Д.НАДМИД
Улсын их баяр наадам болж өнгөрөөд бараг сар болж байна. Энэ жилийн наадам үзэгчгүй болсны учир юм уу сэтгэл огшоох, бахархал төрүүлэх юмаар багахандаа тэрүү хүмүүс дурсан ярих нь тун бага. Наадмын бөх л дөнгүүр болсон гэх хүн олон. Шинэ аваргатай, заантай, харцагатай, долоон ч шинэ начинтай гээд бодохоор тэр байх. Ингээд наадмын дараа бөхчүүд юу ярьсныг сонирхоно уу.
Монгол Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс:
-Би 2010 онд улсын наадамд аймгийн арслан цолтой байхдаа анх түрүүлж улсын цолтой болж байсан даа. Тэгвэл найман жилийн дараа дахин түрүүлж Монгол бөхийн дээд аварга цолыг хүртлээ. Намайг түрүүлээсэй гэж хүлээж байсан олон хүний итгэлийг алдаагүйдээ баяртай байна. Дотны найз аварга Н.Батсуурьтайгаа үзүүр, түрүүнд үлдээд харгүй сайхан барилдсан. 1982 онд Баянаа аварга, арслан М.Мөнгөн нар улсын наадмын үзүүр түрүүнд үлдсэн амжилтыг давтлаа шүү дээ. Монгол бөх бол нэг талаар тулааны шинж чанартай гэж болох. Гэхдээ энэ нь дэвжээн дээр л үйлчлэх чанар. Амьдрал дээр бөхчүүд дотны найзууд. МҮБХ-ны хэдэн хүний ярьдаг шиг дайсагнал огт байхгүй. Ч.Санжаадамба аварга байхгүй бол би байхгүй гэсэн үг. Нэг үеийнхэн бие биеэ хүндлэхгүй бол яаж урагш ахих вэ. Аль аймгийнх ч бай хэн нэг нь байхгүй бол бидний барилдаан давсгүй хоолтой адил болно. Хоёр Мөнхийг хүмүүс хоорондоо муу гэж худал ярьдаг байсан. Хоёр биенээ үгүйлэхийн дээдээр үгүйлдэг сайхан хүмүүс л дээ тэд. Бид ч гэсэн тэдний насанд очиход "Санжаа минь, Пүрэвдагва минь" гэцгээж таарна шүү дээ. Бид Баянаа аваргынхаа үг, сургаалийг их дагадаг. Ер нь буурал аварга маань бидэнд ингэ, тэг гэж их тулгаад байдаггүй. Хувь хүний онцлогт нь тохирсон зөвлөгөө өгдөг. Үзүүрлэсэн жилээ би дөрөвт үлдчихээд Санжаадамба аваргыг заан цолтой байхад нь амлаж авсан. Хаясан. Ямар ам авсанаа Баянаа аваргад хэлэхэд:
-Аан за за. Зориг сайхан байдаг юм. Миний хүү хүссэнээрээ л барилд гэсэн дээ.
Тэр үг намайг ёстой "асааж" орхиж билээ.
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, улсын шинэ харцага Б.Бат-Орших:
-Энэ жил сайхан барилдаж Монгол Улсын харцага цол хүртлээ. Олон жилийн хөдөлмөр зүтгэлийн минь үр дүн. Улсын цолтны эгнээнд л багтахсан гэж бодож хичээж байснаас биш харцага болчихно гэж уг нь зориогүй л дээ. Дөрвийн даваанд хүчтэй харцага Д.Анарыг давчихаад л их зориг орсон. Тэгээд тавын даваанд Хөвсгөлийн их бяртай гэгдэх арслан Ц.Сандагдоржтой тунаж зургаад ноднин энэ Сандагдоржтой мөн тунаж барилдаад улсын начин болсон сийрэг сайхан барилдаантай Сэлэнгийн Б.Орхонбаярт амлуулж барилдаад давж үзэгчид тэр дотор нутгийн зон олноо баярлууллаа. Манай сумаас олон жил улсын цолтон төрөөгүй байсан. Энэ тасалдлыг эвдсэндээ баяртай байна. Бас Ламын гэгээний ногоон зодогтны удам гэдгээрээ бахархдаг.
