Т.САЙХАН

Эдийн засагч Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэх эсэх талаарх шүүх хурал өнөөдөр /06.12/ товлогдсон ч хойшлогдлоо. Шүүх хуралд иргэдийн төлөөлөгчийг сонгож оролцуулах журамтай ч томилогдсон иргэдийн төлөөлөгч тодорхой шалтгаангүйгээр ирсэнгүй гэх шалтгаанаар хойшилсон гэв. Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар “ Шүүх хурлын шийдвэрийг хүлээж 71 мянган хүн гарын үсэг зурсан.  Харамсалтай нь шүүх хурлыг техникийн шалтгаанаар хойшлууллаа. СЕХ намайг хоёр газраас нэр дэвшсэн гэх  ч тус байгууллагад нэг ч баримт байхгүй. Өнөөдрийн шүүх хурлыг хойшлуулсан нь иргэдийн төлөөлөгч ирээгүй гэдэг маш инээдэмтэй шалтгаантай. Хэн нэгнийг шүүх бүрэлдэхүүнд төлөөлөгчөөр сонгодог, нөгөө хүн нь утсаа салгаад алга болсон. Ийм л юм боллоо” гэв.

Өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир: “Гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралд иргэдийн төлөөлөгч оролцдог. Томилогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ирсэнгүй. Захиргааны шүүхийн тухай хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч ирээгүй бол талууд иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдаанаа үргэлжлүүлэх саналаа өгдөг. Бидний зүгээс иргэдийн төлөөлөгчгүй үргэлжлүүлэх саналаа өгсөн. Харамсалтай нь хариуцагч СЕХ-ны төлөөлөгч нь заавал иргэдийн төлөөлөгч байх ёстой гэсэн шалтгаанаар хойшлууллаа. Шүүх хурлыг үргэлжлүүлэх хуулийн боломж байсаар атал шалтаг зааж хойшлууллаа. Энэ байдлаараа СЕХ шүүх хурлыг хэдэн удаа хойшлуулахыг мэдэхгүй байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn