Ч.ОЛДОХ
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж, ХНХЯ-ны мэргэжлийн боловсролын сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа нартай санал солилцож, үүрэг чиглэл өглөө.
Тэрээр цар тахлын үед ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ орлоготой байлгах нь чухал байгааг уулзалтын эхэнд онцолсон.Мөн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг "Ковид19"-ийн хорио цээрийн үед хэрхэн ажиллуулах тухайд өөрийн саналыг хэлсэн. Тухайлбал, гэр хорооллын дэд бүтцийн ажилд тухайн дүүрэг хороодын ажилгүй байгаа иргэдийг сургалтад хамруулж, мэргэшүүлж ажиллуулах боломжтой гэж эрхэм гишүүн үзжээ. Иймд МСҮТ-ийг халдваргүйжүүлэлт, дэглэмийг барьж хагас өдрөөр хичээллүүлэх асуудлаар УОК-т ямар санал өгөх. Мөн удахгүй ээлжит бус чуулган хуралдах гэж байгаатай холбоотойгоор шаардлагатай төсөв хөрөнгө болон бусад зүйлийг судлахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Боловсролын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дунд МСҮТ-ийн үйл ажиллагаа хаягдахгүй ёсгүй, хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг салбарын сайдад сануулсан юм. Цаашид нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ-ийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахад онцгой анхаарч ажиллана. Ойрын үед тус салбарын багш, ажилчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсоно гэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэргэжлийн боловсролын салбарын багш нарыг сургах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн стандартуудыг бий болгох асуудал байгааг дурдлаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгох замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах юм. Нийгмийн бодлогын байнгын хороо бодлогын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах болно гэдгээ Байнгын хорооны дарга уулзалтын төгсгөлд онцоллоо.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.29 ЛХАГВА № 144 (6369)