Б.ДАМДИН-ОЧИР
МАН энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 62 суудал авсан. Өмнөх сонгуулийн дүнтэй бараг ижил тоотой суудал авснаар эрх мэдлээ хадгалж үлдсэн.
Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн учраас ирэх жилүүдэд эрх мэдлийн хуваарилалтад ихээхэн өөрчлөлт орно.
Хамгийн наад зах нь Үндсэн хуульд “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн өөрчлөлт орчихсон нь асуудал дагуулж эхэлсэн. Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн Засгийн газарт сайд болно гэсэн үг.
Тэгэхээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд УИХ-д 62 суудалтай намын бүлгээ яаж эвдрэлгүй, гомдолгүй байлгах вэ гэдэг асуулт босч ирж байна. Өмнө нь сайдын суудлаар “аргаддаг” байсан явдал энэ жилээс алга болж байгаа юм.
Сонгуулийн дүн гарсны маргаашаас сайдын асуудал яригдаж, УИХ-д оногдсон дөрөвхөн “квот”-оо хэрхэн зохицуулах дээрээ наана цаана болсоор хэд хонож байна.
Сайдын суудал дөрөвхөн, горилон хүсэгч 60 гишүүн байгаа хэрэг.
Энэ нь агуулгаараа УИХ-ыг засгийн ажлаас салгасан сайн заалт юм. Гэвч дээрх шалтгааны улмаас ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд амаргүй байх болов уу.
2016 оны сонгуулийн дараа МАН-ын 65-ын бүлэг 32:33-аар хуваагдсан. Өнөөдрийг хүртэл 32-ын бүлэг буюу өмнөх дарга М.Энхболдын талд байсан гишүүдийн олонхи нь У.Хүрэлсүхэд “дагаар” орчихсон.
Зарим гишүүнийх нь хоёр жилийн өмнө хэлж байсан хатуу ширүүн шүүмжлэл өнөөдөр нялуунаас нялуун магтаалаар солигдсоныг та бид өнгөрсөн долоо хоногт харсан.
“...Улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсганал гэж үгүй” гэх монгол хүний араншингаас хол теорем ингэж биелж буй бололтой.
Ер нь бол 32-ын бүлгийн суурь энэ УИХ-д бий. Хуучин 32-ын бүлгийн хоёр гишүүн нь яг одоо шүүхийн танхимд шүүгдэж байна. Нэг нь дахин сонгогдсон. Нөгөөх нь чадаагүй. УИХ дотроос сонгогдсон Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг хэд хэдэн гишүүн ярьж байна. Энэ бол хуучин хагарлын суурь нь байгааг нотолж байгаа юм.
Магадгүй, шүүхээр яллаад явуулчихвал эсэргүүцэгчид ил болж, МАН-ын бүлэг дотор “буруу ном”-ын хэдэн нөхөд гарч ирж мэднэ. Учиргүй өмнөх шигээ Төрийн ордонд тусдаа хуралдах хэмжээний том 32:33-ын бүлэг шиг байж чадахгүй. Жигүүр төдийд бол боломжтой. Гэхдээ өнөөдөр Үндсэн хуулиар хаан сэнтийд залрах шахсан их эрх мэдлийн эзэн У.Хүрэлсүхийг сөрж зогсоно гээд зоригловол шүү дээ.
Ерөнхийдөө У.Хүрэлсүх ухаан зарж, намынхнаа зангидаж чадвал энэ УИХ-д лав МАН хуваагдахгүй байх боломж бий.
Ямартай ч Ерөнхий сайдын “ажил” эхэлчихээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүн, оруулсан өөрчлөлтийнхөө талаар зөвшилцөхөөр Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ.
Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн Ерөнхийлөгч дээр очсон гэсэн үг.
Ерөнхийлөгч таг дуугүй байсаар баасан гаригийг хүргэж, амралтын өдрүүд залгасан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газрыг 14 яамтай байлгахаар шийджээ.
Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Соёлын яам гэсэн 14 яамтай байх юм.
Мөн У.Хүрэлсүхийг Засгийн газартаа Тэргүүн шадар сайдын албан тушаалыг бий болгоно гэсэн яриа байсан. Гэсэн ч төсөлдөө оруулсангүй.
Өөрөөр хэлбэл, 14 яам хариуцсан сайдаас гадна Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга гээд нийт 17 сайдтай байх аж.
Ингээд энэ бүтэц дээр бүрэлдэхүүнээ яаж оруулах вэ гэдэг нь анхаарлын төвд байна.
Ерөнхий сайдын өгсөн төслийн хариуг Ерөнхийлөгч яаран өгөхгүй байгаа нь тэдний хооронд “ярилцах” асуудал нэлээд байна гэсэн үг. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдрүүдээр сайн ярилцсан биз.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын зөвшилцөл дундаас ямар Засгийн газар мэндлэх вэ гэдэг гурван хувилбар байна. Хамгийн гол нь тэд “давхар дээл”-тэй дөрвөн сайд дээр тохирох шаардлагатай. Тэгж байж “дан дээл”-тэй сайд нар хэн байх вэ гэдэг нь шийдэгдэх юм.
Хувилбар 1: Шадар сайд С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарын аль нэг нь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЭХЯ-ыг УУХЯ -тай нэгтгэсэн Дэд бүтцийн хөгжлийн сайд Д.Сумьяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.
Хувилбар 2: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болно.
Хувилбар 3: Шадар сайд С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байна.
Дээрх хувилбаруудын аль нэг дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тогтож тохирох нь тодорхой.
Шадар сайд УИХ-аас тодорвол одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшин аль нэг яаманд очно. Үгүй бол хэвээрээ үлдэнэ.
Аль ч тохиолдолд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болно.
Хэрвээ Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд болох гурав дахь хувилбар дээр тогтохгүй бол Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар улирч ажиллана.
Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэл үргэлжлүүлэн ажиллах хоёр дахь хувилбарыг авахгүй бол тус яамны сайдаар Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, эсвэл Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан очно.
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Засгийн газарт орж ирэхгүй бол УУХҮЯ-ыг Я.Содбаатар, Б.Ганхуяг хоёрын нэг нь удирдана.
МАН дахь Сү.Батболдын фракцид Гадаад харилцааны яам очно. Тус яамны сайдад ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт яригдаж байна. Түүнчлэн энэ фракцид шинээр байгуулах Соёлын яам оногдох бөгөөд сайд нь БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр болох магадлалтай.
Мөн “гаднаас” Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайдаар томилогдох нь тодорхой болжээ. Ямар ч тохиолдолд сайд болох хэд хэдэн хүний нэр дуулдаж буй. Тэд гишүүдийн “квот”-оос шалтгаалаад очих яам нь тодрох юм байна.
Ер нь тэгээд энэ удаагийн Засгийн газрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн “онцгой” бүрэн эрхийн дагуу бүрдүүлнэ. Ерөнхийлөгч “зөвлөж” оролцоно. Ерөнхийлөгчийн хувьд бүтээн байгуулалт, уул уурхай, хууль зүй талдаа анхаарал тавьж, зарим хүнийг санал болгож буй мэдээлэл бий.
Иймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр өнөө маргаашгүй шийдэлд хүрч, Ерөнхий сайд энэ долоо хоногт захирамж гаргаж сайд нараа томилоод УИХ-д танилцуулна гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.6 ДАВАА № 130 (6355)