Т.БАТСАЙХАН

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.  Хэлэлцүүлгээр дараагийн шатны шүүх хурлыг энэ сарын 19-нд товлон зарлав.

“Та бидний эвсэл”-ээс өнгөрсөн баасан гаригт энэ асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатарт шаардлага хүргүүлсэн байдаг. Учир нь  МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгох, сонгогдох эрхээ хангуулахаар шүүхийн байгууллагад гомдол мэдээлэл хүргүүлсэн.

Гэвч гомдол гаргаад  20  гаруй хоногийн хугацаа өнгөрөхөд иргэний эрхийг хангах  хуралдааныг товлон зарлаагүй юм.   Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа  дуусахад хэдхэн хоногийн хугацаа үлдсэн.  Тиймээс  шүүх хэргийг шийдэхгүй удаасан нь улс төрийн шалтгаантай байж магадгүй гэсэн хардлага төрүүлж байгаа юм. 

Ямартай ч өчигдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хурлын хугацааг ирэх баасан гаригт товлон зарлаад байна.  Энэ үеэр “Та бидний эвсэл”-ийн сонгуулийн штабын хуулийн зөвлөх, өмгөөлөгч Л.Мөнхсайхан  “Шүүх маргааныг авч хэлэлцэж, үндсэн үүргээ биелүүлэхгүй байна.  Энэ нь МАНАН бүлэглэлийн талд үйлчилж байгаа хэрэг юм.   Уг нь бол сонгуультай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх түргэвчилсэн байдлаар хэлэлцэх ёстой.   Гэтэл шүүх байгууллага хэн нэгний захиалгаар хугацаа хожиж байгаа нь харамсалтай.  Хэрэв шүүх үнэнд гүйцэгдээд Н.Энхбаярыг сонгуульд бүртгэхээр болвол Баянгол дүүрэгт дахин санал хураалт явуулах эрхзүйн орчин бүрдэнэ” гэлээ.  

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Шүүхээс хуралдааны товыг 19-нд зарлалаа.  Ийм өрөөсгөл шударга бус шийдвэр гаргасанд харамсалтай байна. Хууль бус эрх баригчид, МАНАН бүлэглэл хамтран МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж улайран хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байна. СЕХ шударга ажилламаар байна. Үндсэн хуульд заасан сонгох сонгогдох эрх нь бүх бүхэнд нээлттэй.  Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярт хаалттай байна.  Мөн энэ удаагийн сонгуульд 30 гаруй яллагдагч, эрүүгийн хэрэгт холбогдсон болсон хүн амины хэрэг хийсэн хүмүүс нэр дэвшиж байна.  Гэм зэмгүй хүмүүсээ шүүж  байхаар энэ хэрэгтэнгүүдээ барьж хориод шалгах ёстой”  гэлээ. Хэргийг эргэн сануулахад, эрх баригчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэндээ Сонгуулийн хуульд тусгайлсан заалт оруулан баталсан.  Авлига албан тушаалын гэмт хэргээр шүүхээс ял сонссон бол нэр дэвших эрхгүй гэдгийг нэмсэн.  Гэсэн ч  2012 оны  Улсын дээд шүүхийн 775 тоот тушаалд Н.Энхбаяр албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.

Тухайлбал, тогтоолын хоёрдугаар хэсэгт “ТВ-9” телевизтэй холбоотой маргаан, МИАТ-ийн онгоцоор ном зөөлгөсөн гэх асуудал, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахсан гэх албан тушаалын хэрэг нь нотлогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Энэ шийдвэрээ анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулсан байдаг.  Тэгэхээр албан тушаалын гэмт хэрэгт буруутгагдаж шүүхээр шийтгэгдээгүй учраас өнөөдөр түүний нэр дэвших эрх нь нээлттэй гэсэн үг. 

Асуудал хуулийн байгууллагын хүрээнд ийм байтал нэр дэвшигчийн  материалыг бүрдүүлэх явцад ЦЕГ-аас лавлагаа гаргахдаа түүнийг албан тушаалын хэргээр шийтгүүлсэн мэтээр бичиж, ирүүлжээ.   Монгол Улс анхан, давж заалдах, дээд шүүх гэсэн гурван шатны шүүхээр аливаа хэргийг шийдвэрлэдэг.  Ингэхдээ Үндсэн хуульдаа Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна, түүнийг заавал дагаж мөрдөнө гээд заачихсан.   Гэтэл ЦЕГ-аас Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон лавлагааг  СЕХ-нд  ирүүлж түүний нэр дэвших эрхийг нь хязгаарласан байдаг.   Энэ асуудлын үнэнийг олж, сонгох сонгогдох эрхээ хамгаалахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа билээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.16  МЯГМАР № 117 (6342)