Т.САЙХАН
“Та бидний эвсэл”-ийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаяр Дархан, Орхон, Булган аймгийн сонгогчидтой уулзаж байна. Өчигдөр тэрээр үдээс өмнө Булган аймагт ажиллалаа. УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Булганд “Та бидний эвсэл”-ээс хүний их эмч Ширэндэвийн Булган, улс төр судлаач Баатарын Санчир нарыг нэр дэвшүүлж байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг очих үеэр нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Энэ үеэр иргэд нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би Ерөнхий сайд байхдаа Булган аймагт ирж “Мянганы зам”-ын шавийг тавьж байлаа. Тухайн үед иргэд маань нэг л итгэлгүй байсан. Одоо харин та бүхнээс асуумаар байна. Булган, Эрдэнэтийг холбосон хар замтай болсон уу. Энэ ажил маань амжилттай болсон. Тэгэхээр бид амласнаа биелүүдэг ийм л хүмүүс. Одоо бид багаараа “Та бидний эвсэл” болж ирлээ. Манай нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй” гэсэн юм.
Нэр дэвшигч Ш.Булган “Нутаг усаа түшиж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, танил тал, хамтран ажиллагсадынхаа дэмжлэгт найдсан өрсөлдөөнд оролцохыг хүссэнгүй. Би эх Монгол орныхоо зөв ирээдүйн төлөө анхдагчдын өлгий Булган нутгийг сонгож, та бүхнийхээ зөв сонголтод итгэн ийнхүү нэрээ дэвшүүлж байна. Миний бие булганчуудынхаа шийдвэрийг төрд хүргэх, төрийн зөв тогтолцоог бий болгох шинэ бодлогын төлөө тууштай ажиллах болно” гэсэн юм.
Булган аймгийн сонгогчидтой уулзсан “Та бидний эвсэл”-ийн удирдлагууд өчигдөр үдээс хойш Орхон аймагт ажиллалаа. Тус тойрогт эвслээс МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, “ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөр, доктор Б.Хэрлэн нар өрсөлдөж байна. Уулзалтын үеэр МУНН-ын дарга Б.Батболд “Бид Монгол хүнийг Монгол газар нутагт нь эзэн болгох олон тогтолцооны өөрчлөлтүүдийг хийнэ. Энэ өөрчлөлтийг хийхэд бидэнд баг хэрэгтэй. Харин МАНАН-г багаар нь дэмжвэл бүх зүйл хуучнаараа харин ч бидний амьдрал улам доройтох ийм цаг үе ирчихлээ. Монгол Улсын тусгаар тогтнол алдагдахад тун ойрхон болсон байна. Тэгэхээр “Та бидний эвсэл”-ийг багаар нь сонгоорой” гэдгийг хэлж байлаа.
Нэр дэвшигч П.Баттөр “Зургадугаар сарын 24 бол бидний ялалтын өдөр байх болно. Энэ өдрөөс эхэлж, Монголын тэнгэрт МАНАН арилж, нар мандана. Өнгөрсөн хугацаанд Монгол төр төр шиг байж чадсангүй. Харин зургадугаар сарын 24-нөөс хойш шударга ёс тогтоно. Монгол хүн бүр хууль шүүхийн байгууллагын өмнө тэгш эрхтэй байна. Монгол төр засаг иргэдийнхээ төлөө хариуцлага хүлээдэг ийм тогтолцоог бий болгож чадна. 28 жил шударга гэсэн баг зүүсэн улстөрчдөөс салах цаг болсон ” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.6.9 МЯГМАР № 112 (6337)