Ч.ҮЛ-ОЛДОХ 

 

АН-ын гишүүн Ч.Чулуунцэцэгтэй ярилцлаа.

 

-Таныг УИХ-ын  2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж  байсан талаар ярилцлагаа эхэлье. Та яагаад намаасаа нэр дэвшээгүй юм бэ? 

-Юуны өмнө АН хоёр удаагийн ээлжит  сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээж  намын гишүүдийн итгэл сэтгэл гундаж эхэлсэн ийм үед АН-ын гишүүнээс ярилцлага авч байгаа танай сонины хамт олонд баярлалаа.

Саяын сонгуульд та  яагаад намаасаа нэр дэвшээгүй юм бэ. Зарим нь  бие даагчид санал хуваах гэж оролцлоо гэж  ярьж байна. Хэвлэлийнхэн болохоор “Та бол гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, боловсролын талаар байр сууриа илэрхийлж олон нийтэд танигдсан. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багшийн хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. Одоо намаа шинэчлэх талаар шүүмжлэл өрнүүлж байна, энэ талаар ярилцъя” гэж их  асууж байна. Мэдээж хүн болгон аливаа ажлыг  зорьж, бодож,  төлөвлөж хийдэг. Би ч гэсэн  өөртөө тодорхой зорилго тавьж, улс төрийн хувьд шийдвэр гаргаж энэ удаагийн сонгуульд оролцсон. Би сонгуульд оролцохдоо шийдвэр гаргах түвшинд өөрийн дуу хоолойг хүргэе, УИХ-ын гишүүн болчихъё гэж ороогүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл тийм боломж байхгүй байлаа. Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдсан. Иймээс бие даагчид гарах боломжгүй. Бие даагч нар болон жижиг нам, эвслүүдээс нэр дэвшиж гарч ирэх ямар ч боломжгүй. Энэ  нь  МАН-ынхан олонхиороо хүч түрэн  Сонгуулийн хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр шинэ жилийн баяр цэнгэл дундуур өөрчлөн батлахад л тодорхой байсан. Томсгосон тойргоор явуулж байгаа сонгуульд бие даагч, жижиг нам, эвслүүд ороод амжилт бараг л гардаггүй, бараг тэг рүү тэмүүлдэг. Улс төрийн хоёр том нам өөрийн гэсэн хатуу гишүүнчлэл, дэмжигчидтэй. Хоёр нам дээд хэмжээндээ хүртэл өндөр рейтингтэй байхдаа аль аль нь 30 хувьд хүрч байсан. Нийт сонгогчдын 30 хувь нь МАН-ыг, 30 хувь нь АН-ыг дэмждэг болон гишүүнчлэлтэй байдаг байсан.

Үлдсэн хэсэг буюу улстөрчдийн нэрлэдэгчлэн саарал масс гээд байгаа нам бус, эсвэл өөр жижиг  нам, эвслийн гишүүд, сонгогчдын 40 хувийг эзэлж ирсэн.

Сая МАН, АН буюу МАНАН-г сонгохгүй гэсэн уур амьсгал нийгэмд хүчтэй байснаар   энэ хоёр намын рейтинг хангалттай доошоо унасан. Ер нь бол аль аль нь арван хувиа алдаад 20 хувь дээр очоод байлаа. Ийм байдалтай саяын сонгуульд хоёр нам оролцсон. Ингэтлээ доошоо бууж, хоёулангийнх нь нэр хүнд  10 хувиар унасан.  Цаана  60 хувь нь  үлдэж байгаа. Тэд бие даагч, жижиг нам, эвслүүдээс  сонголтоо хийнэ гэсэн хүлээлт  үүсчихсэн байсан. Ингээд харахаар нийт ард түмэн МАН, АН-ыг сонгоогүй. Энэ хоёр нам,  тэдний бодлого, явуулж байгаа үйл ажиллагаа , төр барьж байгаа чиглэл таалагдахгүй байна гэсэн үг шүү дээ. Нийт сонгогчдын 60 хувь нь хоёр намыг сонгохгүй, МАН, АН болохгүй байна гэж бодож байсан  бол бие дааж байгаа жижиг нам, эвслүүдээс хэт олон хүн өрсөлдсөн тул нөгөө хүлээлт үүссэн 60 хувийн саналыг олуулаа хуваагаад авчихсан. Миний өрсөлдсөн Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт л гэхэд 28 хүн нэр дэвшсэн. Хоёрхон мандаттай, МАН-аас хоёр, АН-аас хоёр хүн нэр дэвшсэн. Бусад 24 хүн нь  нөгөө 60 хувийн саналыг хувааж авсан. 60 хувийн саналыг 24-т хуваахаар нэг бие даагч, эсвэл жижиг нам, эвслээс нэр дэвшсэн хүн 2-3-хан хувийн санал авах магадлалтай болчихож байгаа юм. Гэхдээ  энэ  нь ирц 100 хувь боллоо гэхэд  шүү дээ.  Математикийн энгийн  аргачлалаар бодоод үзэхэд бие даагч нар гарах ямар ч боломжгүй байгаа биз. Ингээд бие даагч нар гарах ямар ч боломжгүй байхад би яагаад нэрээ дэвшүүлсэн бэ гэвэл мэдээж улс төрд орж байгаа хүний хувьд, улс төр сонирхдог хүний хувьд, намын гишүүний хувьд би АН-аасаа нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийг дэмжиж сонгуульд оролцсон.

