Л.МӨНХСАЙХАН

Өмгөөлөгч, доктор

Сонгуулийн хуулийн маргаантай заалтаар ҮХЦ-д хандаж мэдээлэл гаргаад 112 хоногийн дараа шийдвэрлэв. Цэц өнгөрсөн арванхоёрдугаар сард парламентаас баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуульд нийцсэн гэж дүгнэв. Мэдээлэл гаргагчийн хувьд томилгооны хараат албан тушаалтан томилогчийнхоо шийдвэрийг дагах нь зүй тогтол энд давтагдлаа гэж дүгнэлээ. Ингэснээр Монгол Улсад Сонгуулийн хуулиар Эрүүгийн хуульд заасан “эрх хасах” ял оноодог боллоо. Хар дарсан МАНАН дундах ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэлийн дэлгэрэнгүй протоколыг хүргэж байна.

 

Өмнөх нь Хар дарсан МАНАН дундах ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэлээс-1

 

 

Л.Мөнхсайхан: -Асуулт байна. ШЕЗ-өөс ямар хэргийг албан тушаалын гэмт хэрэг гэж тооцох юм бэ” гэж бичиг ирүүлсэн гээд байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл ‘’энийг албан тушаалын гэмт хэрэг гэнэ’’ гэж хууль тайлбарлах эрхтэй субъект мөн үү.

Б.Буяндэлгэр: -Дахиад бас танин мэдэхүйн шинжтэй байна. Асуулт асуухаа зөрчөөд байна.

Д.Солонго: -Би тайлбар хийе. Хавтаст хэрэг ШЕЗ шийдвэрлэсэн байдлын лавлагааг гаргадаг. Энд хээл хахууль өгөх, авах, зуучлах, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах, хайхрамжгүй хандах зэргийг төрлөөр  нь гаргачихсан.

Л.Мөнхсайхан: -Асуултаа тодруулчихъя. Сая дарга дундуур нь ороод ойлгуулсангүй. ШЕЗ ямар хэргийг албан тушаалын ангилалд орох юм бэ гэдэг лавлагаа авлаа гэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тайлбарлах эрхтэй субъект мөн үү.

Д.Солонго: -Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тайлбарлаагүй. Бид ч тайлбарлуулаагүй.

Г.Давааням: -Би УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбарын талаар товчхон мэдээлэл хиймээр байна.  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан … наймын  … (бичлэг тасарсан) хүний сонгох, сонгогдох эрхийг хасчихаад байхад яагаад хүний эрхийн суурь зарчим хөндөгдөөгүй байна гэж тайлбар хийсэн юм бэ.

Л.Мөнхсайхан: -Нэмэлт тайлбар дээр Үндсэн хуулийн цэцээс 2008 онд гарсан 06 тоот дүгнэлт байдаг юм. Энэ дүгнэлт гарах болсон нөхцөл байдал өнөөдөр яг давтагдаж орж ирж байгаа юм. Энэ дүгнэлтэд “УИХ-д нэр дэвших сонгох, сонгогдох эрхтэй холбоотой заалтыг оруулж ирэхдээ ялгүй байх гэсэн шалгуур нь хүний ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчлийн хэмжээг агуулж байна” гээд дүгнэсэн. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино гэж сонгуулийн хуулийг тодорхойлсноос үзвэл энэ нь Эрүүгийн хууль биш юм. Гэсэн хэдий боловч УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн энэ заалт нь Эрүүгийн хуультай зөрчилдөөд эхэлсэн. Ингэж зөрчсөнөөрөө төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, хууль дээдлэх зарчим гэдгийг зөрчсөн юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 6.1, 1.3.5 мөн энэ гурван зүйлийг зөрчсөн. Үүнтэй шууд мөргөлдсөн.  Өөрөөр хэлбэл,  Эрүүгийн хуулийн хариуцлагыг зөвхөн энэ хуулиар тодорхойлно гэсэн байхад нэмэгдэл ялыг сонгуулийн хуулиар оруулж ирсэн нь маш ноцтой асуудал. Дээрээс нь хууль тогтоогч нэг зүйлийг анхаарахгүй байна.

Т.Баярхүү: -Европын агуу их сэргэн мандалтын үе үеийн суут сэтгэгч Жан Жак Руссо, Монтеско нарын захисан нэг зүйлийг 1992 оны Үндсэн хуульд Үндсэн хуулийн эцэг Б.Чимид гуай болон бусад хүн их сайн суулгасан сонгох эрх байгаа юм. Сонгох эрх гэдэг дээрээ ард түмэндээ ардчиллын эрхийг баталгаажуулж өгөөд сонгогдох хүнд нь ямар нэг цензургүйгээр тавьж өгсөн нь 1992 оны Үндсэн хуулийн суурь монголчуудын олж авсан ололт, амжилт.  Ингэж хувь хүний итгэл үнэмшил байдаг учраас энэ удаа би мэдээлэл гаргаад аргагүйн эрхэнд орж ирлээ.

