Б.ТУУЛ

XX зууны эхэн үед хамаарах энэ малгайг хилэн торго, даавуугаар хийжээ. Уг үзмэр нь Архангай аймгийн музейн фондод хадгалагдаж байна. Энэ нь эхнэр хүний малгай бөгөөд малгайн ур хийц нь нарийн бөгөөд чамин ажээ. Хар нарийн хилэн хэвсэгтэй, улаан цоохор торгон хуниастай, босоо оройтой, хойд сэтэрхийнээс унжсан саатай торгон хоёр давхар гоёлын унжлагатай мөн улаан утсан багц унжлагатай юм байна. Мөн хэвсэгний гол дунд мөнгөн утсаар хөөж хийсэн зэндмэн буюу норовтой, малгайн оройд улаан, цагаан шилэн сампин зангиджээ. Зэс дээр түрхэцтэй юм шиг хоёр салаа чимэглэл, сампингийн суурьтай. Малгайны нийт жин 365 гр ажээ. 
Энэ малгайг 1968 онд Цэцэрлэг хотын иргэн Буянхишигээс анх музейн цуглуулгад тухайн үеийн музейн эрхлэгч Дамбийням худалдан авч байсан аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24  БААСАН № 141 (6366)