Т.САЙХАН
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Ирээд “Тоёоко Инн” зочид буудалд 21 хоног тусгаарлагдаад дөрөвдүгээр сарын 24-нд зочид буудлаасаа гарч, гэртээ очсон байдаг.
Тэрээр Эрүүл мэндийн сайдын баталсан “Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журам”-ын дагуу гэртээ дахин өөрийгөө тусгаарлах учиртай. Энэ талаар экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 24-ний өдөр твиттертээ “Эндэх карантин өндөрлөж, гэрийн 14 хоногийнх эхэлнэ. Тусалж, дэмжиж, сэтгэл санаагаар үргэлж хамт байсан бүх хүмүүст баярлаж байна” хэмээн жиргэж байв.
Эрүүл мэндийн сайдын баталсан дээрх журмаар тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ажиглалтаас гарсан хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.
Хэрвээ тухайн иргэд гэрээсээ гадагшаа гарах, интернэтээ унтраасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
Мөн энэ хүмүүсийг сум, дүүргийн засаг захиргаа болон хүчний байгууллага хамтран гэртээ 14 хоног байхад нь хяналт тавина" гэж байв.
Шуурхай штабын дарга бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байрнаас гарахад нь өөрийгөө гэртээ үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлан дэглэм сахих гэсэн албан ёсны батламж дээр гарын үсэг зуруулаад авч байна. Гэртээ байгаа эсэхийг хөршөөр нь дамжуулан хянана. Мөн гар утасны аппликейшнээр дамжуулан хянах боломжийг хэрхэн хийх талаар судалж байгаа” гэлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Тусгаарлагдах байрнаас гарсан иргэд 14 хоног гэртээ тусгаарлагдах ёстой. Дээрх иргэдийн хаалга, хашааны үүдэнд “Тусгаарлалт 14” гэсэн бичиг наана. Ийм тэмдэглэгээтэй газрыг тойрч, орохгүй байх хэрэгтэй байна” гэсэн юм.
Мөн албан эх сурвалжууд
“Гэртээ тусгаарлагдаж буй иргэд 14 хоног гадагш гарахгүй байх
Мөн гэр бүлийн гишүүдтэй зайнаас харилцах
Гэртээ зочид урихгүй байх
Нэг ширээнд, нэг тавагнаас хамт хооллохгүй байх
Аяга таваг, халбага сэрээг тусдаа хэрэглэх, өөр аяга тавагтай нийлүүлэхгүй байх
Ганцаараа тусдаа унтах гэх мэт зааварчилгааг өгдөг.
Мөн тусгаарлагдах үеийн дүрмийг зөрчвөл нэг сараас нэг жил хүртэлх хугацаанд хорих ялтай байдгийг ч мөн сануулж, гэрээ байгуулдаг” гэсэн тайлбарыг өгч байлаа.
Тэгвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх журмыг зөрчсөн гэж мэдээлэл бидэнд ирсэн юм.
Тэрээр 2020 оны тавдугаар сарын 2-ны өдөр буюу гэртээ тусгаарлах хугацаа дуусахаас зургаан хоног дутуу байхад зочидтой уулзсан байна.
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Ерөнхий сайд асан С.Баяр, НИТХ-ын дарга асан, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга нар уулзсан гэх мэдээлэл байна.
Бид энэ мэдээллийг Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаас тодруулахад “Улсын Онцгой комисст энэ тухай мэдээлэл ирээгүй. Гэртээ тусгаарлагдсан хүмүүст хяналт тавьж байна. Байнгын эргүүл ажиллаж байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд хүмүүстэй уулзах боломж байхгүй” гэсэн хариуг өгсөн юм.
Тиймээс энэ талаар Улсын Онцгой комиссоос гадна хараа хяналт тавих учиртай Хан-Уул дүүргийн ЗДТГ, Цагдаагийн газар үнэн бодитой хариу тайлбарыг олон нийтэд өгөх биз ээ.
Учир нь Монгол Улсын иргэн хэн ч ийм онцгой үед төр засгийн зүгээс гаргасан дүрэм журам, хууль тогтоомжийг хөдөлбөргүй мөрдөх ёстой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.6 ЛХАГВА № 89 (6314)