Ч.ҮЛ-ОЛДОХ
“Сонгуулиас болж тэнд гэр бүл салж гэнэ. Энд ах дүүс зодолдож нэгнийнхээ аминд хүрэх шахжээ. Төрөл садангууд тангараг тасарч Цагаан сараар ч нэгнийдээ орж золгохгүй байна гэнэ” гэх яриаг зөндөө сонсч байлаа. Бараг сонгууль болгоны дараа тийм сураг дуулддаг. Нэгнээ цаашлуулсан онигоо биз гэж бодоод өнгөрүүлдгээс үнэхээр тийм юм болдог гэдэгт итгэж байсангүй.
Нэр дэвшигчийн уулзалт, мөрийн хөтөлбөрийн танилцуулгаас эхлээд сонгуулийн булхай луйвар, “Царцааны нүүдэл”-ийн талаар бишгүй сурвалжилсан. Таван хүний амийг авч одсон “Долдугаар сарын 1”-ний хар сонгуулийн чулуун мөндөр дунд ч тэмдэглэлийн дэвтрээ сугавчлаад гүйж явлаа. Гэвч сонгууль гэж чухам юу болдог, дотор нь ямар хор буцалж байдгийг гаднаас нь ажиглаж, эх сурвалжийн мэдээ баримтаас ишлэн сурвалжилж явжээ. Дотор нь орж, сонгуулийн тогоонд чанагдаж үзвээс хошин шог атлаа эмгэнэлт жүжиг үзэх мэт санагджихуй.
Энэ удаа миний бие үзгээ түр амрааж “Гаднаас биш дотроос нь өөрчилье” хэмээн УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Сүхбаатар аймагт нэрээ дэвшүүлсэн юм. Манай аймаг 12 сумтай, 41 мянган сонгогчтой. Аймгийн мэдээ, мэдээллийн бүх суваг нь хоёр намын нэр дэвшигчдээс бусдад хаалттай. Иргэдийн ихэнх нь “Корона”-гийн айдас хүйдэс дунд гэртээ бүгж, уулзалт цуглаанд тэр бүр ирэхгүй. Цар тахлаас ихээхэн айж болгоомжилж байна даа гэж эхэндээ бодсон. Гэтэл үгүй юм билээ. Авдаг хэд, ажил албан тушаалаар нь барьцаалсан дарга нарынхаа дарамтад олонх нь гэрийн хорионд орсон байлаа. Энэ нь ч захын сумаар оруут мэдэгдсэн. Замдаа найз нөхөд, хамаатан садан руугаа утас цохиж “Ирээрэй” гэж зар дуулгахад “За” гэсэн хүмүүсийн бараа мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалт хийхээр очиход огт харагдаагүй юм. Зориод очтол цонхоороо харчихаад гэрийнхээ хаалгыг тайлж өгсөнгүй. Буцаад явтал утас дуугарч байна. Автал “Бусад нэр дэвшигчийн уулзалтад очвол охиныг маань ажлаас нь хална гэсэн. Гэр бүлээс нь нэг л хүн өөр намын уулзалтад очсон харагдвал тооцоо бодно гэсэн байна лээ. Охиноо ажилгүй болгочихоод яахав дээ гээд айгаад очоогүй шүү, уучлаарай. Чи манайхаар ирвэл, чамайг гэртээ оруулбал бид бүр ч балрах гээд байна” хэмээн багын найз маань учирлаж байна.
Түүнээс гадна Олхонууд овгийн Олныхон хэмээн ах дүү олонтойгоороо сум нутагтаа зартай нэг танилын маань хүүг эрх баригч намынхан сонгуулийн дараа нэгэн газрын даргаар тавина хэмээн амласан тул төрөл саднаараа нэгдэн саналаа багцалж тухайн намын нэр дэвшигчдийг дэмжиж байгаа бөгөөд бусад нэр дэвшигчдийн уулзалтад очих нь хориотой болсон дуулдав. Утсаар ярьж мэнд амрыг нь эрэхэд “Ээ дээ, сонгууль гэж нажидтай эд байна. Хүү маань Их сургууль төгсөөд ажил олдохгүй энэ хүрлээ. Энэ сонгуулийн дараа ажилд авна гэж нам амласан. Тийм болохоор хүүдээ гай болчих вий гээд гэрээсээ ч гарахгүй сууж байна. Танай мөрийн хөтөлбөрийн уулзалтад очих хориотой. Очвол хүмүүс зураг хөрөг дараад дээш нь ховлочихно. Хүүгээ ажилд оруулж чадахгүй болчихно. Энд тэнд таарвал танихгүй юм шиг зөрөөрэй хө, мэндэлж ч болохгүй шүү. Манай энд хэцүү шдээ” гэв ээ.
