Б.ДАМДИН-ОЧИР

 

“Корона”-гийн дараах эдийн засаг гэдэг нэр томъёо бий болжээ. Үнэндээ айдас шиг л сонсогддог болж байна.

Яг өнөөдрийн байдлаар дэлхий нийт коронавирусын тархалт хэзээ зогсох, дэлхийн хэчнээн улсын хэдэн тооны хүний амийг авч одохыг хэлж тогтоож чадахгүй байна.

Гэвч хэзээ нэг цагт энэ тахал зогсоно.

Харамсалтай нь “Корона”-гийн дараах эдийн засагдэлхийд цоо шинэ эдийн засаг, амьдралын хэв маягийг тогтоох аж. Харин түүнд хүрэхийн тулд дэлхий нийтээр их л зовох бололтой.

Ялангуяа манайх шиг махнаасаа бусдыг импортолдог улс орны хувьд юу хүлээж буйг төсөөлшгүй.

Манай эдийн засагчид энэ талаар ихэд сэтгэл зовж ярьж хөөрөөд л байна. Тоож байгаа “амьтан” алга. Зөвхөн манайхан бус дэлхийн улс орнуудын томоохон эдийн засагчид, судалгааны байгууллагууд “Корона”-гийн дараах эдийн засгийг төсөөлөхийг оролдож байна.

Фридрих-Эбертийн сангийн Ази, Номхон далайн рефератын даргаар Берлинд ажилладаг Марк Заксер гэдэг хүний нэгэн нийтлэлийг Чогдонгийн Оюунгэрэл герман хэлнээс орчуулжээ.

Марк Заксер энэ нийтлэлээ өнөөдөр биш, коронавирусын тархалтын ид үед бичжээ. Гурван сарын өмнө бичсэн байна.

Нарийн тоо тооцоо, макро микро эдийн засгийн тэлэлт агшилт, улс орнуудын харилцан хамаарал зэргийг энд ярихгүй. Манайтай холбоотой ганц жишээг дурдсан тухай хэлэхэд л хангалттай.

Хятадаас хэт хамааралтай эдийн засагтай Монгол Улс “өвдөлт”-ийг мэдрээд нэгэнт эхэлсэн гэж тэр бичжээ. Харин бид тэр өвдөлтөө мэдэрч байгаа бил үү.

Сонгуульдаад л, солиорцгоогоод л...

Дэлхийн эдийн засгийн бүх гол цэгт эдийн засгийн савлагаа үүсч энэ цаашдаа шинэ нөхцөл, шинэ харилцааг шаардаж байгааг тэр онцолсон байна. “...Манай цэнхэр гариг цаашид хэмнэлтийн бодлогыг даах даацгүй болсон. Нийгэм, экологийн хувьсал, дэлхийн дулаарлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдаж буй  хөрөнгө оруулалтыг одоо л хийхгүй бол оройтно. Коронавирусын эсрэг хийж буй тэмцэлд хамаг хөрөнгөө төвлөрүүлж бусдыг н ьорхигдуулж болохгүй. Бодит байдал дээр бид ганцхан эх дэлхийтэй, бүгдээрээ хоорондоо холбоотой” гэжээ.

Мөн “...Коронагийн хямрал том чийдэнгийн гэрэл шиг манай эрин үеийн геополитик, эдийн засаг, үзэл суртал, соёлын хугарлуудыг гэрэлтүүлэх болно. Энэ эргэлт тэр ч байтугай магадгүй энэ эрин үеийн төгсгөлийг зөгнөж байж ч магадгүй юм. Эдийн засгийн томоохон блокууд хоорондын холбоос тасарснаар Турбо даяаршлын эрин үеийн төгсгөл ирэх үү? Газрын тосны үнийн дайн чулуун нүүрсний эдийн засгийн төгсгөлийг зөгнөөд байна уу? Дэлхий дахины санхүүгийн систем нэгэн шинэ дэглэм рүү шилжих үү? АНУ-ын системүүдийн баталгаа Хятад руу шилжихүү? Эсвэл бид дэлхий олон туйлтай болох өөрчлөлтийн гэрч болцгоох уу?” гэсэн нь манайх шиг жалганы улс төртэйгөө зууралдаж байгаа улс оронд дэндүү алс сонсогдож байна. Гэвч энэ зөвхөн бидэнд бус хүн төрөлхтөнд тулж байгааг монголчууд даяараа ойлгох хэрэгтэй юм.

Бидэнд ганц л зам бий. Дэлхийн эдийн засагчид “зөвлөж” буйгаар шинэ системд нэгдэж төрийн бодлогоо зохиох уу, аль эсвэл хил дотроо коронавирусаас хөл хориод амьдарч байгаагаа цаашид үргэлжлүүлнэ гэж найдах уу.

Үнэндээ хоёр дахь зам нь мухарт хүрч байгааг бүгд мэднэ. Харин нэг дэх замаар нь яаж уначихгүй, хазайчихгүй зорчих вэ гэдэг Монгол Улсын хувьд маш чухал болоод байгаа юм.

Ядахад яртай, бид. ФАТФ-ын саарал жагсаалтад бичигдчихсэн. Саяхнаас Европын Холбооны хар жагсаалт руу өгсөж орсон. Ирэх аравдугаар сар хүртэл Европын холбооны хориг түр түдгэлзээд байгаа.

