Б.НЯМСҮРЭН
“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) олон улсын байгууллага болон дэлхийн 2000 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран технологийн компаниудад хандан хариуцлагатай сэтгүүл зүйн төлөөх уриалгыг гаргаад байна. “Зууны мэдээ” сонин олон улсын сэтгүүл зүйн итгэлцлийн JTI санаачилгад нэгдсэн Монголын анхны хэвлэл мэдээлллийн хэрэгслийн нэг болохын хувьд энэхүү уриалгад нэгдсэн 190 байгууллагын нэг болсноо зарлахад таатай байна.
Олон улсад танигдсан “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллага болон бусад хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд хамтран дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг технологийн томоохон компаниудыг цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан хариуцлагатай сэтгүүл зүйг дэмжих нээлттэй захидал илгээж байна. Ингэснээр JTI стандартыг хангасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих, олон нийтэд таниулах, уншигч үзэгчдэд илүү баталгаатай, найдвартай мэдээллийг хүргэх чухал алхам болохыг онцлон тодотгож байгаа юм. Энэхүү нээлттэй ил захидлыг хүргэе.
Бид, 2000 мэдээллийн хэрэгсэл технологийн аваргуудыг уриалж байна
Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгыг хүлээн авах тухай
Өнөөгийн мэдээллийн замбараагүй байдлаас шалтгаалж нийгэмд худал мэдээлэл газар авсаар байна. Хүмүүс ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэхээ мэдэхээ больж, олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай редакцууд санхүүжилтгүйн улмаас “амьсгал хураалаа”. Энэхүү шуурга мэдээллийн орон зай, олон нийтийн хэрэгслийн чанарт онцгой нөлөөлөөд зогсохгүй дэлхий даяарх ардчилалд аюул учруулах боллоо. Гэхдээ энэ бүх хямрал шинэ зүйл ч биш, бас залруулах боломжтой асуудал юм. Учир нь энэ асуудлуудыг шийдэх 2000 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгтгэсэн Итгэлцлийн санаачилга гэж бий. Олон нийтийн сэтгүүл зүйд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг энэ стандартыг ил тод байдлыг хангасан, мэргэжлийн бөгөөд, ёс зүйтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олгодог. Тиймээс ч дэлхий нийтээр хэвлэл мэдээллийн хээргслүүдийг энэ санаачилгад нэгдэхийг уриалдаг.
Бидэнд юу тулгараад байна вэ?
Хуурамч мэдээлэл тараах, олон нийтийн итгэл үнэмшил буурах, редакцийн санхүүгийн дарамт зэрэг олон янзын сорилт сэтгүүл зүйд бодитоор тэр тусмаа онлайн орчинд идэвхтэй өрнөж байна. Эдгээр сорилт бэрхшээлүүд зөвхөн мэдээллийн хэрэгсэлд аюул учруулаад зогсохгүй дэлхий нийтээрх ардчилалд аюул учруулах боллоо. Ялангуяа эдийн засгийн чадавхи суларч байгаа нь хамгийн их анхаарах ёстой асуудал боллоо. Интернэт үнэ төлбөргүй мэдээлэл өгдөгөөрөө давуу талтай ч үүний ард аюултай, найдваргүй сувгууд ч бас нуугдаж байдаг. Мөн дэлхий нийтээр зар сурталчилгааны урсгал технологийн платформ руу шилжсэнийг бид бүгд харж байна. Тиймээс мэргэжлийн редакцууд амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Эдийн засгийн энэхүү эмзэг байдал нь эргээд сэтгүүл зүйн бүтээл чанараас илүү тоо руу шилжих аюулыг бий болгож байнөа. Чанартай контент бүтээх үйлдвэрлэх чадвар өдөр өдрөөр хомсдож байна. Үүний зэрэгцээ янз бүрийн дайралт, хавчин шахсан нөхцөл байдал ч байсаар байгааг хэлэхгүй байж болохгүй. Үүний зэрэгцээ ихэнх алгоритмууд хэрэглэгчдэд хэрэгтэй, мэргэжлийн сэтгүүл зүйн эсрэг сенсаац хөөсөн, хуурамч болон төөрөгдүүлсэн мэдээлэлд илүү их хөтөлж, олон нийтийн сүлжээг илүү идэвхжүүлэх боллоо.
Хуурамч мэдээний тоо нэмэгдэж, улс төрийн туйлшрал ихэссэн нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлийг сулруулсаар байна. Энэхүү итгэлцлийн хямрал зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт хор хөнөөл учруулдаггүй, үүнээс ч илүү уршиг дагуулахуйц иргэдийг найдваргүй мэдээллийн далайд төөрүүлж орхидог.
Үүний шийдэл юу вэ?
Хил Хязгааргүй сурвалжлагчид байгууллага энэхүү үл итгэлцлээс сэргийлэх JTI буюу Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга болох стандартыг бий болгосон. 130 гаруй мэргэжлийн сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид, шинжээчид, технологийн мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан JTI санаачилгыг бий болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэргэжлийн тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг тавих болсон. Бидний бусдаас ялгарах гол онцлог бол найдвартай мэдээллийг сурталчлах, худал ташаа мэдээллийг олон нийтэд таниулах зорилготой. Ингэснээр үзэгч, уншигч технологийн платформууд ч аль нь найдартай жинхээн болит эх сурвалж юм бэ гэдгийг олж мэдэх боломжтой болно. Ингэж найдвартай эх сурвалжийг эрэмбэлэхдээ мэргэжлийн болон ил тод байдлын маш сайн шалгуур тавьдаг, хөндлөнгийн аудитаар давхар шалгадаг. JTI бол зүгээр нэг шошго биш, тодорхой нотлох баримтаар баталгаажсан найдвартай хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн гэдгийг илтгэдэг.
Цаашид яах нь танаас хамаарна
Бидэнд JTI санаачилга буюу шийдэл байгаа хэдий ч энэ шийдлийн боломж бүрэн ашиглагдахгүй хэвээр байна. Тиймээс танай платформ энэхүү боломжийг бий болгох гол газар байх ёстой.
Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын боломжууд бүрэн ашиглагдаж чадахгүй хэвээр байна. Хэрэглэгчдийн хайлтын үр дүнд JTI-р баталгаажсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг түрүүлж харагдах байдлаар эрэмбэлснээр худал мэдээллийг таслан зогсоох, эх сурвалж нь найдвартай, чанартай мэдээлэл бодит хэрэглэгчдэдээ хүрэх боломж бололцоо бий болно. Алгоритм ба зохицуулалтын системээр дамжуулан чанартай хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллүүдийг эрэмбэлж системчлэх хэрэгтэй.
Нийгмийн сайн сайхны төлөө, ардчиллын тулгын чулуу болсон мэдээллийн аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй.
Мэдээллийн орон зайн төөрөгдөл, эмх замбараагүй байдал гэдэг бидний хурууны үзүүрт байдаг учраас маш болгоомжтой хандах хэрэгтэй.
Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцож, хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байхыг хүсч байна.
Найдвартай мэдээллийг сурталчлахад тэргүүлж, онлайн платформоор дамжуулан найдвартай эх сурвалжуудыг илүү олон хүнд түгээхэд анхаарах
Бид хамтдаа найдвартай хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг урамшуулан дэмжсэнээр мэдээлэлтэй, ардчилсан нийгмийн ирээдүй та бидний энэ бүхнээс шалтгаална.
Тиймээс хариуцлагатай, найдвартай, итгэл төрүүлсэн сэтгүүл зүйн төлөө та бидэнтэй хамтран ажиллана уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 78 (7575)