УИХ-ын сонгуульд МАН-аас Увс аймгийн 15 дугаар  тойрогт нэр дэвшигч Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар  нар  Увс аймгийн Тэс, Зүүнговь сумын ард иргэдтэй уулзлаа.   Тэс суманд БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбат байгаль орчны салбарт болон тойрогтоо, аймагтаа хийсэн ажлаа тайлагнаж, 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтуудаа танилцууллаа.

Тэс сум нь Монгол Улс болон Увс аймагт хүн ам, малын тоогоороо тэргүүлдэг томоохон сум. 10 баг, 5128 хүнтэй. Өнгөрсөн онд 287 мянган толгой мал тоолуулсан. Адуу, хонь үхэрийн тоогоор аймагтаа тэргүүлдэг. Мал аж ахуйгаа түшиглэж, өрхийн үйлдвэр үйлчилгээ эрхлэн, аймагтаа нийлүүлдэг хөдөлмөрч ард түмэн юм. Тухайлбал, аймгаа төдийгүй баруун аймгаа хангадаг брэнд бүтээгдэхүүн болсон Тэсийн голын бургасан гэрийн мод, Хар сур, Баяд эмээл , монгол болон цагаан ултай гутал зэрэг юм.

Мөн тус суманд Увс нуурын хөвөөнөө орших байгалийн баялагтай давсны цооног, байгалийн угаалгын нунтаг буюу буултны орд газартай онцлог сум.

Тус сумаас 2016 онд Б.Чойжилсүрэн нутгийн ах дүүсийн итгэл хүлээж сонгогдсон бөгөөд 11.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн “Өнгөрсөн хугацаанд манай суманд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Энэ ажлыг хийхэд сум, аймгийн удирдлага, иргэдийн санаачлагаас гадна Засгийн газар, энэ хоёр сайд маань байсан гэдгийг хэлье. Бүтээн байгуулалтаас тухайлбал, 150 хүүхдийн дотуур байр, хуучин байсан дотуур байр Азийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр засварт орсон. Одоо 100 хүүхдийн дотуур байр бий болгосноор Тэс сумын хүүхдүүд бүрэн дотуур байранд хамрагдах боломжтой болжээ. Мөн сумын төв 0.4 кв-ын цахилгааны шугамын өргөтгөл, сум төвийн 2,3 км зам, шилэн кабель, соёлын төвийн барилгын их засвар, харилцаа холбооны гурван дэд станц, доод дэд бүтэц, цэвэрлэх байгууламжууд, ЗДТГ шинээр баригдсан. Одоо бид хогны машинтай болно. 40 сая төгрөгийн тендер нь зарлагдсан. 320 хүүхдийн сургуулийн барилга шинээр барьж эхэлсэн. Багийн төвүүдэд ЭМТ шинээр барихаар төсөвт суусан байна” гэлээ. Иргэд МАН-аас 15 тойрогт нэр дэвшиж буй биднийг багаар нь хүлээн авч, хүчээ нэгтгэхээ илэрхийллээ.

Нэр дэвшигчид өчигдөр  Увс аймгийн Зүүнговь сумын иргэдтэй уулзав. Зундаа хамгийн халуун, өвөлдөө хамгийн хүйтний туйл гэгддэг, эрс тэс уур амьсгалтай газар юм.  Мөн баяд үүлдэрийн хонь, байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой.  Зүүнговь суманд өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, дотуур байрны их засвар, сумын төвийн хатуу хучилттай зам талбай, соёлын төв, спорт цогцолбор, 100 хүүхдийн цэцэрлэг гээд стандартын иж бүрэн тохижилт хийгджээ.  Мөн  3000 орчим хүн амтай, жилийн дөрвөн улирал тасралтгүй урсах худагтай. Уг худаг нь Зүүнговьчууд нутагтаа амьдран суух үндэс суурь болж оршдог. Нутгийн иргэдйн хэлж буйгаар сүүлийн 50 жил ямар ч тасралтгүй урсаж буй гүний худаг юм. Энэ бол онцгой гэж хэлж болохуйц тохиолдол. Цаашид худгийг хэрхэн хамгаалж, илүү урт удаан настай байхад анхаарах шаардлага өнөөдөр тулгараад буй. Н.Цэрэнбат сайдын хувьд  уулзалтын үеэр ийм худаг манай улсад ховор байдаг бөгөөд хайрлаж, хамгаалахад анхаарах болно гэдгээ хэлсэн байна.

Мөн уул уурхайд талхлагдаагүй байгалийн өвөрмөц тогтоц уг суманд бий. Багануур, Баяннуур гэх хоёр ч баянбүрд бий. Ямар ч хир тогтоогүй алтан элс энэ сумынхны хайрлан хамгаалдаг байгалийн баялагийн нэг мөн. Гагцхүү аялал жуулчлалын үндсэн суурь болсон нөхцлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг өнөөдрийн асуудал. Энэ бүхнийг бодлоор дэмжих баталгаат ундны усаа ашиглах, хамгаалах, байгаль орчны эко системийн тэнцвэрт байдлыг хангах, эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх гэхчлэн зорилтууд МАН -ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Энэ зорил-туудаа танилцуулж, иргэд ч таатай хүлээж авсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)