Д.ГЭРЭЛТ

УИХ дахь олонхийн бүлэг хуралдаж, У. Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлж байгааг зарласан. Өнөөдөр /2020.07.01/ үдээс хойш 15 цагаас УИХ-ын чуулган  хуралдаж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх улиран сонгогдоно гэдэг бол тэртээ тэргүй тодорхой байсан тул улс төрийн хүрээнд ч, олон нийтэд ч энэ нь шинэ зүйл гэж харагдахгүй байна. Харин У.Хүрэлсүхийн шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн багтах вэ гэдэг л олны анхаарлыг ихэд татаж байна.

Төрийн ордон хавиар яригдаж байгаа мэдээллээр бол, халаагаа өгөх Засгийн газрын сайдуудаас хоёр хүн л дараагийн засагт улиран үлдэх гэнэ. Хоёроос бусдыг нь хуугаар нь солино гэсэн гэх. Тэгэхээр үлдэх хоёр сайд хэн болж таарах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

МАН-ын бүлэгт ойрхон эх сурвалжийн хэлж байгаагаар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ  албан тушаалдаа хэвээр үлдэх нь тодорхой гэнэ. Үргэлжлүүлэн ажиллах хоёр дахь сайд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэдэг мэдээлэл байна. Одоогийн сайд нараас энэ хоёроос бусад нь Засагт үлдэх магадлал бараг байхгүй гэдгийг эх сурвалж тодотгож байна.  

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бол, шинээр томилогдох Ерөнхий сайдын зарлах Засгийн газрын бүрэлдэхүүний дөрөв нь л УИХ-ын гишүүн байж болно гэсэн хуулийн хязгаарлалттай. Тодруулбал, Үндсэн хуулийн 39-ийн 1-д “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заасан байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn