Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /11.29/ нэгдсэн хуралдаанаар  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцэж байна. Нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж байна. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Ийм дэг хэрэггүй байсан юм. Бид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад шууд Засгийн газарт нь буцаах ёстой байсан. Засгийн газарт буцаахгүйгээр хэлэлцээд явахаар төсөв Их хурлын бүрэн эрхийн асуудал болчихож байгаа юм. Нэг ёсондоо гишүүд төсөв дээр дураараа санал оруулж болно гэсэн үг. Ийм нөхцөл байдал үүсгэчихлээ. Дараа жил ажлын хэсэг нь Засгийн газрын өмнөөс хариуцлага хүлээх юм уу. Энэ нь Засгийн газар Их хурлын дунд асар том зөрчлийг үүсгэнэ. Төсвөө Засгийн газарт буцаагаад Засгийн газар өөрчлөх юмаа өөрчлөөд буцаагаад өргөн барих ёстой байсан.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:  -Төсвийг эхнээс нь хэлэлцэхгүй бол олигтой төсөв болж чадахгүй. Төсвөө алдагдалгүй болгож чадах юм уу. Манай нүүрсний үнэ унаж байна. Гаднын нөхцөл байдал нэлээд өөр болчихлоо. 2025 онд найман хувийн эдийн засгийн өсөлт байхгүй байх. Мөн улсын төсвөөр бүх асуудлыг шийднэ гэж болохгүй. Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төсвийн оролцоог багасгана гэсэн. Гэтэл сонгогчдоо залилаад байж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Бид нэг удаа хэрэглэх дэг гэж хэлэлцээд байна. Гэтэл төсөв хэлэлцэх гэж байгаа. Төсөв бол өөрийн тусгай дэгтэй. Төсвийн дэг зохиож хэлэлцвэл энэ Цэц дээр унана шүү. Төсөв батлагдаад хүчин төгөлдөр л болоогүй байхгүй юу. Муу төсөв гээд бүгд яриад байна. Тэгвэл эхний хэлэлцүүлэг дээр нь төсвийг буцаах байсан. Буцаагаагүй учраас УИХ-ын бүрэн асуудал болсон. Төсөв дээр УИХ орлого, зарлага нэмж болохгүй. Бусад бүх зохицуулалтыг хийж болно. Төсвийн төслийг хэлэлцэх тусгай дэгтэй.Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хоёрдугаар хэлэлцүүлгээс явна гэсэн зохицуулалтыг Дэгийн хуульдаа хийчихвэл ямар ч асуудал байхгүй. Одоо бид төсвийн хуулийн төсөл хэлэлцэн батална. Хориг тавилаа гээд өөр хууль болоогүй. Хэрэв зохицуулаагүй гээд өөр дэгээр явбал Цэц дээр унана.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу:- 2025 оны Төсвийн тухай хууль батлагдчихсан. Одоо бол хуулийн төсөл биш гэж ойлгож байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: -Ажлын хэсэг дээр яригдсан асуудал. Төсвийг Засгийн газарт буцаах боломжгүй юм билээ. Хэрвээ буцаана гэвэл хуулиа хүчингүй болгох л боломжтой. Төсвийн хуулиа хүчингүй болгоод ямар хуулиар явах вэ гэхээр тэр нь байхгүй. Гацаанаас гарахын тулд нэг удаагийн дэг оруулж ирж байгаа. Энэ бол гарц мөн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -Төсөв хэлэлцэхтэй холбоотой асуудлыг энэ ондоо багтаж халуун дээр нь шийдье гэсэн. Тэгэхгүй бол төсөв хэлэлцэхтэй холбоотой асуудал үүсэхэд УИХ-ын гишүүд өөрсдийн санаа бодлыг бүрэн тусгаж чаддаггүй. Төсвийн үр ашигтай байдал дээр бодитой дүгнэлт гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй асуудлууд хүртэл энд хөндөгдөж байгаа. Энэ удаагийн 126 гишүүнтэй парламент асуудалд ажил хэрэгчээр хандах нөхцөл боломжууд өргөн хүрээнд тавигдсан. Анхны төсөв учраас аль аль Дэг нь шинэ, гишүүд нь шинэ учраас  өнөөдрийн асуудлууд үүссэн. Үүнийг тал талаасаа ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин дараа жилийн төсөв хэлэлцэх үед дахин ийм хэмжээний алдаа гаргахгүй, гишүүд оролцоогоо бүрэн хангахын тулд Төсвийн тухай хууль, Дэгийн тухай хууль, Төсвийн хүрээтэй холбоотой асуудлууд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт гэх мэт олон зүйлийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хоорондоо зөрчилгүй байя гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. 

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр 2025 оны Төсвийн хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг баталж чадсангүй.

Эх сурвалж:www.polit.mn