Л.МӨНХСАЙХАН

 

Өмгөөлөгч, доктор

Сонгуулийн хуулийн маргаантай заалтаар ҮХЦ-д хандаж мэдээлэл гаргаад 112 хоногийн дараа шийдвэрлэв. Цэц өнгөрсөн арванхоёрдугаар сард парламентаас баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуульд нийцсэн гэж дүгнэв. Мэдээлэл гаргагчийн хувьд томилгооны хараат албан тушаалтан томилогчийнхоо шийдвэрийг дагах нь зүй тогтол энд давтагдлаа гэж дүгнэлээ. Ингэснээр Монгол Улсад Сонгуулийн хуулиар Эрүүгийн хуульд заасан “эрх хасах” ял оноодог боллоо. Хар дарсан МАНАН дундах ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэлийн дэлгэрэнгүй протоколыг хүргэж байна.

Б.Буяндэлгэр: -За сууцгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан нээснийг мэдэгдье.  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэнэ.

Б.Мөнхгэрэл:- Өнөөдрийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Давааням, Л.Мөнхсайхан, Т.Баярхүү, С.Номынбаясгалан, Ё.Бямбатогтох, Н.Чадраабал, Ц.Шаравдорж нар болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар хүрэлцэн ирсэн байна.

 Д.Солонго: -Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан даргалагч, эрхэм гишүүд ээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж,  иргэн Г.Давааням, Л.Мөнхсайхан, Т.Баярхүү, С.Номынбаясгалан, Ё.Бямбатогтох, Н.Чадраабал, Ц.Шаравдорж Д.Шонхоо нараас Монгол Улсын Их Хурлаас 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 3-.2.9, 32.3.11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлсэн билээ.  Үндсэн хуулийн цэцийн гишүүн миний бие иргэн Г.Давааням, Н.Уламбаяр, Л.Мөнхсайхан, Т.Баярхүү, С.Номынбаясгалан, Ё.Бямбатогтох, Н.Чадраабал, нарын мэдээллүүдийг урьдчилан шалгаж, түүнд дурдсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Цэцийн гишүүний 2020 оны 39, 40, 41, 45 дугаар тогтоолоор, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго иргэн Ц.Шаравдорж, Д.Шонхоо нарын мэдээллийг урьдчилан шалгаж, түүнд дурдсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Цэцийн гишүүний 2020 оны 42 дугаар тогтоолоор тус тус маргаан үүсгэсэн болно.

Нэг. Иргэн Г. Давааням, Н.Уламбаяр нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:    “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчжээ.

Хоёр. Иргэн Л.Мөнхсайхан, Т.Баярхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдэгдэлдээ:

“1. Сонгуулийн хуулиар ... иргэд нийтээрээ оролцох, шууд сонгох эрхтэй, иргэний сонгогдох эрхийг зөвхөн насаар хязгаарлах тухай мөн сонгуулийн хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулах харилцааг биш харин сонгуулийн журмыг тогтоодог тухай Монгол Улсын Үндсэн хуулийн хориннэгдүгээр зүйлд тусгасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хориннэгдүгээр зүйлийн 3,4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.”, “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. ...

Дөрөв. Иргэн Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

“ ... Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дэхь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгуулагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” ... гэсэн заалттай зөрчилдөж байна.

Тав. Иргэн Ц.Шаравдорж, Д.Шонхоо нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдэгдэлдээ:

“...Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн “Сонгох, сонгогдох” эрхийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн цэцийн 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсэгт “Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.” холбогдох материалын эх хувийг болон шаардлагатай бусад эх сурвалжийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнд танилцах боломжоор ханган Зөвлөлдөх тасалгаанд байрлуулсан болно. Энэхүү маргааныг хянан шийдвэрлэж өгөхийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлийн хуралдааны бүрэлдэхүүнээс хүсье! Анхаарал хандуулсанд баярлалаа.

Л.Мөнхсайхан: -Илтгэлийг бүрэн сонслоо. Энэ хууль тогтоох үйл ажиллагаа хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу явагддаг. Та мэдээж үүнийг биечлэн үзсэн байх аа гэж бодож байна. Хэргийн материалтай танилцахаар энд нэг ийм юм харагдаад байгаа юм. Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгууллатын байнгын хороо дэмжиж орж ирсэн хуулийн төсөл чуулганаар хэлэлцэх гэж байхад нэг гишүүний хэлсэн үгээр хуулийн төсөл тэр чигээрээ өөрчлөгдөөд үзэл санаа өөрчлөгдөөд Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн зөрчлийн шинж агуулсан хууль баталсан байдаг. Хууль батлах явц нь өөрөө Хууль тогтоомжийн тухай Монгол Улсын хуулийг зөрчсөн талаар судалж үзсэн болов уу. Илтгэлд сонсогдсонгүй.

Д.Солонго: -Энэ мэдээллийг шалгахдаа шаардлагын хүрээнд шалгадаг хуультай. Тийм учраас шаардлагад хууль тогтоомжийн тухай хууль, түүнийг зөрчсөн тухай асуудлыг нэгдүгээрт, дурдаагүй байсан. Хоёрдугаарт, ердийн хуулийн зөрчлийг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэдэггүй хуультай. Үүнийг та мэтгэлцээний шатанд эсвэл асуулт асуух шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуух боломжтой.

