А.ДОРЖХАНД
“Зууны мэдээ” сонины “Монгол өв соёл” буланд Төв аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэцэгжаргалыг урьж, түүхэн дурсгалт газруудын талаар ярилцлаа.
-Танай орон нутгийн музей байгуулагдаад хэчнээн жил болж байна вэ. Энэ талаар ярилцагаа эхлэе.
-Төв аймгийн орон нутгийн музей анх 1951 онд байгуулагдсан. Тухайн үеийн Бага хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр орон нутгийн кабинет нэртэйгээр байгуулж байсан бол 1966 оноос “Орон нутгийг судлах музей” болгон өөрчилсөн. Харин 1991 оноос одоогийн нэршлээр буюу “Төв аймгийн музей” хэмээн нэрлэж үйл ажиллагаагаа улам их өргөжүүлэн ажиллах болсон. Ирэх жил бид 70 жилийнхээ ойтой золгох гэж байна. Музей маань Төв аймгийн түүх, байгалийн, түүх шашны, алдартны, угсаатны, гадаад харилцааны, түр үзэсгэлэнгийн гэсэн долоон танхимаас бүрддэг. Сан хөмрөгтөө 5000 гаруй үзмэртэй бөгөөд дээрх долоон танхимд 2000 гаруй үзмэрүүд тавигдсан.
Музейг маань үзэж сонирхохоор жилдээ гадаад, дотоодын жуулчид нийлсэн 18 мянга гаруй хүн ирж үйлчлүүлдэг. Бусад аймгуудын музейтэй харьцуулахад гадаад танхимтай гэдгээрээ онцлогтой. Тус танхимд манай аймагтай харилцаатай байдаг бусад улсын хот, мужуудын холбогдолтой үзмэрүүд байдаг. Тухайлбал, ОХУ-ын Курган, БНСУ-ын Ганвон, Японы Тоттори зэрэг хот болон мужуудын дурсгалт зүйлс бий. Үүнээс гадна Манзушир хийд дэх музейн үзмэрүүдийг жуулчид илүүтэй үзэж сонирхдог.
-Манзушир хийд дэх салбар музей ямар онцлогтой, юугаараа хүмүүсийн сонирхлыг илүүтэй татаж байна вэ?
-Манзушир хийд нь он удаан жилийн түүхтэй. Тухайн үедээ олон лам нар хурж, тэр цаг үеийнхээ соён гэгээрүүлэх үйлсэд тодорхой нөлөө үзүүлж байсан гэдгээрээ ихэд онцлогтой. Гавжийн дамжаа болон, одон орны судлал ч байсан гэдэг. Тус хийдээс Ганжуур, Данжуур хэмээх хоёр судар олдсон нь Төв номын санд хадгалагдаж байна. Мөн Богд хан уулынхаа өвөрт оршдог ба анх баригдсан түүх нь ч их сонирхолтой байдаг. Хийдийн шавыг анх тавихаар явахад чулуугаар сийлсэн “Цагаан өвгөн” болон “Найдан бурхан” олж хийдийнхээ шавыг тавьсан түүхтэй. Сүүлчийн хутагт Цэрэндорж нь 1937 онд хилс хэргээр баригдан таалал төгссөн. Өнөө хийдээс зөвхөн туурь үлдсэн хэдий ч тухайн үед сийлсэн бурхадын дүр одоо ч хэвээрээ байна.
Энэхүү хийдийн салбар музей нь байгалийн болон шашны музей гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Түүх дурсгалын хосгүй үнэт дурсгал болох хадан дээрх бурхадыг хамгаалахын тулд музейн ажилчид бид хүчээ дайчлан ажиллаж байна. Үүнээс гадна манайд байгалийн дурсгалт газруудын тухайд 450 цэгийн 5000 гаруй дурсгалт газрууд бүртгэгдээд байна. Үүн дээр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
-Танайд байгалийн дурсгалт олон газрууд байдаг байх аа?
