Ч.ҮЛ-ОЛДОХ
Түрүүч нь http://www.zms.mn/a/79677
Сонгуулиас өмнө “Урвагчийг холоос хайх хэрэггүй. Дэргэд чинь сэгсийгээд сууж байдаг” гэсэн постыг сошиалд олж хараад элгээ хөштөл инээж билээ. Гэтэл тэр үг орой руу орсон нь сонгуулийн ид дундах халуун өдрүүдэд тохиосон. Сонгуулийн хороотой харилцах баг гаргасан атал ажиглагч томилсон атал албан бичгүүдийг дарагдуулж, санал авах байранд нэг ч ажиглагч оруулж хяналт тавьж чадаагүй. Дотроосоо ч, гаднаасаа ч элдэв явуулгатай, тэр нь даамжраад амь насанд халдахыг завдсан үйлдлүүд шил дараалан гарсан сонгууль байлаа.
Нэг өдөр штабынхаа байранд сууж байтал үүдэнд орилоон чарлаан болж согтуу залуу чавхны чулуу шиг үсэрч орж ирээд “Хүүе” гэхийн завдалгүй сандал аваад шидчихлээ. Төсөрхөн хүн өргөж даамгүй нэлээн хүнд төмөр хөлтэй зузаан модон сандал шүү дээ. Ар араас нь авч шидсэн сандалд арай ч оногдчихолгүй ширээн доогуураа мөлхөж ороод цагдаа руу залгатал холбогддоггүй. Сүхбаатар аймгийн код 51 байдгийг мэдэх ч түүний өмнө 70 гэдэг тоог хийдэг юм байж. Будилж байж цагдаад дуудлага өглөө. Гадаа 38 градусын халуун, дээр нь уусан архины халуун нэмээд хагас галзуурчихсан яваа тэр нөхрийг над руу хэн турхирч явуулсныг шалгуулахаар гомдол гаргасан юм. Харамсалтай нь мөрдөн байцаагч намайг дуудаж тайлбар авч байна гэж цаг заваас минь багагүй хомслосноос өөр ямар ч үр дүн гараагүй. Нэг хоногийн дараа штабын байранд дөнгөж орж иртэл бас л нэг согтуу эр гуйвж дайвж орж ирээд хацар илэх гэж зүтгээд шаардлага тавьж гаргатал “Чамайг ална” гээд тоосго бариад дайрч орж ирдэг байгаа. Дахиад цагдаа, тайлбар, гарын үсэг авч байна гэсээр баахан цаг үрсэн. Цагдаагийн газарт сууж байх араар намайг “Нэрээ татсан” гэсэн цуурхлыг хэн нэгэн амжиж тараасан нь хуурай өвсөнд тавьсан түймэр шиг газар авсан. “Би нэрээ татаагүй. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгаар нэгэнт зориод нэр дэвшсэн хэнбугай ч нэрээ татах боломжгүй. Хуулиа судлаарай” гэж мянга тайлбарлаад нэмэргүй. Сонгуулийн штабын байрандаа элдэв халдлагад өртөж, амь нас минь хутганы ирэн дээр байхад УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бусад эрхмүүдээс ганцхан Т.Ганди гуай л эмэгтэй хүний хувьд, нэр дэвшигчийн хувиар ийм бусармаг зүйл, шударга бус өрсөлдөөн байж болохгүй тухай хэвлэлээр байр сууриа илэрхийлж “Эмэгтэй хүн рүү, нэр дэвшигч рүү халдаж байгаа бусармаг үйлдлийг хууль хяналтынхан анхааралдаа авах ёстой” гэж хэлснийг би хожуу ч гэсэн олж хараад баярласан. Энэ дашрамд талархаж байгаагаа илэрхийлье. Харин бусад нь загас мэт дуугүй байсан нь гайхмаар. УИХ бол хууль тогтоох байгууллага. Шударга ёс, ардчиллын төлөөх төрийн дээд байгууллагад сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгаа хэлбэр нь сонгууль. Аль нам, эвслээс дэвшсэн нь хамаагүй хамтдаа нэг гараанаас гарсан атал нөгөө нэр дэвшигчийнх нь амь нас аюулд өртөж байхад үл тоон “Би л болж байвал яамай. Өрсөлдөгч маань амь насаа алдаад ч хамаагүй ард хоцорч байвал ашгүй дээ” гэсэн мэт уралдаж яваа тэр хүмүүс цаашид иргэд, сонгогчдоо хамгаалах болов уу. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж дуугарах болов уу, тэмцэж чадах уу гэдэг бодол аяндаа төрж байсан даа.
