөрөнгийнхөө эх үүсвэрийг хэрхэн тайлбарлах нь сонин байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31 БААСАН № 146 (6371)