Т.САЙХАН
СЕХ-ны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн тогтоол гаргажээ.
Монгол УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-ний өдөр гардуулахаар болсон байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ.
Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй гэв.
Шинээр сонгогдсон гишүүд: http://www.polit.mn/a/83280
Эх сурвалж:www.polit.mn