Л.ХЭРЛЭН 

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ЦЕГ-ын даргыг хүлээж авч уулзлаа.

Төрийн тэргүүн уулзалтын эхэнд ЦЕГ нь Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр улс төрийн байгууллагатай  адил ажилласан болохыг дурдаж, тус албаны үйл ажиллагаа хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээс хазайх ёсгүйг онцгойлон захив.

 ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд  өмнө нь  дэд даргаар ажиллаж байгаад дэвшин томилогдсон. Иймд  албаны үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа Ерөнхийлөгч энэ үеэр тэмдэглэв.

 Өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэг огт буурахгүй, харин ч хүрээгээ тэлж байгаад цагдаагийн алба онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч  үзэж байгаагаа онцлон хэлэв. Иймд энэ  төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил чухал үүрэг гүйцэтгэдэг тул  нийгмийг соён гэгээрүүлэхэд бүх түвшиндээ анхаарч ажиллах нь чухал байгааг захилаа.

 Түүнчлэн  өсвөр насныхны оролцож буй гэмт хэргийг бууруулахын тулд урлаг, спортын чиглэлээр тэдний идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх боломжоор хангах, спорт, урлагийн салбарын хөгжлийг бодлогоор дэмжих замаар тэмцдэг Ирланд, Норвег, Унгар болон бусад орнуудын туршлагаас судалж ажиллах чиглэлд холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтрахыг  Төрийн тэргүүний зүгээс ЦЕГ-ын даргад  санал болгосон юм.

  Өнөөгийн нийгэмд архидан согтуурах, түүнээс үүдсэн гэмт хэрэг гаарч, төрийн тусгай хамгаалалттай обьект болох Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан хэргийг цагдаагийн алба одоо хүртэл илрүүлж чадаагүй байгааг Ерөнхийлөгч  уулзалтын үеэр  санууллаа.

 ЦЕГ-ын даргын ажлыг саяхан хүлээж авсан Ж.Болдын хувьд дэд даргаар ажиллаж байсны хувьд салбараа сайн мэднэ. Дээр нь Төрийн тэргүүний захисныг үйл ажиллагаандаа анхаарч цааш ажиллана гэж үзвэл хар тамхины асуудалд онцгойлон анхаарч, өсвөр үеийнхнийг энэ тахлаас хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллага  ойрын үед ажлаа эрчимжүүлэх  бололтой. Түүний зэрэгцээ Төрийн ордонд төр, нийгмийн зүтгэлтэн амиа алдсан  хэргийг илрүүлэхгүй удаж байгаад ч онцгой  анхаарал хандуулах ньтодорхой болж баайна. Уулзалтад ЦЕГ-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нар оролцсон байна.

 

ЭХ СУРВАЛЖ: POLIT.MN