-Мэдээж маш олон дурсгалтай газрууд байна. Манайд Тонюукукийн болон Хүннү, Түрэгийн үеийн хүн чулуунууд, буган хөшөө зэрэг дурсгалууд бий. Үүнээс энэ онд 17 дурсгал улсын хамгаалтанд орлоо. Жуулчдын ихээр сонирхдог газруудаас нэрлэвэл Дэлгэрхаан суманд орших Цогтын дуутын хадны бичиг, мөн Эрдэнэ суманд орших “Гүнжийн сүм” байна. Урин цагт тус сүмд очвол байгалийн үзэсгэлэнт газар оршдог учраас тойроод залуухан төгөлтэй. Мөнгөнморьт суманд орших “Сарьдагийн хийд” байна. Сүүлийн малтлагаар олон шавар бурхадууд олдоод байгаа ч жил болгон малтлага судалгаа мөн хийгдсээр байна. Түүнчлэн зорьж ирж сонирхвол эртний дурсгалт газрууд орон нутагт минь олон бий.
-Танай аймгаас олон урлаг соёлын алдартнууд төрөн гарсан гэдгээрээ онцлогтой байдаг. Харин ямар аялгуугаар дуулдаг юм бэ?
-Үүнийг ярихаас өмнө урьтаад манай аймаг бол төв газар буюу олон хөлийн газар гэдгийг сануулая. Түүнийгээ дагаад олон ястан оршин суудаг. 2015 оны хүн амын тооллогоор 16 ястан тоологдсон байна. Тиймээс ийм, тийм аялгуугаар дуулдаг байсан гэхээсээ илүүтэй хуучны найран дээр дуулдаг уртын дуунууд нь ижил, голдуу “Түмний эх”-ээр дуулж эхлүүлдэг байсан. Харин боржигончууд буюу “Баянцагаан” Баян-Өнжүүл зэрэг сумынхан “Баянбараат” буюу Боржигон уртын дуугаа дуулдаг. Энэ талаар би жил судалсан. Боржигон уртын дууны хувьд амьдралын гүн ухаанаас урган гарсан аялгууны хувьд чимэглэл ихтэй, Төв аялгуугаар дуулах нэг түрлэг дууг хоёр болгон дуулдаг ба найрлах үедээ “Зээ жаа” “ай хөө зээ хөө” гэх мэт үгсээр нэмж чимэн дуулдаг. Энэ уртын дуу нь ихэвчлэн хурдан хүлэг морьдыг байгалийн сайхантай харьцуулсан байхаас гадна сайн нөхөр, үнэнч амрагийн тухай өгүүлдэг.
Харин “Баянбараат” уртын дууны тухайд 1650-иад оноос үүсэлтэй гэдэг ба шашны зан үйлийн хүрээнд хурал уншлагын аялгуутай хослуулсан үг, утга санааг нь илэрхийлсэн ая дантай. Аялгуу тус бүр нь өөр ая дантай ба бусад газрын дуучид дагаж дуулж чаддаггүй хэмээдэг. Энэхүү хоёр аялгуугаар дуулдаг дуучид ховордож байгаа төдийгүй өдгөө СТА Д.Адзана, С.Алтанбаяр гуай нар байна. Өвлөгдөж ирсэн биет бус өв маань үр хойчид минь үлдээсэй л гэж хүсдэг дээ.
-Танай музей цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх вэ?
-Хүүхэд багачууд их сонирхож үздэг амьтдын чихмэл дээр ажиллаж байна. Хуучин Я.Цэвэл, Долгор нар бүтээж байснаараа онцлогтой. Мөн уламжлалт тоглоом наадгай болох шагай няслах зэрэг тоглоомуудыг аль болох сэргээхийг хичээдэг. Манай хамт олон өв уламжлалаа улам их таниулж нутаг орныхоо үнэтэй дурсгалуудыг хадгалан хамгаалж ажиллахыг зорилгоо болгон гар бие сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллаж байна. Үндэстэний хамгийн үнэтэй зүйл бол эд баялаг бус түүхэн дурсгал болон эртний ховор нандин олдворууд юм. Бид тэднийг хүүхэд шигээ хайрлаж хамгаалах нь чухал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.22 БААСАН № 101 (6326)