Ч.ЗОТОЛ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар дахин томилох асуудлыг хэлэлцэж, түүнээс асуулт асууж хариулт авлаа. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдэд хандан үг хэллээ.
Б.Пүрэвдорж:
- Намаа удирдаж олонх болсон танд баяр хүргэе. Гадаад худалдаа 1.6 тэрбумаар буурлаа. Экспорт 1.3 тэрбумаар багассан. Эдийн засгийн агшилтыг сэргээхэд ямар төлөвлөгөө боловсруулав. Хар, саарал жагсаалтаас хэзээ гарах вэ. Хар тамхинд холбогдсон нөхдөдөө хариуцлага тооцсон уу. Эдийн засгийн хямралтай үед ААН-үүдийг дэмжсэн бодлогууд чинь “бай”-гаа оносонгүй. Тодорхой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг улам хүндрэх нь.
У.Хүрэлсүх:
-Улсын эдийн засаг хүндхэн байгаа гэдэгтэй санал нэг байна. УИХ, Засгийн газар байгаа боломж нөөцдөө тааруулж ажилласан гэж үзэж байна. Боломж нь л тэр. Би олон зүйл амлаж чадахгүй бас худлаа хэлж чадахгүй. Байгаа боломж нөөцдөө тааруулж ажлаа хийж байгаа. Цаашдаа ч тэгж ажиллана. Шинэ Засгийн газар байгуулагдаад төсвийн тодотгол хийнэ. Саарал жагсаалтаас гарна. Холбогдох баримт бичгүүдийг нь бүрдүүлээд өгчихсөн. Ажлын хэсэг ажиллаж байна. Хар тамхитай холбогдсон нөхдөдөө арга хэмжээ авсан. Цаашдаа ийм зохисгүй байдал гаргахгүйн төлөө бүх талаасаа хяналт тавьж ажиллана. Цагдаа, тагнуул ажиллаж байгаа.
С.Ганбаатар:
Гурван зүйл хэлье. Биеэ тоож, баярхаж, аархаж болохгүй. Баахан юм гуйсан, нэхсэн хүмүүс зөндөө байгаа байх. Ерөнхий сайдын ажил улс орны хөгжлийн гол тулгуур. Гол асуудлаа барьж ажиллаарай. Өнгөрсөн дөрвөн жил гол асуудал руугаа ороогүй. Оюутолгойн төслийг Монголын ард түмэнд ашигтай болгохын төлөө өнгөрсөн дөрвөн жил хумсаа ч хөдөлгөөгүй. Энийг хамгийн түрүүнд барьж аваарай. Монгол Улсад мөнгө дутагдаж байгаа. Мөнгө олох ганц зүйл нь уул уурхайн баялаг. Гэрээнд өөрчлөлт оруулахад хамтарч ажиллана. Бүгд хамтарч ажиллах ёстой. Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувь яг ч шийдэгдээгүй. УИХ ажлаа сайн хийсэн. Шийдвэр гаргасан. Шүүх дээрээ гацсан бололтой. Үүнийг эр зоригтой барьж аваарай. Улсын гурван талт хэлэлцээрийг яаралтайгаар хийгээрэй. Би хийе, бяртай байна гэж ханцуй шамлахаасаа илүүтэй үүнийг надаас илүүтэй хэн хийж чадах уу гэдгийг тооцож тэр хүмүүсийг хүчтэй оролцуулаарай. Чадахгүй хүмүүс нь таны ажлыг унагаана шүү.
Ц.Туваан:
- Ерөнхий сайд сөрөг хүчинтэйгээ хэр хамтарч ажиллах вэ. Хүнсээ 100 хувь дотоодоосоо хангахад ямар бодлого барьж ажиллах вэ. Цар тахалтай тэмцэх тактик бодлогоо танилцуулаач. Цар талхын үед Эрүүл мэндийн салбар болон хувийн хэвшлээ дэмжих чиглэлд ямар бодлого барьж ажиллах вэ?
У.Хүрэлсүх:
- Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид дайсан биш, анд нөхдүүд. МАН, АН хоёрын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоос улс орны хөгжил, хувь заяа шууд хамаарна гэж ойлгодог. Тийм учраас парламентад суудалтай намууд хамтарч ажиллах ёстой. Та бүгдийн шүүмжлэлийг хүлээж авна. Харин доромжлуулахгүй гэдгээ хэлье.
Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ ирэх жилээс төлөх өрийн асуудлыг шинэ Засгийн газар анхаарч ажиллах, импортлогчоос экспортлогч улс болох, нийгэмд шударга ёс тогтоож, цахим Монгол Улс болох, иргэдийхээ амьдралын чанарыг дээшлүүлж, давхаргыг тэлэх, хөдөө аж ахуйн салбарыг цогц бодлогоор хөгжүүлэн хот хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангах талаар байр сууриа илэрхийллээ.