Б.ГАРЬД
Батлан хамгаалахын сайдаар хэдхэн сар ажиллаад баахан хэл амтай бууж байсан Ж.Энхбаяр өдгөө УИХ-ын гишүүн. Түүнийг анд хорхойтой, гайгүй сайн бууддаг тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл, генерал аавын буянаар буудах эрдэмд гайгүй сайн суралцсан гэдэг. Эр хүний хувьд сонирхож болох ажил ч хууль зөрчин байж өөрийгөө зугаацуулсан тухай таагүй мэдээлэл бидэнд ирлээ.
Тэрээр 2012 оны аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид хулгайгаар ан хийжээ. Хоёр өдрийн турш нисдэг тэргээр ой дээгүүр эргэлдэн, ан хийжээ. Тус бүсийг хариуцдаг байгаль хамгаалагч нь Ж.Энхбаярын ан хийж зугаацаж буйг мэдсэн ч мориноос өөр унаагүй тул алсаас дурандан ажигласан байна. Мөн тухайн үед Минжийн рашаанаар биеэ эмчлэхээр очсон хүмүүс Ж.Энхбаяр 34 удаа буудаж, онгоцоо дөрвөн удаа газардуулсан тухай ярьж байна. Мөн хамт явж байсан Улсын заан Б.Соронзонболд агнасан гахайг нь өргөж байгаад зургаа татуулж байсан гэнэ. Юутай ч хоёр гахай, өөр ямар ан агнасныг нь тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.Түүнчлэн эрхэм гишүүнтэй хамт Мөнгөнморьтын харьяат эрхэм хамт явж газарчилж өгчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалах яамны онгоцоор ийн зугаацаж явсан гэнэ.
Энэ мэдээллийг сонсохул, өмнө нь олонтаа дуулдаж байсан ердийн нэг зугаацал. Гэвч энэ нь Монгол Улсын олон хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний гэмт хэрэг ажээ. Өмнөх засгийн үед ингэж дураараа зугаацаж, хуулийг уландаа гишгэж байсан явдал дуусгавар болж буйг Ж.Энхбаярын үйлдлийг хэрхэн шийдэхээр хуулийн байгууллага харуулах болох нь. Учир нь түүнд холбогдох хэргийг шалгуулахаар холбогдох байгууллагаас цагдаагийнханд хандаж байгаа ажээ.