Монгол Улсын шинэ начин О.Мөнх-Эрдэнэ:
-Энэ жил бэлтгэл тун сайн хангагдсан байсан болохоор өөртөө итгэлтэй барилдсан. Архангайн "Бөхбилэгт" дэвжээний галд гарсан. Манай галыг дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар ахладаг. Энэ галд дөрөв дэх жилдээ бэлтгэлээ базааж байна. Манай дэвжээнээс энэ жил улсын харцага байсан М.Бадарч цолоо ахиулж заан боллоо. Мөн аймгийн арслан Б.Зоригтбаатар маань улсын харцага цол хүртлээ. Улсын начин болсон нь би. Шинэ цолтон долоон бөхийн хамгийн залуу нь гэж 25 настайгаараа тодорч даага хөтөллөө. Сайхан хэрэг шүү. Бас тавын даваанд улсын хүчтэй аварга С.Мөнхбат намайг амласан. Нэг их цочирдоогүй, сандраагүй. Өөрийн биеийн онцлогийг зөв ашиглаад л барилдана даа гэж бодоод гарсан. Элдэвтэйхэн барилддаг аварга шүү дээ. Олон удаагийн мэхэнд нь үлдэж чадсан болохоор давна даа гэж бодсон. Тэгээд л барьц сонгоонд хүрч байж давсан. Урд нь би 2019 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болсон. Дөрвөн жил дараалан энэ аймгийнхаа баяр наадамд зодоглож байж түрүүлсэн юм шүү. 2019 онд бүх цэргийн наадамд барилдаж цэргийн харцага цол хүртэж байлаа. Чөлөөт бөхөөр 2011 оноос эхэлж хичээллэсэн. Барилдааны эх суурийг тавьж өгсөн хүн маань бол "Хангарьд" спорт хорооны дасгалжуулагч Н.Энхцогт багш. Улсын харцага Н.Саранцогтын төрсөн дүү нь л дээ. Тэр хүн.
Монгол Улсын заан Н.Жаргалбаяр:
-Би анх 2015 онд Улсын баяр наадамд барилдаад гурвын даваанд Д.Анарыг аймгийн арслан байхад түүнд унаж байлаа. Гэвч шантраагүй ээ. Тэр чигээрээ бэлтгэлээ хийж барилдсаар байгаад л 2018 онд улсны заан цолд хүрсэн дээ. Өмнө нь үе тэнгийн аймгийн дөрвөн арслан хоорондоо оноолт таарч хоёр нь улсын харцага болж байсан юм. Энэ жил Улсын баяр наадмын дөрвийн даваанд Завхан аймгийн харьяат, цэргийн арслан Т.Дүгэрдоржид тахимаа өгсөн. Зарим хүн өгөх гэж өглөө гэж бодсон байх. Тийм юм байхгүй ээ. Бөхийн нэг үед гарч ирж байгаа их барилдаанч залуу. Харин тавын даваанд Б.Гончигдамба багшаараа давж улсын цолд хүрнэ лээ. Миний хувьд намар гэмтсэний улмаас нэг хэсэг бэлтгэл хийгээгүй байсаар Цагаан сар дөхүүлээд хөнгөн бэлтгэл хийж эхэлсэн. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой гээд бодоход лав 1024 бөх барилдах болов уу. Тиймээс бэлтгэлээ сайн базааж, зовлогоо зовоосон шиг зовоох ёстой гэж өөртөө зорилго тавиад байгаа. Зорилготой байна гэдэг сайхан шүү дээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.28 МЯГМАР № 143 (6368)