Замдаа гарахын өмнө сумын төвд цайны газарт орж хоол захиалангаа эзэнтэй нь таван үг солиход тавь гаруй насны тэр эмэгтэй “Манайд хүн орж ирэхгүй шахам, орлого багатай. Гэтэл хүнс, барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Амьдрал улам л хэцүү болж байна” хэмээн хуучлав. Тэр эмэгтэйн охин нь 2016 оны сонгуулиар АН-д ажилласнаас хойш Ардчилсан намынхан ч, Ардын намынхан ч тэдний цайны газарт орж ирж үйлчлүүлэхээ больсон гэнэ. Нийтийн хоолны үйлчилгээ эрхэлж, таван цаас олж амьдралаа залгуулах гэж яваа эгэл жирийн тэр эмэгтэй намын хүмүүсийн хоолонд нь хор хийгээд өгчихөв л гэж, мөн хачин юм шүү.
Дараагийн суманд очтол намайг ирсэн сургаар хүрээд ирнэ гэж итгэж харж байсан хол, ойрын хамаатнууд маань ирсэнгүй. Уулзалтаа дуусгаад утас цохилоо “Танайхан сайн уу, сайхан зусч байна уу. Золгоод гаръя даа” гэтэл өөдөөс “Ирснийг чинь дуулсаан. Манайхаар битгий ирээрэй, хүүхдүүд маань өөр намын штабт ажиллаж байгаа. Ажилд оруулна гэж амласан юм байна лээ, тэрийгээ больчих ч юм бил үү” гэснээ “Ингэхэд уулзалтад чинь хүн хэр очив. Хүн очуулж болохгүй шүү гээд том намууд сүүлийн хоёр өдөр ажиллуулж байгаа хүмүүсийнхээ өдрийн хөлсийг нэмсэн шдээ” хэмээн үг алдав.
Сумын үсчин хүртэл улстөржихтэй тааралдаж урам хугарсан. Үсээ засуулахаар нэг сумын төвд байх дөрвөн өөр “Үсчин, гоо сайхны газар”-аар орсон юм. Нэг нь хаалттай, дараагийнх нь засвар хийж байгаа, гурав дахь нь “Таны үсийг засахгүй, өөр намын хүнд үйлчлэхгүй” гээд хөөсөн, дөрөв дэхийг байрных нь түрээслэгч эзнээр ятгуулж байж дуртай дургүй миний үсийг янзалсан болж өгсөн.
Аймгийн төвд “Үсчин” олж үйлчлүүлэх бас л амаргүй байлаа. Олон газрын үүдийг татаж явсаар нэг удаа Ардчилсан намын байрны нэг давхарт “Үсчин” гэсэн хаяг байхаар нь ороод үсээ засуулсан юм. Гараад иртэл байшингийн буланд хэдэн хүн булталзан миний зургийг дарж байх нь тэр. “За яаж байгаа нь энэ вээ” гээд өөдөөс нь очтол цаашаа зугтчихлаа. Удалгүй хуурамч хаягнуудаас “Өнөөх нэр дэвшигч чинь Ардчилсан намын байраар орж тохиролцож явна” гээд зураг хөрөг эвлүүлж цацсан гэсэн, сошиал дахь аймгийн группууд намайг блоклосон учраас тэр болгоныг олж харах, хариу тайлбар хийх боломж надад байгаагүй. Цаг зав ч бас хомс байв.
Бас АН-аас нэр дэвшигч, аймгийн Засаг дарга асан Ж.Батсууриас 100 сая төгрөг аваад, санал хувааж нэр дэвшээд явж байгаа гэх гүтгэлгийг хаа сайгүй цацсан гэнэ лээ. Хэрэв би тэр мэдээллийг өөрөө олж харсан бол дор нь “Хурай, хурай, хурай” гэж бичээд улс амьтан инээлгэх байлаа. Сонгуулийн солиорсон хар мэдээлэл дунд жаахан ч гэсэн инээд түгээх байж уу дээ.
Нэг өдөр хүнсний захаар орж ус ундаа авах зуур “Миний найз сайн уу” гээд мөрөн дээр алгадсан навсгар хувцастай намхан хар хүнийг огт таниагүй. Гэтэл 20-оод настай хонгор зүстэй Эрдэнэцагаан суманд Хилийн цэргийн 0146-р ангид хамт ажиллаж байсан найз минь байсан. Амьдралын хал үзэж, хальтраад гашуун дарстай нөхөрлөх болсон мань хүн аймгийн төвд хүнсний талоноор амьдралаа залгуулдаг хэдийнхээ атаман нь гэнэ. “Манай намын нэр дэвшигчид саналаа өгөхгүй бол хүнсний талонтой чинь ярина шүү” гэсэн дарамттай олон айл өрх байгааг надад дуулгана лээ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.2 ПҮРЭВ № 128 (6353)