Ё.Бямбатогтох: -Юуны өмнө 1992 оны Үндсэн хуулийнхаа зорилгыг бид нэг сайн бодох ёстой байх. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэдэг зорилгыг Үндсэн хуульдаа тодорхойлж өгсөн. Ардчилсан нийгмийн ардчиллын үнэт зүйл нь юу гэвэл улс төрийн эрх, эрх чөлөө. Тэр дундаа энэ сонгох, сонгогдох эрх чөлөө. Ардчилал байна гэж үзвэл энэ улс төрийн эрх, эрх чөлөө хангагдаж байж тэнд ардчилал бий болно гэж ойлгоод байгаа юм. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа зорилгод нийцүүлсэн хууль тогтоомжийг гаргаж байна уу. Үгүй юу гэдгээ эргээд нэг бодох ёстой байх гэж бодож байна. Шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 1.3 дахь хэсэгт заасан байгаа. Нэг гэмт хэрэгт нэг л удаа ял оногдуулна гээд. Тэгэхээр авлига албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн бол нэр дэвшихийг хориглоно гэдэг маань сонгуулийн хуулиар дамжуулж тухайн хүнийг яллаж байна гэдэг  санаа яваад байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлага гэдэг дээр өөрөөр хэлбэл, энэ бол улс төрийн албан тушаалтныг хамааруулахгүй. Хоёрдугаарт, энэ Төрийн албаны тухай хууль чинь өөрөө бас дахиад Үндсэн хуулийн зөрчилтэй яваад байгаа юм. Яагаад вэ гэвэл энэ Эрүүгийн хуулийн 5.7 дахь хэсэгт заасан эрх хасах ял гээд байгаа юм. Үүнд “Нийтийн албанд найман жил хүртэлх хугацаагаар ажиллахыг хориглолоо, эрхийг хасна” гэдэг агуулгатай байгаа юм. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлсэн этгээд бүх насаараа төрийн жинхэнэ албанд ажиллах эрхгүй гэдэг маань дахиад Үндсэн хуулийн зөрчилтэй буюу тэр хүнийг ялласан агуулгатай хууль болсон гэдгийг энд дурдмаар санагдаж байна. За УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Улсын Их  Хурлын онцгой бүрэн эрх гэдэг асуудлыг ярьсан байгаа. Төрийн аливаа байгууллага, албан тушаалтнаас гарч байгаа шийдвэр бол Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн агуулга болон зарчимд нийцэж байх ёстой гэдэг асуудлыг тэр талаас нь хараагүй байна гэж үзээд байгаа юм. Тэгэхээр Улсын Их Хурал бол онцгой бүрэн эрхтэй гэдэг нь Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргах эрхтэй гэдэг тайлбарыг хэлжээ гэж ойлгоод байна.  2015 онд батлагдаж одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангид “Албан тушаалын гэмт хэрэг” гэсэн бүлэг байхгүй. Албан тушаалын гэмт хэрэгт хэргүүдийг хамааруулдаг одоо 22 дугаар бүлэг нь “Авлигын гэмт хэрэг” гэсэн гарчигтай байгаа. Тэгэхээр 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ хуулийн хүрээнд албан тушаалын гэмт хэрэг гэсэн ойлголтыг хэрэглэсэн нь хуультайгаа зөрчилдөж байна гэж үзэж байгаа юм.

