Б.ДАМДИН-ОЧИР

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг энэ сарын 4-ний үдэш АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийнхэн баривчилжээ. Түүнийг 15 хоногийн хугацаагаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Д.Ариунболдыг баривчилсан нь “Эрдэнэс Таван­толгой” ХК, “Таван­толгой” ХК-ийн хил дамнан байсан нүүрсэн мөргөцөг алга болсон хэрэгтэй хол­боотой гэх мэдээлэл тарсан.

Д.Ариунболд гэдэг хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсныхаа хувьд золиос болж байх магадлал өндөр юм. Учир нь дээрх нүүрсний хулгай бол Д.Ариунболдыг баривчилсан шалтгааны зөвхөн нэг нь гэж харж болохоор байна. Мөн Д.Ариунболд ч хуулийнхны шалгаж буй хэргийн нэг л гэрч төдий гэж ойлгогдохоор мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, хууль хяналтын байгууллагынхан хам­тар­сан өргөн бүрэлдэ­хүүнтэйгээр Тавантолгойн ордын нүүрстэй холбоотой хэргийн шалгалтыг хийж эхлээд байна. Энэ томоохон хэргийг шалгахад Тавантолгойн нүүрстэй хамаарал бүхий улс орны хууль хяналтын байгууллага ч хамтран ажиллаж байгаа юм байна. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлцэл, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, түүний дундаас хууль бусаар ашиг хүртдэг гэх байнга яригддаг мэдээлэл зэргийг шалгаж буй бололтой байна.

Зарим хэвлэлд, хэргийн учиг УИХ-ын нэр бүхий гишүүд, Байнгын хорооны дарга зэрэг хүмүүс рүү хөвөрч байгаа тухай мэдээлсэн. Үүнд хууль хяналтын байгууллага ч зохих хариултыг өгчээ.

Тэгвэл энэ хэргийн хүрээ зөвхөн хэдэн УИХ-ын гишүүнийг шалгаад зогсохгүй нь бололтой. Нэмээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоо улс төрийн намын томоохон албан тушаал хашиж байгаа этгээд, мөн төрийн өмчит компанийн захирал, өөр бусад хүмүүсийг хамруулсан шалгалт  явагдаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.13  ЛХАГВА № 94 (6319)