Би өөрөө бие даасан боловч АН-ынхаа хоёр нэр дэвшигчийг дэмжиж орсон. Үндсэндээ миний штаб  бүрэлдэхүүнээрээ АН-ын хоёр нэр дэвшигчийг дэмжиж ажилласан.  Энэ бол бүгдэд илэрхий байсан. МАН ч гэсэн 76 бие даагч  оруулж дэвшүүлсэн гэсэн яриа байдаг. Түүнтэй адил би хоёр нэр дэвшигчээ дэмжиж сонгуульд орсон.

-Түүнээс өөр шалтгаан байв уу?

-Хэрэв надад АН-аас квот олдсон бол би АН-аасаа л нэр дэвших байсан. Тэгэхээр надад намд өгөх 100 сая төгрөгийн дэнчин, мөн цаашаа  тойрогт зарцуулах сонгуулийн зардал болох 700 орчим сая төгрөг хэрэгтэй болно. Тийм  мөнгө надад байгаагүй. Тэрийг төлөхгүй бол нам нэр дэвшүүлэхгүй гэсэн. Тиймээс би намд ийм их хэмжээний мөнгө төлөх шаардлагагүй. 700 сая төгрөг, дэнчингийн мөнгөтэй нийлээд 800 орчим сая төгрөгийг намд өгчихөөд УИХ-ын гишүүнээр сонгогдлоо гэж бодъё. Гэтэл УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалин 20 гаруйхан сая төгрөг л болно шүү дээ. Сонгуульд зарцуулсан тэр их мөнгийг би хаанаас олж авах вэ. Ийм асуут гарч ирж байгаа биз. Өөрөөсөө 600-700 сая төгрөг гаргачихсан хүн дөрөвхөн жил төрд байж УИХ-ын гишүүнээр ажиллах гэж явна гэдэг хэнд ч  ойлгомжгүй. Тэгэхээр тэр их мөнгийг төрөөс хулгай хийнэ гэсэн үг үү. Илэрхийгээр 700-800 сая төгрөг гаргаад,  би энэ мөнгийг та нарт төлж байгаад УИХ-ын гишүүн болчихоод төрөөс хулгайлж   авна  гэдгээ үгээсээ бус үйлдлээрээ илэрхийлж явах нь хэтэрхий гутамшигтай санагдсан учраас би намд мөнгө төлж чадахгүй гээд намаасаа нэр дэвшээгүй. Харин намынхаа хоёр нэр кандитатыг дэмжиж оролцсон. АН-ын хоёр нэр дэвшигч бол олны танил, нэр хүндтэй, олон жил улстөрд явсан хүмүүс байсан.

Миний хувьд төрийн бүх байгууллагын шаардлагад нийцсэн мөрийн хөтөлбөрийг  дэвшүүлсэн. Энэ бол “Хүүхдэд ээлтэй Монгол Улс” гэсэн нэртэй мөрийн хөтөлбөр байсан юм.

-Ингээд эцэст нь энэ  сонгуульд АН 11-хэн суудалтай, МАН 62 суудал авч 2016 оны жишгийг давтлаа?

