Д.Намуунцэцэг

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуульд оролцож, 48 дугаар сургууль дээр байрлах Сонгуулийн штабт саналаа  өглөө. Тэрээр ‘’Монгол Улсад  найм дахь удаагийн парламентын сонгууль болж байна. 1990 оноос хойш  Ардчилсан орон болсноо дэлхий дахинд зарлаад 30 гаруй жил боллоо.   Энэ хугацаанд алдаж онож, олон замыг туулсан. Энэ удаагийн сонгуулиар ард түмэн минь идэвхитэй оролцоорой.Дан ялангуяа залуучууд маань  идэвхитэй оролцож саналаа өгөөрэй гэж хүсье. Надад ирсэн мэдээллээр 17.00  цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц 40 гаруй хувьтай явагдаж байна. Улаанбаатар хотод нилээн идэвхитэй 50 гаруй хувьтай байна гэсэн.  22.00 цагт санал авах хугацаа хаагдана. Залуучууд минь та бүхний санал улс оронд чухал шүү. Бид бараа худалдаж авах, дан ялангуяа өөртөө хүнсний барааг авахдаа хугацаа, гарал үүслийг нь сайн харж авдаг. УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Энэ 76 гишүүнийг бараа худалдаж авдгаасаа маш их цензуртэйгээр сонгоорой гэж хүсье. Санал худалдаж авах асуудлууд нилээн олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг. УИХ-д уул уурхайн ажил эрхэлдэг маш олон  хүн орж ирдэг. Эдгээр хүмүүс их мөнгөөр санал худалдаж авдаг. Гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д орж толгой хорогддог. Ийм нөхцөл байдал сүүлийн сонгуулиар их ажиглагдаж байна.  Цар тахлаас болоод дэлхий даяар эдийн засаг ямар байгааг мэдэх байх. Монгол орон эдийн засгийн хувьд төрөлжөөгүй. Хэдхэн төрлийн экспорт дээр суурилдаг. Шинээр гарах Засгийн газартай маш шуурхай эдийн засгийг босгох, ард иргэдийг ядуурлаас гаргах тал дээр онцгой анхаарч, шуурхайлан ажиллана. Иргэдийнхээ сонгуулийн ирцийг харж байгаад залуучуудыг уриалах зорилготой оройн цагаар саналаа өглөө’’ гэв.

Эх сурвалж: www.polit.mn