Т.САЙХАН

МАН-ын бүлэг өнөөдөр /05.04/ хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргажээ.  Тухайлбал, "Алсын хараа 2050" хөтөлбөрийг хэлэлцэж, энэ долоо хоногт батлахаар болсон байна.  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Сонгуулиас өмнө "Алсын хараа 2050" бодлогын баримт бичгийг батлах зүйтэй гэж үзсэн.  Үндсэн хуулийн дараа орох том баримт бичиг гэж үзсэн гэлээ.  Энэ үеэр бүлгийн гишүүдээс сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав. 

-МАН нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ?

-Сонгуулийн хуулиар нэр дэвшилт энэ сарын 10-16-ны хооронд явна. Манай намын Бага хурал 15-16-ны хооронд хуралдаж нэр дэвшигчээ эцэслэн шийдвэрлэнэ. МАН-д хагарал гэж байхгүй. Сонгуулийн өмнө ямар ч асуудалгүй эв нэгдэлтэй байгаа. Намын даргын хэлсэн зарчмын дагуу нэр дэвшигчдээ тодруулна. 

-Нөхцөл байдалтай холбоотойгоор сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

-Энэ жилийн сонгууль нөхцөл байдлын хувьд хүндэрч магадгүй байгаа. Коронавирусын цар тахал хэвийн хэмжээндээ байвал сонгуулийн сурталчилгаанд нөлөөлөх зүйлүүд байгаа. Коронавирусын эсрэг хуулийг УИХ баталсан. Энэ хуульд тодорхой хязгаарлалт хийж өгсөн. Засгийн газар, СЕХ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Өнөөдрийн нөхцөлд сонгууль явуулбал сурталчилгаа хэрхэн явуулах, хязгаарлалтын дэглэм хэрхэн явуулах, хүн амыг сонгуульд ороход хязгаарлалтын дэглэм хэрхэн барих талаар СЕХ санал боловсруулсан байна лээ. Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан. Үүнийг Засгийн газарт танилцуулсан. Коронавирустэй холбоотой нэмэгдэж байгаа зардлыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Сурталчилгаа хэрхэн явуулах вэ гэдэг нарийн зүйлүүд бий. Энэ чиглэлээр УОК тодорхой шийдвэр гаргана.

Эх сурвалж:www.polit.mn