Н.Чадраабал: -За би хуралдааны даргалагч хүлээж аваагүй зүйлийг хэлье. Энэ манай Цэцийн гишүүд өөрсдөө нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, бүрдүүлэх чадвар туйлын хангалтгүй байгаа юм. Ялангуяа, Д.Солонго гишүүний хувьд би бас ярих ёстой гэж үзэж байна. Би ер нь татгалзах ч эрх бий. Нэгдүгээрт, бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Хоёрдугаарт, би урьд нь олон удаа өргөдөл өгөөд Д.Солонго гишүүн дээр очоод бас нэг тийм онолын маягийн юм ярьдаг. Маргаан хянан шийдэж байхад цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн цэцийн шаардлагыг бариад Үндсэн хуулийн цэцэд маргаан  хянан шийдвэрлэх  хуулийн хүрээнд шийдэх ёстой юм. Цэцийн шийдвэр Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гарч байгаа. Тиймээс үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой байсан бэ гэхээр анх өргөдөл, гомдлыг хүлээж аваад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулийн 21.4 дэх хэсэгт зааснаар та нар түрүүчийн хуралдаанаар шийддэг шиг ээ “урьд нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр байгаа юм байна.” гээд Цэцийн гишүүн ёстой хүлээж авахаас татгалзах үндэслэлээ гаргаад ирж болох байсан. Шүүгчээр ажиллаж байсан Чинбат, манай Туулхүү нар бол мэднэ шүү дээ. Тэрнээс биш үүнийг чинь зүгээр нэг дарж, дарчихаад нэг шалтаг гаргаад ингэж болдоггүй юм. Нотлох баримтыг буруу бүрдүүлсэн байна. Энэ талаар энэ улсууд олон хэллээ шүү дээ. Тэгээд энд онолын маргаан шийдэгддэггүй юм. Тодорхой үндэслэл бүхий Үндсэн хуулийн заалтын маргааныг шийддэг юм. Хууль батлах явцад бол манай энэ хүүгийн түрүүний хэлснээр тэр ойлголтуудыг анхаарч үзэх ёстой юм. Цэцийн гишүүд энд тэндхийн материал цуглуулаад, нөгөөдүүл нь мэдээж хэрэг яавал үүнийг хамгаалах вэ. Гэсэн талаас нь юм хийгээд өгч байгаа юм. Цэц хараанд байна. Цаад улсууд нь  ч хараанд байна.  Олон улсын хууль дүрмүүдийн маргаан байна. Тэгэхээр түрүүн Давааням, Мөнхсайхан нар яриад үнэхээр аль олон улсын гэрээг нь илүү давуу хүчтэй гэж үзээд байгаа юм. Бүр тодорхой хэлээд байна шүү дээ. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад авлигын эсрэг хуулиас илүү үйлчилгээтэй  байх ёстой биз. Тухайн пактад тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгөөр улсдаа төрийн алба хаших нөхцлийг нь бүрдүүлж өг гээд заасан. Үүн дээр ялгаварлан гадуурхсан, ямар нэгэн хэмжээгээр Эрүүгийн хуулиа зөрчсөн, үүний цаад талд Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль зөрчигдөж байна. Гэх мэтийн тодорхой хуулиудаар зохицуулсан асуудлыг Та Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд оруулж тавиад хүнийг хэлмэгдүүлж байгаа асуудал бол үнэхээр шударга биш байна. Би дахин хэлэхэд хэн нэгнийг хамгаалаагүй, энэ хуулийг хамгаалж, Үндсэн хуулийг маналцах зорилгоор ингэж байгаа шүү. Үүнийг зөв ойлгоорой. Миний санал бол тэр хуучин 2008 оны 06 дугаар дүгнэлтээ үндэслээд үүнийг шийдэж өгөөч гэсэн саналтай байна.

Ц.Шаравдорж: -Ер нь УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Цэцэд гаргасан тайлбарыг үзэхэд бүхэлдээ хөндөж тавьсан асуулттай бараг холбогдолгүй, ойлгомжгүй, бичих зүйл олдохгүй байсан юм болов уу гэж бодогдохоор байгаа юм. Энэ бол миний шүүмжлэл. Өнөөдөр хэлэлцэж байгаа хэрэг маргаанд хамаарахгүй зүйлийг олонтаа дурдсан байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын иргэдийн Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн тухай асуудлыг ярьж байхад Улсын Их Хурлын гишүүний тангараг, түүнд тавигдах шаардлага гэх мэтийг бичсэн нь ямар учиртай юм бэ? ойлгохгүй байна.

Хоёрдугаарт, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд шийдвэрлэх ёстой гэж хэлээд байгаа юм. Гэхдээ үүнд нэг зүйлийг мартсан байна уу эсвэл Улсын Их Хурал өөрөө биеэ тоосон Үндсэн хуулиа тоодоггүй субъект болчихсон юм уу. Улсын Их Хурлаас гаргаж байгаа бүх хууль тогтоомж Үндсэн хуулийн бүрэн эрхийн хүрээнд байх ёстой. Тэр онцгой бүрэн эрх чинь Үндсэн хуульд захирагдаж байх ёстой. Үүнийг яагаад өнөөдөр мэддэггүй  юм бэ? гэж асуумаар байгаа юм.

Гуравдугаарт, итгэмжилсэн төлөөлөгч тайлбартаа Үндсэн хуулийн Цэцийн  шийдвэр гарч байсан эсэхийг нягталсан. Ер нь урьд өмнө гарч байсан бүх асуудлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалсан гээд байгаа юм. Үнэнийг хэлэхэд ам, ажил хоёр чинь үнэхээр алд зөрөөд байна шүү дээ. Хэрэв тэгж судалсан юм бол Цэцийн 2008 оны 06 дугаар дүгнэлтийг яагаад судалдаггүй юм бэ.

Дөрөвдүгээрт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэцийн шийдвэрт тусгагдаагүй олон зүйлийг өөрөө дур зоргоороо тайлбарласан байдаг. Цэцийн шийдвэр бол их тодорхой гарсан гэдгийг хэллээ. Гэтэл түүнээс даваад олон тайлбар хийсэн. Өөртөө ашигтай байна гэж үзсэн байх. Ингэж болохгүй юм. Ер нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурийг аваад үзэхэд ялгүй байх, ялтайд тооцох гэдэг ойлголтуудыг хольж хутгасан байгаа юм. Өөрөө ойлгосон хэмжээнд яриад байх шиг байгаа юм. Тийм учраас Үндсэн хуулийн зөрчил биш гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн мэдлэггүй асуудалд хандаж байна. Хүний эрхийг хасна гэдэг бол ардчилалд халтай, ардчилсан оронд гарах ёсгүй бүдүүлэг зүйл.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.18  ПҮРЭВ № 119 (6344)