Л.Мөнхсайхан: -Дэгийн дагуу явагдсан байна гэж хэллээ. УИХ-ын Дэгийн тухай хуулиар Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн асуудал дээр дүгнэлт бол хийгээгүй юм байна.  Тийм үү. Дэгийн дагуу явсан гэж илтгэлдээ та хэлж байна шүү дээ. Горимын санал гэдэг чинь өөрөө Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн юм. Илтгэлд сая дурдагдаагүй болохоор асуусан юм.

Д.Солонго: -Та хуулийн дагуу танин мэдэхүйн шинжтэй л асуулт асуух боломжтой. Би ч бас тийм л байдлаар хариулна. Иймэрхүү асуудал руу халиад орчих юм бол та чинь намайг хууль зөрчүүлэх гээд эхэлж байна.

Б.Буяндэлгэр: -Энэ асуудлыг бол одоо …

Д.Солонго: -Би ингээд урьдчилсан санал дүгнэлтээ илэрхийлж байвал би өөрөө хууль зөрчих гээд байна шүү дээ.

Б.Буяндэлгэр:-Энийг бол ярилцах цаг байгаа. Та итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль тогтоогчоос асууж болно.

Н.Чадраабал: Яриулаач ээ.

Л.Мөнхсайхан: -Уучлаарай. Би өмнө нь нэг Цэцийн хуралд сууж үзсэн юм. Танин мэдэхүйн асуулт асууж болно гээд байх юм. Тэгэхээр би танин мэдэхүйн шинжтэй болгоод асууя.

Б.Буяндэлгэр: -Таны асуулт эрх зүйн шинжтэй болоод байна. Тийм учраас...

Л.Мөнхсайхан: -Танин мэдэхүйн гээд байх юм. Энэ чинь танин мэдэхүйн маргаан биш эрх зүйн маргаан явагдаж байгаа биз дээ.

Б.Буяндэлгэр: -Мэтгэлцээн эхлээгүй байна.

Л.Мөнхсайхан: -Илтгэлтэй холбогдуулж асуу гэсэн биз дээ даргалагч аа.

Б.Буяндэлгэр: -Та эрх зүйн шинжтэй асуулт асууж байна. Ийм асуултын хариултыг одоо гишүүн урьдчилж хэлж болохгүй шүү дээ. Дэгээ барьсан уу, үгүй юу гэдгийг бол …

Ё.Бямбатогтох: -За нэг юм асуучихъя. Энэ гаднын улс орнуудад туршлага гээд яриад байна. Бид Үндсэн хуулийн хүрээнд маргаан шийдэх гэж байгаа.

Д.Солонго: -Түүнээс гадна ижил төстэй маргааныг Үндсэн хуулийн шүүхийн болон Үндсэн хуулийн хяналтын байгуулллагууд хэрхэн шийдвэрлэж байгаа юм бэ? Гэдэг ийм туршлагыг бас үзэж судлах зорилгоор хийсэн ажиллагаа байгаа юм.

Н.Чадраабал: -Одоо бодвол та нар ингээд бас эрх зүйн талын маргаан байна гэх байлгүй. Эрүүгийн хуульд ер нь ‘’ялтай байх’’ гэсэн ойлголт байна уу. Эрүүгийн хуульд албан тушаалын гэмт хэрэг гэсэн ойлголт байна уу. Ямар зүйл заалт байна. Тэрийг судалж үзсэн юм уу. Одоо бодвол итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлана гэх байх. Энэ маргааныг шийдэж, хуралд оролцож байгаа иргэд ‘’албан тушаалын гэмт хэрэг’’, ‘’ялтай байх’’ гэсэн ойлголт эрүүгийн зүйлийн ямар зүйл заалтад байна вэ. Та энэ талаар судалж үзсэн үү.

Д.Солонго: -Мэдээж хэрэг 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулиудыг бид авч үзэж судлалгүй яах вэ. Тэгээд ч ямар ямар хэргийг энэ бүлэгт хамруулж үзэж байна вэ, шүүхээс яаж шийдвэрлэсэн бэ гэдэг талаар бид хариуцдаг байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлөөс лавлагаа гаргуулсан байгаа. Та нар танилцсан байх.

Н.Чадраабал: -Хуулийн тодорхой заалт дээр маргаад байгаа шүү дээ.

Н.Чадраабал: -Албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн байх гэсэн хуулийн тодорхой заалттай маргаад байгаа гэвч Эрүүгийн хуульд чинь ийм заалт байна уу. Үгүй юу. “Ялтай байх’’ гэсэн ойлголт байна уу. Үгүй юу. Ял шийтгэгдсэн байх гэж яриад байна шүү дээ.

Б.Буяндэлгэр: -За. Чадраабал гуай та үүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуух цаг ирнэ шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.17  ЛХАГВА № 118 (6343)