Б.Дамдин-Очир

Улс орны удирдагчдын ааш араншин, арга барил өөрчлөгдсөн. Угаасаа ард түмнүүдийн сонголт нь тийм болчихоод байгаа юм.
Бид ч бас 2017 онд өөр “өнцөг”-тэй Ерөнхийлөгч сонгочихсон бололтой. 
Ерөөс тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон цагаасаа өмнөх дөрвөөсөө өөрөөр тоглож ирсэн. Дэг жаягийг дагахгүй талдаа гэхэд болно.
Өчигдрийн санал хураалтыг анзаарлаа л даа. 
1990-ээд оноос хойшх УИХ-ын долоон удаагийн сонгуулийн үед дөрвөн Ерөнхийлөгч ажиллаж байв. 
Тэд санал өгөхдөө монгол тооллын морь цагийг сонгож ирдэг юм. Парламент, төрийн үйл ажиллагаа сурвалжилдаг сэтгүүлчид, энэ арга хэмжээнд хамрагдан оролцдог хүмүүс мэднэ дээ. Ерөнхийлөгч бүр ерөнхийдөө 11:40-13:40 цагийн хооронд санал хураах байранд заларч сайхан үг хэлчихээд явдаг байлаа. Хэвшчихсэн гэх үү дээ.
Харин Х.Баттулга Ерөнхийлөгч тэгсэнгүй. 
Морь цагт бараа сураггүй байснаа, бүр хонь, бич цагийг өнгөрөөж, нэлээд оройхон тахиа цагт УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойргийн 23-8 дугаар хэсгийн байранд саналаа өгөхөөр морилов.
Ерөнхийлөгч санал өгч гарч ирээд үг хэлсэн. Сэтгүүлчдийн асуултад хариулсан.
Түүний хэлсэн үг дээр хэлсэнчлэн өмнөх Ерөнхийлөгч нарынхаас тэс өөр байлаа. 
“.:..Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж Үндсэн хуульд тунхагласныг өмнөх дөрвөн Ерөнхийлөгч сонгуулиудаар лав ягштал барьдаг байв. Ер нь л сонгуульдаа идэвхтэй оролцоорой л гэдэг байсан даа.
Харин тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга бараг л чиглэл, заавар өгчих шиг боллоо. Эсвэл ухуулга гэсэн ч болно.
Тэрээр “Монгол Улс өнөөдөр УИХ-ын найм дахь удаагийн сонгуульдаа саналаа өгч байна. 1990 онд Монгол Улс ардчилсан улс болсноо дэлхий даяар зарласнаас хойш 30 жил болж байна. Энэ хугацаанд бид алдаж, онож, олон замыг туулсан. Энэ удаагийн сонгуульд ард түмэн, ялангуяа залуус идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж хүсье.
17:00 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц 40 гаруй хувьтай байна. Харин Улаанбаатар хотод илүү идэвхтэй буюу ирц 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээ авлаа. 22:00 цагт санал өгч дуусна.
Тиймээс залуустаа хандан хэлэхэд, Та бүхний санал улс орны хөгжилд их чухал юм шүү.
Энэ бол бидний УИХ-ын найм дахь удаагийн сонгууль. Бид гэр орондоо, өөртөө хүнс, бараа худалдаж авахдаа хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн, гарал үүслийг нь маш сайн харж авдаг. Тэгвэл УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо бараа сонгохоос илүү цензур тавьж, сонголтоо хийхийг Та бүхнээс хүсье.
Мэдээж санал худалдаж авах асуудал олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг асуудал. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг олон хүн орж ирдэг. Уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс энэ их мөнгөөр санал худалдаж авах, гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д толгой хоргодох байдал сүүлийн сонгуулиудаар ажиглагдаж байгаа гэдгийг ард түмэндээ дахин дахин хэлье” гэлээ.
Түүний үгэн дэх “...Бид гэр орондоо, өөртөө хүнс, бараа худалдаж авахдаа хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн, гарал үүслийг нь маш сайн харж авдаг”, “...УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг олон хүн орж ирдэг. Уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс энэ их мөнгөөр санал худалдаж авах, гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д толгой хоргодох байдал сүүлийн сонгуулиудаар ажиглагдаж байгаа” гэсэн нь анхаарал татсан. 
Ерөнхийлөгчийн оройтож ирээд хэлсэн үгийнх нь гол агуулга нь энэ болж таарсан. 
Тэгэхээр ард түмэн бид Ерөнхийлөгч маань “...Сонголт хийхдээ төрсөн газар, гарал үүслийг нь судал”, мөн “Уул уурхайн бизнестэй, гэмт хэрэг хийсэн хүмүүсийг бүү сонго” гэсэн ухуулга хийж, “чиглэл” өглөө хэмээн ойлгох нь зөв бололтой. 
Бид тэгшитгэл бодоогүй, мэдэхгүй хэлнээс орчуулга хийгээгүй болохоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн монголоор хэлсэн үгнээс ингэж л ойлгож таарах нь.
Тиймээс үүнийг тахиа цагийн ухуулга ба Ерөнхийлөгчийн “чиглэл” хэмээн үзсү.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 2020.6.25 № 123 (6348)