Бас 2012 оноос хойш тавьсан бондын өрийн 14.2 тэрбум ам.долларын гадаад өрийг ирэх 2020-2024 онд төлөх хуваарьтай. Яана даа гэмээр хямрал үүдэнд ирчихсэн “...тог тог” хийлгэж байна.

“...Сүх далайтал үхэр амар” гэж яг бидэнд зориулагдсан үг бололтой.

“...Улс орон хөгжсөн, гоё болсон, сайхан байна, ирээдүйдээ итгэе” гээд л намуудын сонгуулийн уриа арай л поп байна.

Сонгууль хэдхэн хоноод дууслаа. 76 хүн УИХ-ын гишүүн болно.

Тэгэхээр бид ирэх 2024 оныг хүртэлх УИХ-даа дэлхийн хямрал, коронагийн дараах эдийн засгийг хэрхэн гэтлэх вэ гэдгээ бодож сонголтоо хийх шаардлагатай.

Дахиад хэлэхэд, эдийн засагчдаа Их хуралд гаргах зайлшгүй шалтгаан бол дээр дурдсан дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг Монголын төрийн бодлого гарах ёстой юм.

“...Монгол мөнх, Монголын төр үүрд” гэдэг. Бусад нь гишүүн болж улс төрөө хийх цаг зөндөө л гарна.

Хямралын эсрэг тэмцэх мэдлэгтэй, боловсролтой, сэтгэлтэй эдийн засагч залуус олноороо нэр дэвшжээ.

“Зөв хүн электорат” эвслээс Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Бадрахын Найдалаа хөгжлийн эдийн засагч, санхүүч, бизнес судлаач мэргэжилтэй. СЭЗДС-ийн багш, “Чингис хаан” банк, “Анод” банк, “Хаан” банк, “Эм Си Эс” групп,  “Юнител” группийн газрын захирал, “Монголын Эдийн Засгийн Форум” ТББ-ын гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Банк санхүү, эдийн засгийн салбарт удирдах ажил хийж байсан туршлагатай эдийн засагч юм.

“Та бидний эвсэл”-ээс Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Энхбаярын Батшугар гэхэд АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. Дараа нь Америкийн “Жи Пи Морган” гэдэг хөрөнгө оруулах банкинд ажиллаж байсан. Лондон дахь салбарт нь ажиллаж байсан. Санхүүгийн зах зээл дээр ажиллаж, IPO хийдэг байжээ.  Сүүлд Монголдоо ирж Төвбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад нөлөө бүхий ажлын хэсгүүдийг удирдаж байжээ.

МАН-аас Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт нэр дэвшиж буй Хүрэлбаатарын Булгантуяа байна. Тэрээр Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. БНХАУ, АНУ-д Их сургуулиа дүүргэж, Зүүн Тимор, Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүдэд төслийн зөвлөх, төслийн удирдагч, “Оюутолгой” ХК-ийн  Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөх, “Петровис”  ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Сангийн дэд сайдаар ажилласан.

АН-аас Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт нэр дэвшиж буй Даваахүүгийн Пүрэвдаваа эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн. Нийслэлийн Засаг даргын орлогч, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байв. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, Экологийн асуудал хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллахдаа их хотын асуудлын гүнд орж, ажиллаж байхдаа нийслэлийн хамгийн том, хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийг удирдах үүрэг авчээ. Тэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа аль болох жишээ болж үлдэх ажлуудыг хийсэн. Богино хугацаанд үр өгөөж өгөх зүйлүүдийг л хийж үлдээхийг зорьсон байдаг. 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байна.

АН-аас Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн Эрдэнэбаатарын Долгион сэтгүүлч мэргэжилтэй, эдийн засгаар мэргэшсэн. Монголын эдийн засгийн дагнасан хэвлэл болох “Блүүмберг” телевизийн захирал, Засгийн газрын мэдээ сонины ТУЗ-ийн даргаар ажилладаг.

“Та бидний эвсэл”-ээс Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн Зуунайн Шагдарсүрэн Токиогийн Их сургуулийн төгсөгч  бөгөөд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Зуунай агсаны хүү юм. 2006-2008 онд дэлхийн санхүүгийн томоохон төв болох Английн нийслэл Лондонд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /EBRD/-ны төв оффист бондын санхүүжилт хариуцсан хуульчаар хоёр жилийн хугацаанд ажиллахдаа 10 гаруй тэрбум ам.долларын бондын санхүүжилтийг босгосон.

АН-аас Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа Банзрагчийн Түвшин Итали, Англи улсад нягтлан бодогч, эдийн засагч, бизнесийн удирдлагын менежер мэргэжил эзэмшсэн. Төсвийн үр ашиг, бүтээмжийн менежментийг нэвтрүүлэх, төрийн шинэ менежментийг нэвтрүүлэх, дундаж давхаргыг бат бөх болгох тухай асуудал хөнддөг нэгэн. Санхүүгийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн санхүүчдийн нэг.

Товчхон хэлэхэд, энэ сонгуулийн дараа, коронавирусын дараах эдийн засгийн хямралаас Монгол Улсыг ийм хэмжээний боловсон хүчнүүд буюу эдийн засагч мэргэжилтэй эд л авч гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.17  ЛХАГВА № 118 (6343)