-Би МАН-ын ялалтыг Монголын ард түмэн хүсч хүлээж байсан, ард түмний олонх сонгочихлоо гэж хэлэхгүй. Яагаад гэвэл, би түрүүнд хэлсэн хоёр намын 30 хувьтай байсан рейтинг буугаад 20 хувь дээр очсон байсан. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг маш өндөр байлаа. Харин АН-ын дарга С.Эрдэнийн рейтинг маш доогуур байсан. Үндсэндээ АН намын даргаасаа болж ялагдлаа. Хоёр намын рейтинг  адилхан 20  хувь дээр буучихаад байхад МАН-ын дарга У.Хүрэлсүхийн  хувь рейтинг, “Хүчээ нэгтгэе” гэсэн уриа, нэр дэвшигчдийн сонголт нь хүмүүст  таалагдаж  саарал массаас  нэмэх оноо нь тав орчим хувиар өссөн. Ингээд МАН 25 хувийн дэмжлэгтэйгээр ялалтыг авсан. АН-ын хувьд 20 хувь дээрээ муу ч байсан, сайн ч байсан дэмждэг намынхаа гишүүдийн сонголт дээр л дүүжигнэлээ. Уг нь сонгогчдын 60 хувийг бүрдүүлсэн 60 хувь дээр хэт олон хүн өрсөлдөөгүй бол сонгуулийн үр дүн өөр гарах боломж байсан. МАН үүнийг урьдчилж харсан учраас 65-уулаа байхдаа  Сонгуулийн тухай хуулийг томсгосон тойрог болгож өөрчлөн баталсан. Хэрэв монголчууд нэгдэлтэй байсан бол, нэгдэж чаддаг байсан бол Сонгуулийн хууль ийм боллоо шүү гэдгийг  ярилцаад бие даана гэж байсан хүмүүс, жижиг нам, эвсэл хамтраад нэг том эвсэл болж орох ёстой байлаа. “МАНАН-гүй эвсэл” гэх үү,  “МАНАН”-гийн эсрэг нэгдэл гэж байгуулаад тэр дотроосоо  76 хүнээ шигшээд  нэр дэвшүүлсэн  бол ялалт байгуулах боломжтой байсан. Ингэсэн бол нэг тойрог дээр МАН-ын 76, АН-ын 76, “МАНАН-гүй эвсэл”-ийн 76 гээд гурван хэсэг л орох байлаа.

-АН ялагдсан шалтгаанаа олон талаас дүгнэж байх шиг байна. Та юу гэж үзэж байна?

-Үнэхээр шившигтэй үйлдлүүд их гаргалаа. Ялсан намын дарга Ерөнхий сайд болно гэсэн дүрэмтэй байхад АН-ын дарга нь өөрөө  сонгуулийн ид үеэр “Би болохгүй ээ. Өөр хүнээр Ерөнхий сайд тавина” гэж ард түмний өмнө өвдөг сөхөрч үзлээ шүү дээ. Тэгэхэд МАН-ын дарга У.Хүрэлсүх “Намайг багаар нь дэмжээрэй”  гэсэн. ийм тэнгэр газар шиг уриатай хоёр нам сонгуульд орж АН ялагдал хүлээлээ. Энэ хэнд хамгийн хүнд тусаж, сэтгэл санааны цохилтод оруулав гэвэл үзэл баримтлалаараа АН-ыг дэмжиж орж ирсэн гишүүдэд хүнд туссан. Үзлээрээ бус ашиг сонирхлоороо  фракцид хуваагдсан, лидер гэж яриад байгаа хэдэн болчимгүй хүний увиагүй  үг үйлдлээс болж хэдэн арван мянган дэмжигч, гишүүд сэтгэл санааны хохирол амслаа. АН ардчиллынхаа үнэт зүйлийг  өнгөрсөн дөрвөн жилд гээсэн. Ерөнхийдөө коммунизм нам болчихсоны гай. Яагаад коммунист нам болсон бэ гэвэл нэг хүн бүхнийг шийддэг, С.Эрдэнэ гэдэг хүн ганцаараа бүхнийг мэддэг. С.Эрдэнэд таалагдаагүй бол хөөгдөж гардаг. Нэхсэн мөнгийг нь өгдөг. Дээр нь ардчиллын үнэ цэнийг  байхгүй болгосон мэдэгдлийг удаа дараа хийдэг байлаа. Ийм учраас ялагдлаа. Нөгөө талаас гишүүдээ мөнгөтэй, мөнгөгүйгээр нь ялгаварлан гадуурхдаг байлаа. Мөнгөгүй бол дотоод сонгуульд оролцуулахгүй, мөнгөгүй бол ҮБХ-нд оруулахгүй, сонгуульд дэвшүүлэхгүй. Иргэдийн эрхийг хааж “Чи өвчтэй бол хилээр оруулахгүй” гэж гадаадад байгаа иргэдээ загнадаг, ийм бусармаг, Ардчилсан намын  нэр хүндийг гутаасан үйлдэл, мэдэгдлийг хийж байлаа. Ингээд АН ялагдлаа, 11-хэн суудалтай хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй боллоо. Гэхдээ би энэ ялагдлыг АН-ын ялагдал биш “Их цэвэрлэгээ” гэж харж байгаа. Ард түмэн ч гэсэн  манай намыг эргээд  хайрлах боллоо.

