Т.БАТСАЙХАН
“ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөртэй ярилцлаа.
- Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Хуулийн онцлох өөрчлөлтүүдийг та юу гэж харж байна вэ ?
-Эрх баригчид Үндсэн хуулийн 19 зүйл, 30 гаруй хэсэгт өөрчлөлт оруулаад байна. 19 жилийн дараа хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт албан ёсоор баталгаажиж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс иргэдэд хамгийн түрүүнд хүрч үйлчлэх боломжтой зохицуулалт нь Хот тосгоны эрх зүйн байрлалтай холбоотой заалт байна. Дархан, Эрдэнэт гэсэн улсын чанартай хотуудыг Үндсэн хуульдаа хот болгон хуульчиллаа. Дархан, Эрдэнэтийнхэн маань өнөөдрөөс эхлээд их хотын иргэд боллоо. Та бүхэнд баяр хүргэе гэж хэлмээр байна.
-Дархан, Эрдэнэт хот болчихоор бүтэц зохион байгуулалтын хувьд ямар байх вэ гэдэг нь анхаарал татаж байна?
-Уг нь УИХ ажлаа зөв төлөвлөсөн бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд манай Эрдэнэт, Дарханыхан албан ёсоор хаяг, бичиг баримт дээрээ тэмдэглэгээ хийлгэж, хотын иргэд болох байв. Орхон аймгийн гэдгийг Эрдэнэт хотын иргэд гээд явчих боломжтой байлаа. Харамсалтай нь УИХ холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулж чадаагүй. Тийм болохоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжсэн ч хуучнаараа буюу Орхон аймаг гэсэн нэршлээр нэг хэсэг явах байх. Тэгэхээр дараагийн УИХ бүрдэж байж, хот тосгоны Эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа Эрдэнэт, Дархан хотын статусаа авна.
-Тэгэхээр Үндсэн хуульд тодорхой зааж өгөөгүй гэсэн үг үү?
- Тийм ээ. Ер нь Үндсэн хуулийн зүйл заалтуудыг эргээд харахаар Монгол Улс засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг гэдэг нэгжид хуваагдаж байгаа. Энэ өөрчлөлт бол яг хэвээрээ хадгалагдаж байгаа. Харин өөрийн чинь хэлснээр Орхон аймгийн юм уу, Эрдэнэт хотын тэр дүүрэг, Эрдэнэт хотын тэд дүгээр хороо гэдэг зохицуулалтыг оруулахын тулд Үндсэн хуульд засаг захиргаа, нэгж аймаг, нийслэл сум баг дүүрэгт хуваагдана гэдэг дотроо аймаг нийслэл, хот дүүрэг, хороонд хуваагдана гээд зохицуулчихсан бол ямар ч маргаан байхгүй. Харамсалтай нь хуульд дутуу харснаар энэ заалт шууд хэрэгжих боломжгүй байна. Цаашид холбогдох хууль тогтоомжийг юм уу, дахиж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийднэ. Эрх зүйн гаргалгаа бол байгаа. Үндсэн хууль бол эрхзүйн хувьд Монгол Улсын хамгийн том бичиг баримт. Энэ Үндсэн хуульд бусад хууль тогтоомжууд нийцэж, үйлчлэх ёстой болохоос биш Үндсэн хуулийн өөрийнх нь эрхийг хязгаарласан, Үндсэн хуулиар заасан харилцааг өөр бусад хуулиудаар хязгаарласан, хугацааг нь хойшлуулсан, хойшлуулах тухай асуудал байж болохгүй. Тэгэхээр Үндсэн хуульд юу гэж заасан байна тэрийг л хэрэгжүүлэх ёстой. Тэр битгий хэл хуульчид ярьдаг шүү дээ. Үндсэн хуульд тусгасан зүйл заалтуудаас илүүтэйгээр түүнд тусгасан үг, өгүүлбэр, цэг таслал нь хүртэл эрхзүйн үр дагаврыг шаарддаг гэж.
-Тэгэхээр Эрдэнэт, Дархан хотууд бүрэн статусаараа хот болж шилжихийн тулд хүлээлт үүсэх нь гэж ойлголоо ?
- Үйл явц, хуулийн заалтыг харахаар яг тийм хүлээлт үүсчихлээ. Яахав өнөөдөр хот болж байна гэдэг нь сайхан. Гэхдээ хотын статусыг авч үзээд дүүрэгтэй, хороотой болгохын тулд бас л бидэнд эрхзүйн том маргаан үүсчихлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.26 МЯГМАР № 103 (6328)