Б.ДАМДИН-ОЧИР
МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улирч ажиллахаар боллоо. Түүний алдар сууг намаараа магтан дуулж байна. Улсаараа гэсэн ч дэгсдэхээргүй л байна.
Олонхи нь халуун нялуун үгээр “долоож” буйгаас харвал У.Хүрэлсүх яалт ч үгүй эрх мэдлийн оройд гарсан бололтой.
Магтсан хүүхэн хуримандаа гэгчээр дөрвөн жилийн дараа амласнаа мартчихаад, намаа тарааж, улсаа бужигнуулаад, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх биш амыг нь барьчихаад сууж байж балрахгүй л бол юу ч харахгүй, сонсохгүй болтол “вакум”-д хийж байна. Үүний нотолгоо нь Засгийн газарт нь орж ажиллах сайд нарынх нь нэрс, “бас бус” албан тушаалд очно гэдгээ зарлаад яваад байгаа хүмүүсийн яриа хөөрөө юм. Тиймээс гадуур “...Ард түмэн сонголтоо өөрчилсөн ч У.Хүрэлсүх томилгоогоо өөрчлөхгүй юм байна” гэсэн ойлголт нэгэнт бий болж, биежжээ. Үнэнийг хэлэхэд, МАН-ынхан сайд болох гэж салам нүдэлдсэн хэвээр байна. Өмнө нь ингэж бичсэн. Хэвээрээ л байна. Өөрчлөгдсөнгүй.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтдөө өөрсдөө “тээглээд” сүйд болж буй юм. Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд л “давхар дээл”-тэй байх заалтыг Үндсэн хуульд оруулчихсан. Энэ бол маш сайн агуулга юм. УИХ хуулиа гаргадаг. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, ажлаа хийдэг. Ингэж ялгаж салгасан.
Гэвч засагт орох сонирхлууд зодолдож, дөрвөн суудлын төлөө нүдэлдэж байгаа юм.
Шинээр байгуулагдах Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна ХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд гурав лав УИХ-ын гишүүдээс гарч ирэхээр болсон байна. Харин дөрөв дэх сайд нь албан бус зөвшилцлөөр шийдэгдэж, сайдыг яамтай нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарлах юм.
Мөн бусад яамд руу сонирхсон түмэн эрх ашиг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг амраахгүй байгаа аж. Яахав, жаран юу уралдахад гэдэг шиг тэднээс сонгогдсон сайд нар удахгүй тодорно.
УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар улирах санаатай, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл залгамжлагчаа тодруулчихсан.
Ер нь бол сонгуульд өрсөлдөлгүй үлдсэн нөхдүүд, өрсөлдөөд унасан шороотой бөхчүүд сайдын албан тушаал, зөвлөхийн ажилтай болохоор яригдаж байна. Зарим нь ч төрийн өмчийн компаниудад очихоор У.Хүрэлсүхийг “сүүлдэж” гүйгээд сүйд.
Өнгөрсөн дөрвөн жилийн УИХ-ын гишүүдээс Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн. Өөр олон гишүүн бий л дээ. Харин энэ гурван эрхэм “...МАН ялбал сайд болно” гэсэн тохироотой үлджээ. Тэгэхээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар заавал багтана. Сайд болохгүй, өөр “аятайхан” албан тушаал авчих гэсэн шороотой бөхчүүд Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор гүйгээд эхэлсэн. Зарим “дээдэс”-ээс тийм хүмүүст гар сунгаад эхэлжээ. Д.Лүндээжанцанг УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөхөөрөө томилохоор болсон байна. Д.Лүндээжанцан бол өнөөдрийн цаг үедээ Үндсэн хуулийн талаар хамгийн өндөр мэдлэгтэй хуульч бөгөөд Г.Занданшатар тэр хоёр Үндсэн хуулийн өөрчлөлт, ард нийтийн санал асуулга гээд хэдэн жил шадарлан ажилласан хамтрагчид юм.
Түүнчлэн Ц.Нямдоржийг Засгийн газрын Шадар сайд болох гэнэ гэсэн дэл сул яриа ч бас гарч л байна. Ямар ч л байсан У.Хүрэлсүх шороотой бөхчүүдээ энэ мэтийн цол чимгээр шагнаж урамшуулах бололтой.
Харин гадна талд буюу олон түмэн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг данхайхгүй бүтэцтэй, залуусаа голдуу оруулсан бүрэлдэхүүнтэй байгаасай гэж хүлээж буй. Энэ зөвхөн Засгийн газрын сайд нарын томилгоонд бус салбарлан жижигрэх төрийн бүх байгууллага, аж ахуйн нэгжийн томилгоонд хамаатай юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.3 БААСАН № 129 (6354)