Н.ДАЯН

Монголын театрын музейн сан хөмрөг буланд Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн “Гар бичмэл”-ийг онцолж байна. Тэрээр энэ дэвтэртээ өөрийн амьдралын дэлгэрэнгүй түүхийг бичиж , ар талаас нь залгуулан өөрийн бичснийг хүнээр дахин хуулуулж бичжээ. 63 хуудастай гар бичмэлийг Хувьсгалын музейн сан хөмрөгийн эрхлэгч Г.Жамъян 1975 онд эмхтгэсэн аж. Түүний энэ гар бичмэлийг дүү Д.Амаржаргалаас нь 1975 онд Хувьсгалын музейн сан хөмрөгт авч, 1990 онд  Монголын театрын музейд шилжүүлсэн байна. Гар бичмэлийг 2005 онд Боловсролын их сургуулийн багш Г.Даш гуай крилл үсэгт буулгаж Театрын музейн захирал Д.Цэдмаа, Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Амаржаргал нар товхимол болгон хэвлүүлж олон нийтийн хүртээл болгожээ.  


Гар бичмэлийн эхний хэсэгт “Би Архангай аймгийн Хану гэдэг газар 1910 онд малчин ард Дашзэвэгийн тав дахь охин болон төрж эцэг эхийн гар дээр өсөн бойжиж есөн нас хүрч хүний тоонд оролцон бидний амьдралын гол болох цөөн хэдэн малынхаа ажилд оролцох төдий болон ойр зуурын хурга, тугалдаа гүйж ажил амьдралаан эхлэн өсөж байсан үе билээ” хэмээн бичсэн байна.

 Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.27  ДАВАА № 142 (6367)