С.УЯНГА

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар  парламентын отгон чуулганаар баталсан Их Хурлын тухай болон Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Их Хурлын тухай хууль долоон бүлэг, 51 зүйлтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн ард түмний засаглах эрхийг хангахад энэ хуулийн зорилго оршиж байна. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага бол ард түмнийг төлөөлөх гол байгууллага гэдгийг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд тодорхой зааж өглөө. УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудлыг чангаруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, тангаргаасаа няцаж, хууль зөрчвөл хариуцлага хүлээх нарийвчилсан зохицуулалтуудыг оруулж өгснөөрөө чухал ач холбогдолтой. 

УИХ-ын гишүүдийн тодорхой эрхүүдийг хязгаарласан. Тухайлбал, өмнө нь гишүүд тойрог бүртээ төсөв тавиулж, төсвийн орлого болон зарлагын хэмжээг нэмэгдүүлж, өрөнд оруулдаг байдал хавтгайрсан байсныг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд, улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлах эрхийг нь хязгаарлав. Түүнчлэн гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдаг байдлыг хязгаарласан. Тодруулбал, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй байхаар тусгасан. Мөн санаачлах хуулийн төсөлд хязгаар тогтоож өгсөн төдийгүй бусдыгаа гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээж байхаар тусгасан” гэдгийг онцоллоо. Их Хурлын тухай хуулийн шинэчлэлээр УИХ-ын чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг ажлын 75-аас доошгүй хоног байхаар нэмэгдүүлсэн юм. Намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдөр эхэлж, хоёрдугаар сарын 1-ний өдөр дуусахаар, Хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр эхэлдэг байхаар тусгажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.14  ПҮРЭВ № 95 (6320)