УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт саналаа өглөө. Тэрээр тус аймагт өрсөлдөж байгаа учраас тойрогтоо саналаа өгч байгаа юм. УИХ-ын дарга саналаа өгөх үеэрээ "УИХ-ын ээлжит сонгууль онцлогтой үед зохион байгуулагдаж байна. Цар тахлын аюул дэлхий нийтийг түгшээж байгаа үед Монгол Улс төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуулийг амжилттай зохион байгуулж байна. Монгол төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох сонгууль бол төрт ёсны бодлого, Үндсэн хуульд заасан хүний суурь эрх болох сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэсэн үйл ажиллагаа болох ёстой. Сонгогчдын санал мэргэн байх болтугай. Үзэг барьж саналаа өгөхдөө төрөө барьж байгаа гэдгээ ухамсарлаж Монгол Улсын ирээдүйн төлөө мэргэн сонголт хийнэ гэдэгт итгэж байна. Сонгуульд оролцож буй нам, эвслүүд маань сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараах гэх мэтээр хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn