С.УЯНГА
Анхдугаар чуулганаар хаалтын хуралдаанаар Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа нарын санаачилсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслөөр одоогийн найман байнгын хороон дээр гурвыг нэмж 11 болгохоор тусгасан. Зарим байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн, олон чиглэл хамарч байгаа нь чанар, хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсгэж байна гэж хууль санаачлагчид үзжээ. Тиймээс УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлага, инноваци, цахим бодлого, үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван байнгын хороог шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна. Тухайлбал, ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим асуудлыг хариуцаж ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, хуралдааны дэг, ирцийн асуудлыг эрхлэхээс гадна гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцах юм. Чуулганаар гишүүд асуулт асуув.
Ё.Баатарбилэг:
-Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар хангаж оруулж ирж байгаа нь зөв. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Ёс зүйн байнгын хороон дээр төрийн албаны ёс зүйтэй холбоотой заалт орж ирж байна. Мөн УИХ-ын гишүүд холбоод, төрийн бус байгууллага удирддаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
Б.Энхбаяр:
-УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсарч ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бусад хуулиар тогтоосон албан тушаал хашиж болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчиж өргөсөн тангаргаасаа няцвал гэж тодорхой заасан. УИХ-ын гишүүн ТББ-ын сонгуульт ажил хаших нь ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг. Өнгөрсөн парламентын үед 76 гишүүн нийтдээ 300 гаруй холбоонд сонгуульт ажил хашиж байсан. Мөн сан байгуулдаг, нутгийн зөвлөл гээд хашдаг байсан. УИХ-ын гишүүд сан байгуулж хандив авдаг, мөнгө угаадаг асуудал өмнө нь яригдаж байсан. Энэ бол УИХ-ын гишүүд цэвэр тунгалаг байхад их нөлөөлдөг. ТББ-аар дамжуулж мөнгө угааж байна гээд саарал жагсаалтад оруулах нэг үндэслэл болж байсан. Төр нь нэг гартаа төр барьж, нөгөө гартаа иргэний нийгэм болж явах боломжгүйг Үндсэн хуулиар хаасан.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:
-УИХ-ын гишүүнийг хавсарч ажиллаж болохгүй албан тушаал гэж ойлгож, УИХ-ын тухай хуулиар зохицуулж байсан. ТББ, сонгуульт ажил хашиж байгаа бүх хүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдож байна гэж ойлгож болохгүй. ТББ өөрөө хуулийн зохицуулалттай. Хэрэв ашиг, сонирхлын зөрчил үүсвэл хариуцлага хүлээгээд явна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Үйлдвэржилтийн бодлого чухал гээд тусдаа байнгын хороо гаргаж байна. Дан үйлдвэрийн бодлого л чухал гэж харахаас илүү эдийн засгийн хөгжлийн загвар дээр суурилж, үйлдвэрийн бодлогоор явах ёстой гэхгүйгээр байнгын хорооны гишүүд асуудалд хандаасай гэж бодож байна.
Хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж Төрийн байгуулалтын хороонд шилжүүлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.10 БААСАН № 134 (6359)