Одоо АН-ыг коммунист арга барилаар авч явсан С.Эрдэнэ намаас холдох ёстой.

Гишүүд нь нэгдээд үгээ хэлж, эсэргүүцэж байхад намаас хөөж, элдвээр гутаагаад  явуулж  байсан энэ хүн  өөрөө зайлах ёстой. Ард түмэн ч гэсэн АН цэвэрлэгдэхийг хүсч хүлээж байна. Тэр бүү хэл Ардын намын гишүүд ч хүртэл тэгж ярьж байна шүү дээ. Танай нам шинэчлэгдэж, чадалтай, боловсролтой залуусаа дээш нь гарга. Намаа цэвэрлэж ав. Лидер нэртэй фракцийн толгойлогчид чинь намаа байхгүй болголоо. Бидэнд ардчиллыг авчирч өгсөн энэ нам байх ёстой  гэж хэлж байна. Тэгэхээр ард түмэн АН-д хайртай байна.

- АН ялагдах бүртээ шинэчлэл ярьдаг шүү дээ. Хүмүүс ч итгэл алдарсан. Одоо яаж шинэчлэгдэх вэ?

-Тэр үнэн. АН одоо коммунист үзэл баримтлал, халаас, түрийвчээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдэл болсон нь ч үнэн. Шинэчлэгдэнэ гэж хэлээд хуучин бохиртойгоо хутгалдаж намгаасаа гарч чадахгүй явж ирсэн. Одоо шинэчлэл ярихаар нөгөө л хуучин дүр төрх нь гарч ирж байгаа. Нөгөө л С.Эрдэнэ мэтийн хууччуул, тэдний залуужсан дүр, хүйс нь солигдсон нөхдүүд гарч ирээд ард нь “Атгаалжин хар мангас”-ууд нь удирдах гэсэн санаархал  байна. АН үнэндээ төлөвшиж чадсангүй. Одоо тогтвортой системийг бүрдүүлэх ёстой болж байна. Фракц хоорондын тулаан хийдэг биш нэгдэж нийлээд асуудлаа шийдээд явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмэн хэчнээн хүсч хайрлаад нэмэргүй АН улс төрийн тавцангаас арчигдах болно.

Тэгэхээр анх энэ намыг буруу эргэлт хийлгэж залж явсан ах, эгч нар буюу миний дээд үеийнхэн   одоо болно, зайгаа тавих ёстой. Тэд гавьяанаасаа илүү гай нь ихсээд эхэллээ. 30 жилийн түүхтэй намаа нүд аниулахгүйн тулд тэднийг  ач, зээ  нарынхаа ирээдүйн төлөө, тэднийгээ  хараад гэртээ суугаач гэж зөвлөмөөр байна. Ардчилал хэсэг хүний өмч биш. 1990 онд ардчиллыг эхлүүлсэн хүмүүст бид баярлах ёстой ч нам тэдний өмч биш. Ардчиллын болон Монголын түүхэнд тэдний нэр тодоор үлдсэн. Харин АН-ыг өмчилж хувьчилж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.20  ДАВАА № 137 (6362)