Т.БАТСАЙХАН

 

УИХ-аас баталсан  Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан.  Тодруулбал, энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө УДШ-д бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг УИХ-ын гишүүнээр нэр дэвшүүлэх эрхтэй”, мөн эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна” гэж заасныг түдгэлзүүлсэн билээ.   Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргав.  Түүнчлэн парламент өнгөрсөн долоо хоногт Цэцийн өөр нэг шийдвэрийг буцаагаад байгаа юм.  Тодруулбал,   ҮХЦ-ээс 1992 оны арванхоёрдугаар сард гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтнуудад холбогдох заалтыг хянана гэж шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлтийг буцаасан юм. 

Гишүүд эдгээр асуудлыг хэлэлцэхдээ Цэцийн хууль, Сонгуулийн хуулийн зөрчил, гэхээс илүү Цэцийн гишүүдийн ёс  зүйтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж байв.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуулийн цэцэд байх ёсгүй хүн тэнд байна. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал Үндсэн хуулийн цэц дээр үйлчилдэггүй юм уу.  Тухайлбал, Нанзаддорж гэдэг хүн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугартай нийлж, Хөтөлийн цемент,  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилсан. Худалдаа хөгжлийн банктай нийлж "Сарны титэм"-ийг авсан. Ийм хүнийг  ҮХЦ-ийн гишүүнээр томилчихсон.  Би энэ асуудлыг зөндөө эсэргүүцэж байсан” гэлээ. Түүнчлэн цэцийн хоёр гишүүний  бүрэн эрхийн хугацаа дууссан учраас гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр биш гэсэн асуудлыг хөндөж байв.  Улмаар бүрэн эрхийн хугацаа нь дууссан  гишүүдийн асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүхэд ханджээ.  Гэсэн ч ямар нэгэн хариу  өгөөгүй  гэдгийг тус байнгын хорооны дарга Х.Нямбаатар онцолж байв. Уг албан бичгийг тус байнгын хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард хүргүүлсэн гэлээ. Тэгэхээр  Цэцийн хууль болон Сонгуулийн тухай хуультай холбоотой маргаануудыг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх  нөхцөл байдал үүсч байна.

Түүнчлэн өчигдрийн чуулганаар СЕХ-ны гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. СЕХ-ны гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж,   Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарыг томилохыг дэмжсэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Улс төрийн намуудын улстөржилт сонгуулийн жил өндөрсдөг. Хоёрдугаар сарын 1-нээс хойш хичнээн шилжилт хөдөлгөөн хиийгдэв. Аль аймагт нэмэгдэв" гэхэд

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж "Улсын бүртгэлийн байгууллагаас хоёрдугаар сарын 1-нээс иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хооронд дунджаар иргэний шилжилт хөдөлгөөн 35-36 мянга хүрч ихэссэн" гэлээ.

Үргэлжлүүлэн чуулганы  хуралдаанаар  УИХ-ын хуралдааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын долоон гишүүн  өргөн мэдүүлсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.1  БААСАН № 86 (6311)