С.УЯНГА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд анхдугаар чуулганыг товлож шинэ парламентын гишүүдэд хатуухан үг хаяглав. Төрийн тэргүүн нэгдсэн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ нийтэд хандахаас илүүтэй Ерөнхий сайд, МАН, АН, Сонгуулийн хороо, уул уурхайтай холбоотой асуудлаар тодорхой байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Сонгуулийн систем, аргачлалаа солих шаардлага тулгарч байна. МАН хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентад үнэмлэхүй олонхын суудлыг эзэлсэн нь системийн гажуудал” гэдгийг онцолсон юм.
ШАЛТАГ ТООЧИХ, ХАРИУЦЛАГААС ЗУГТАХ ЭРХ МАН-Д БАЙХГҮЙ
-Үнэмлэхүй ялж 62 суудал авсан МАН-ын гишүүд шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй.
-Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэх ёстой.
-Өмнөх УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн зээлийг их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан.
-Хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, лицензийг өөрсдөдөө олгосон асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд удаа дараа нэр холбогдож иргэдийн итгэлийг алдсан.
-Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 27 гишүүн, хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан 1170 тендер авсан нь тогтоогдсон.
АН ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ БОЛ АРЧИГДАНА
-АН-ын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж, сөргөлдөх талцахаас илүү ойлголцох, хамтарч ажиллахыг хүсэж байна.
-Монголын 900 мянга орчим өрхийн амьдралыг доройтуулахгүй байлгах, ажлын байр хадгалах, орлогыг хамгаалахад ард түмний эрх ашгийн төлөө ажиллах цаг үе иржээ.
-АН 2020 онд 24.5 хувийн дэмжлэг авсан нь АН-д өгч буй бодит үнэлэмж, сануулга юм.
-Намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн эрхшээлд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг.
-Цар тахлын улмаас Монгол Улсад экспортын орлогын хомсдол нүүрлэж, төсөв алдагдал хүлээж, эдийн засаг эрс дордох төлөв тодорхой харагдаж байна
УУЛ УУРХАЙН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР САНАЛ ХУДАЛДАН АВАХЫГ ЗОГСООХ ЁСТОЙ
-Өмнөх жилүүдэд Их Хуралд сонгогдсон 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгай зөвшөөрлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж байгаад бусдад шилжүүлжээ.
-Өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан нь хоёр ч бүлэг байгуулчих хэмжээний тоо юм. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байна.
СЕХ-НЫ УДИРДЛАГА ЯАРАЛТАЙ ОГЦРОХЫГ ИХ ХУРЛЫН ИНДЭР ДЭЭРЭЭС ШААРДАВ
-Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой. Гэтэл үүргээ умартсан.
-Сонгуулийн хорооноос эрхээ авсан зургаан нэр дэвшигч хоригдоход ямар ч тайлбар, үйлдэл хийгээгүй нь олон нийтэд асар их эргэлзээ төрүүллээ.
-2009 оноос хойш СЕХ-ны удирдлага солигдоогүй нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон хандлага үүсгэснийг энэ удаагийн сонгуулийн явц харууллаа.
-Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна.

ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЖ БОЛОХГҮЙГ АНХААРУУЛАВ
-Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй ажиллах хариуцлагатай цаг үед та бүхэн хууль тогтоогч боллоо.
-Иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь www.polit.mn цахим хуудаснаас уншина уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.1 ЛХАГВА № 127 (6352)