Уг нь би улстөрчид шиг улайраагүй. Өрсөлдөгчид рүүгээ дайрч хар пиар хийгээгүй, хувиа бодоогүй, худал амлаагүй. Зөв хандлага, зөв жишгийн төлөө нийгмээ эмчилж яваа сэтгүүлчдийн нэг. Бусад шиг үсрэнгүй хөгжил ярьж, асар том бүтээн байгуулалт амлаж, үлгэрт гардаг хаан, хатан шиг бүх талаар амар сайхан жаргуулна хэмээн амлалт өгч чадаагүй, чадах ч үгүй. Хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээг өөрчилье, бэлэн мөнгө авах гээд хүлээж суудаг биш амьдралынх нь чанарыг сайжруулах оновчтой бодлогыг ойлгодог, дэмждэг болсон цагт жаргалтай амьдарч болно гэдгийг л ойлгуулахыг зорьсон юм. Сүхбаатар аймгийнхаа иргэд, эмэгтэйчүүдэд бага ч атугай гэрэл асааж өгье гэсэн юм. Хүн бүхэн сонгох, сонгогдох эрхтэй гэдгийг ойлгуулахыг зорьсон юм. Өнгө, мөнгө харсан шуналын дэвгүй зөв хүн байж зөв амьдрахыг залуустаа зөвлөе гэсэн юм. Гэвч харанхуй нийгмийнхээ шалбаагтай гудамжинд бүдэрч, гэмтэж бэртчихэлгүй, амь насаа алдчихалгүй энэ сонгуулийн ард гарсандаа олзуурхаж байна. Гэхдээ би бууж өгөөгүй, бурууд нүд хурц байж үзгээ улам хурцлан тэмцлээ үргэлжлүүлэх болно.
Эцэст нь тэмдэглэхэд, сонгуультай холбоотой элдэв хэрэг зөрчлийг цагдаагийнхан шалгаад 24 цагийн дотор хариу өгөх учиртай. Гэтэл Сүхбаатар аймгийн цагдаагийн газар өнөөдрийг хүртэл надад ямар ч хариу өгсөнгүй. Тэгвэл эрэн сурвалжлах сэтгүүлзүйд энэ хүртэл явсных тэр бүхний эх сурвалжийг, ард нь хэн гэгч турхирч байсныг, амь насанд минь халдахыг завдаж байсныг нь би өөрөө олоод мэдчихсэн гэдгээ энэ дашрамд хэлчихье.
Сүхбаатар аймагт сонгуулийн санал авах өдөр Улаанбаатарын дугаартай автомашинууд хэсгийн хороо руу хүн зөөж, хөдөө талаар “Ланд-200” автомашин шоргоолж шиг бужигнаж байлаа. Саналаа өгөх гэж ороод нүдэндээ ч итгээгүй. Нэр дэвших хүсэлтийг минь хүлээж авсан “Та бидний эвсэл”-ээс мандатынхаа нэгдүгээрт нь миний нэрийг бичиж СЕХ-нд хүргүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 60.1.3-т зааснаар тухайн нам, эвслээс хүргүүлсэн дарааллаар нэр дэвшигчийн нэрийг байршуулах хуультай. Гэтэл миний нэрийг хоёрдугаарт нь биччихсэн хуурамч байж мэдэх саналын хуудсаар санал хураалт явагдаж байдаг байгаа. СЕХ саналын хуудас хэвлүүлж байна гэж хэвлэл үйлдвэрүүдэд хүчлэн хамгаалалт гаргаж, нууцлал, битүүмжлэл гээд сүйд болж сүржигнээд байсан нь хаана байна. Энэ асуудлаар аймгийн Сонгуулийн хороогоор дамжуулан СЕХ-нд гомдол гаргасан, бас л ямар ч хариу өгсөнгүй.
Монголчууд улсын төдийгүй орон нутгийнхаа хэмжээнд ядаж иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж, бүх нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг нээлттэй танилцуулж, сонгогчдыг “ажлаас хална”, хоолны талонтой чинь ярина”, “гэр бүлийн хэн нэгнийг ажилд авахгүй” гэхчлэн элдэв сүрдүүлэг, дарамтгүйгээр саналаа өгдөг болгосон цагт л сонгууль шударга болох байх.
Бид дөрвөн жилд нэг удаа төр барих эрхээ хэрэгжүүлдэг. Зөв бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нам, эвслийг, зөв үзэл, төлөвшилтэй нэр дэвшигчийг сонгож байж л улс орны ч, бидний ч амьдрал зөв байх болно. Хүмүүс мөрийн хөтөлбөр уншихаа больж, мөнгө чухал гэцгээх болсон ч мөн чанар хийгээд хүн чанарын эгэл атал эрхэмсэг оршихуй болсон хөдөөгийнхөн бол өөр л дөө. Гагцхүү тэднийг авдаг хэд, албан тушаал, үр хүүхдийнх нь ажил төрөлтэй тооцоо бодно гэсэн айдас дарамтаар том намууд гэрт нь хорьчихож. Зөвхөн Сүхбаатарт биш бүх аймаг, суманд эрх баригчид ийм л “чөдөр, ногт” бэлдсэн харанхуй сонгууль боллоо. Эхэлснээсээ өгсүүлээд дуусах хүртлээ зүрх муутай хүн орчлонгоос даруй буцаж мэдэх, суудал дээрээ харвачихаж мэдэх ихээхэн тэвчээр шаардсан хачин муухай үзэгдлүүдээр дүүрэн болдог нь сонгуулийн тавилан биш байлтай. Бид сонгуулийн хувьсгал хийх ёстой гэж байнга ярьдаг. Харамсалтай нь мөхөл рүү, бүр ч аймшигтай харанхуй руу л явж байна. Нэг найз маань үүнийг “Энэ чинь л улс төр шүү дээ” гэсэн. Харин би “Ийм байх ёстой” гэж бодохгүй байна, та юу гэж бодож байна гэдгээр тэмдэглэлээ өндөрлөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.7 МЯГМАР № 131 (6356)