Т.САЙХАН

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг хүргэж байна. 

 

-Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна.  Та өнгөрсөн дөрвөн жилийг хэрхэн дүгнэх вэ?

-2016 оны УИХ-ын сонгуулиар АН есөн суудал авч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, ажиллалаа.  МАН үнэмлэхүй олонхи болсон ч үр бүтээлтэй ажиллаж,  чадсангүй.   Анх Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байна гэж, энэ дарамтаас гаргана гэж амлаж гарч ирсэн.  Гэвч МАН өнөөдөр иргэн бүрийг 27 сая төгрөгийн өртэй болголоо. Өнгөрсөн дөрвөн жил МАН амлалтаа биелүүлээгүй. Есөн төрлийн татвар нэмж, үүнийгээ ОУВС-гаар халхавчилсан. Хэтийдсэн тансаг зардлын хэмжээг танах боломжтой байтал ард түмнийхээ халаасыг ухах замаар улсын төсвийн орлогыг нэмэгдүүллээ. Хүн амын орлогын албан татварыг гурав, дөрвөн удаа нэмсэн. Үр дүнд дундаж, чинээлэг давхарга нь бүүр доошоо унасан. НДШ-ийг нэмэгдүүлснээр далд эдийн засаг бий болж, ажил олгогч нар бэлэн мөнгөөр цалингаа  тавьдаг болж даатгалын сан эрсдэлд оруулж байна. Шатахууны татварыг үе дараатай нэмсэн.  Ийм л үр дүнтэй ажиллажээ. 

-Өмнөх дөрвөн жилд танай нам эрх барьж байсан.  Та бүхний алдааг засч ажилласан гээд байдаг.  Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Харин ч манай  засгийн хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг зогсоосон.  Тухайлбал, Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, оюутны далан мянгыг зогсоосон. Ипотекийн зээлийг зогсоосон гээд иргэдийн амьдралыг  сайжруулах хөтөлбөрүүдийг үгүй хийсэн. Ажилгүйдэл ядуурлыг бууруулна гэчихээд эсрэгээр нь нэмэгдүүлсэн. 2016 онд ядуурал 21 хувь байсан бол өнөөдөр Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 33 хувь болсон байна.  Түүнчлэн авлигыг бууруулна гэж амалж гарч ирсэн ч олон улсын индексээр 86-д байсан манай улс 106-д орж буцаж ухарсан. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсных нь үр дүнд Монгол Улс саарал жагсаалтад ороод байгаа. Өнгөрсөн дөрвөн жил МАН-ын гаргасан бүх шийдвэр ард түмний  орлогыг бууруулж, бодит амьдралын баталгааг дордуулж амлалтаа биелүүлээгүй дөрвөн жил байлаа.  Үүний хажуугаар МАН-ын гишүүд, Төрийн сайдын компаниуд ЖДҮХС-гаас зээл авч, хуурамч шатахуун үйлдвэрлэж, ард түмний халаасыг хоосолж, татвараас зайлсхийсэн байна. Өнгөрсөн 2012-2016 оны хооронд Ардчилсан намын Засгийн газрын үед муу хэлүүлээд байсан бондын санхүүжилтээс ХАА, ЖДҮ-гийн импортыг орлох, экспортыг дэмжих 888 төсөл хэрэгжүүлсний үр дүнд 10 хувьд хүрээд үүнээс хойш өдийг хүртэл гацсан байдалтай хэвээр байна. Өнөөдрийн байдлаар малчдын ноос, нэхий арьс шир үнэгүйдэж жалганд хог болон хэвтэж байна гэдгийг малчин ард иргэд нийтээрээ хэлж сануулж байна. Иймээс бодит нөхцөл байдал зорилгоосоо өөр нөхцөл байдалтай байгааг харуулж байна. Энэ байдлаас харахад эдийн засгийг хэвийн хэмжээнд нь оруулахад дор хаяж хоёр засгийн газрын маш их хүчин чармайлтын үр дүнд засаж залруулах хэмжээний алдаатай бодлогоор өнгөрсөн дөрвөн жилд ажилласан байна.

-Та хамгийн сүүлд НӨАТ-ыг 10 хувь байсныг таван хувь болгож өөрчлөх хуулийн төслийг өргөн барьсан.  Энэ юу болсон бэ?

-УИХ хэлэлцээгүй. 10 хувийн татвар нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалд тодорхой үр дүнгээ өгсөн. Өөрөөр хэлбэл, НӨАТ нь аж ахуйн нэгжүүдийн орлогыг бүртгэх үндсэн үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн. Гэвч иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл учруулж байгааг харгалзан таван хувь болгож багасгах зайлшгүй шаардлагатай байлаа. Мөн  цар тахлаас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосноор жижиг, дунд үйлдвэрүүд хаагдаж, ажилчдаа цомхотгож эхэлсэн энэ үед НӨАТ-ыг багасгах нь эдийн засгаа дэмжих хамгийн чухал арга хэмжээ хэмээн төсөл санаачилсан.  Гэвч парламент  иргэд, жижиг  аж ахуй нэгжээ дэмжих бодлого хэрэгжүүлэх дургүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.20  ЛХАГВА № 99 (6324)