Г.ОТГОНЖАРГАЛ

 

Хил хамгаалах байгууллага сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн. Энэ талаар ХХЕГ-ын Төлөвлөлт хангалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Баттулгатай ярилцлаа.

Сулинхээрийн отряд.

-Сүүлийн дөрвөн жилд Хил хамгаалах байгууллагын хэмжээнд хилчдийн хүнс, хувцас хэрэглэл шинэчлэгдэж, барилга, байгууламжийг шинэчилсэн гээд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Урьд өмнө нь ийм шинэчлэлийг хийж болдоггүй байсан юм болов уу. Эсвэл шинэчлэн батлагдсан Монгол Улсын Хилийн тухай хуультай холбон тайлбарлагдах уу?

-Монгол Улсын Хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш арав гаруй удаа шинэчлэгдсэн байдаг. Хилийн тухай хуульд хилчдийн нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр тодорхой заалт оруулах зайлшгүй шаардлагатай юм гэдгийг манай удирдлагууд маш сайн олж харсан. Тиймээс ч 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр шинэчлэгдэн батлагдсан. Хилийн тухай хуульд нийгмийн хамгааллын талаар нухацтай, зөв заалтуудыг тусгаж өгсөн нь хилчдийн зүгээс ихээхэн талархал хүлээсэн өөрөөр хэлбэл хот, төв суурин газар алба хааж байгаа алба хаагчийн цалин, алслагдсан хилийн хэсэгт болон говь цөлийн хүнд нөхцөлд алба хааж байгаа алба хаагчийн цалин хангамж өөр өөр байна гэсэн үг юм. Мөн хувцас, хүнсний хангамжийн талаар тодорхой заалтуудыг оруулж өгсөн.  Тухайлбал, энэ талаар “Улсын хил хамгаалах байгууллагын дүрэмт хувцасны загвар, хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч, эдэлгээний хугацааг Засгийн газар, хүнсний хангамжийн хэмжээг Засгийн газар тогтооно. Хангалтын зааврыг Хил хамгаалах байгууллагын дарга батална” гээд хуульчилчихсан. Тэгэхээр эрх зүйн шинэчлэлээ дагаад цалин хөлс, хүнс, хувцасны шинэчлэлийг хийсэн.  Өмнө нь хилийн цэргийн офицер, ахлагч нар 12, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид 21 нэр төрлийн хүнсээр хангагдаж байсан. Харин одоо Улс орны эдийн засаг сайжирсан, хоёрдугаарт хуулийн шинэчлэл, Засгийн газрын бодлоготой холбоотойгоор Улсын хил үүрэг гүйцэтгэж байгаа бүх цэргийн алба хаагч 25 нэр төрлийн хүнсээр хангагдаж байна.

 Сүүлийн жилүүдэд байгууллагын удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа бас нэг бодлого бол хилчдийг чанар, стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хангах, хангамжийг сайжруулах, олон нэр төрлөөр хангах явдал юм. Энэ чиглэлээр нэлээд зүйлийг хийсэн. Хилийн зарим анги, салбарууд хавар 05 сараар эхлээд зуны 06 дугаар сар дуустал хүнсэндээ борц хэрэглэх, дулааны улиралд төмс, хүнсний ногоог хадгалахад хүндрэлтэй байх, говь цөлийн бүсийн анги, салбарууд сүү, сүүн бүтээгдэхүүнээр хилчдээ хангахад бэрхшээл тулгарч байсныг цогцоор нь шийдвэрлээд байгаа юм. Яаж шийдвэрлэсэн бэ гэхээр хилийн ангийн төвд 40 м3 багтаамжтай, хилийн салбарт 10-20 м3 багтаамжтай мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, мөн дулааны улиралд түргэн муудаж болох хүнсний бүтээгдэхүүн хадгалах хөргүүртэй болгосон. Мөн бүх хилийн анги, салбарт стандарт нийцсэн төмс, хүнсний ногоо хадгалах ногооны зоорийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан байгуулж, жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоо хэрэглэдэг байх арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ бүхэн юу гэсэн үг вэ? гээд дүгнээд хэлэхэд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах боломж байна, хангасаныг чанарыг муутгахгүйгээр хил манаж байгаа хилчиддээ хүргэх л эцсийн зорилго байгаа юм.

-Хилчид хүнсний ногоогоо өөрсдөө тариалдаг уу?

-Хил хамгаалах байгууллагын хэмжээнд хилийн ангиуд 80,5 га талбайгаас 5 нэр төрлийн 538,2 тн төмс, хүнсний ногоо хураан авч, хэрэгцээт төмсний 53,5 хувь, хүнсний ногооны 25.3 хувийг, мөн хүлэмж ашиглан 15,2 тн өргөст хэмх, 1224 кг улаан лооль, хураан авч, хилчдийн хүнсэнд хэрэглэдэг. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд нийт 1241.4 тн төмс, хүнсний ногоо шаардлагатай байдаг.

Төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан энэ онд газар тариалангийн үйл ажиллагааг зохион байгуулан, Улсын дундаж ургац /усалгаагүй талбай/-ын 80 хувиар тооцож хэрэгцээт төмсний 493.5 тн буюу 66 хувь, хүнсний ногооны 224.9 тн буюу 44,8 хувийг бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Үлдсэн хэсгийг хилийн 0288 дугаар анги-ТӨААТУҮГ  өөрсдийн талбайд тариалан хилийн ангиудыг хангах юм.  Энэ анги маань 350-400 тонн төмс, хүнсний ногоо хадгалах багтаамж бүхий ногооны зоорьтой бөгөөд намрын ургацаа хураан авч хадгалан, хилийн ангиудын ногоо дуусахын хэрээр байнга хангаж байна. хилийн ангиуд өөрсдөө төмс, хүнсний ногоогоо тариалах, намар тухайн орон нутгаасаа ч юм уу зах зээлээс үнэ хямд ногоо авч нөөцлөх арга хэмжээ эхний ээлжинд авах юм.

Одоо эхлэх шинэ цэргийн сургалтын төвөөс эхлэн ХЦАХ-чдад сонголтын хоолоор үйлчлүүлнэ.

-Хилийн ангиудад хугацаат цэргийн алба хаагчид өөрийн сонголтоороо хоолоо иддэг болж байгаа гэж сонссон?

-Тийм ээ. Энэ дөрөвдүгээр сараас эхлэн хилийн ангийн төвүүдэд офицер, ахлагч, ХЦАХ-чдадаа сонголтын хоолоор үйлчилдэг болгож, жигдрүүлэхэд анхаарч байгаа. Сонголтын хоолоор үйлчлээд эхлэхээр мэдээж тоног төхөөрөмжөө сайжруулах хэрэгцээ гарна. Тиймээс Хил хамгаалах байгууллагаас хилийн ангиудын цэргийн гал тогооны тоног төхөөрөмжийг бүрэн шинэчиллээ. Одоо шинэ цэргийн сургалтын төв эхлэхэд л сонголтын хоолоор үйлчилж эхлэх юм.  Удирдлагын тавьж байгаа бодлого, шаардлагын дагуу тоног төхөөрөмж, хүнсний хангамж гээд бүх бэлтгэл ажил хангагдсан. Одоо хэрэгжүүлэх л үлдээд байна.

-Хилчдийн хувцас, хэрэглэл сүүлийн жилүүдэд эрс сайжирчээ?

-Манай байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81 дүгээр зарлиг /Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай/, Засгийн газрын 2017 оны №174 дүгээр тогтоол /Хилийн цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, хэрэглэлийн норм/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/21 тоот тушаал /Норм, өнгө материалын ялгааг батлах тухай/, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны А/263 дугаар тушаал /Хилийн цэргийн алба хаагчдын ёслол, алба хээрийн хувцасны даавуу, офицер ахлагчдын хагас түрийтэй зуны гутал, офицер, ахлагч, гэрээт, хугацаат цэргийн алба хаагчдын суран бүс тэлээний стандарт батлах тухай/ зэрэг эрх зүйн баримт бичгийг шинэчлэн батлуулж, алба үйл ажиллагаанд мөрдөж байна.

Энэ хүрээнд 38 нэр төрлийн дүрэмт болон тусгай зориулалтын хувцасны загвар гаргаж батлуулсан. Үүнд ноосон малгай, нарнаас хамгаалах бүрх малгай, офицер, ахлагчийн албаны болон ёслолын мөрдэс, эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчийн өвөл, гутал, зуны ботинка, зуны хагас түрийтэй гутал, хилийн манааны урт түрийтэй гутал, хээрийн богино ханцуйтай цамц, хилийн манааны нэмэгдэл хувцас хэрэглэлээр хангаж ажиллаж байна.

Мөн Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглолтын, хилийн ангиудын үлээвэр хөгжимчид, баримт бичгийг шалгах манаа,  хилийн боомтын тээврийн хэрэгслийг шалгах манаа, хилийн ангиудын тусгай томилгоот бүлгийн ажиллагааны зуны болон өвлийн хүрэм, өмдний загварыг гарган батлуулж, шинэчиллээ.

Хилийн 0306 дугаар ангийн Буйрын усан хил хамгаалалтад шилжсэнтэй холбогдуулан хувцас загварыг шинээр зохион бүтээж, хангалтаар олгоод байна. Энэ жил хилийн бүх салбаруудын тусгай томилгоот бүлгийг хувцас хэрэглэлээр бүрэн хангаж, Хил хамгаалах байгууллагын хувцасны шинэчлэлийг бүрэн дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна.

Тусгай томилгоот бүлгийн хувцас, хэрэглэлийг шинээр батлуулсан.

-Хилийн 0168 дугаар ангийн төвийг шинээр барьж байгуулан ашиглалтад оруулсан. Энэ бүтээн байгуулалтын ажлын талаар?

-Барилга орон сууцны чиглэлээр хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор сүүлийн жилүүдэд нэлээд олон ажлыг хийсэн. Үүний томоохон ажлын нэг нь Дорноговь аймгийн Сулинхээрт байрлаж байсан Хилийн 0168 дугаар ангийг Хатанбулаг сумын төв рүү нүүлгэж штаб, спорт заал, соёлын төв, эмнэлэг, гэрээт цэргийн байр, 96 айлын орон сууц гээд иж бүрнээр барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр тус ангид ажиллаж байгаа хилчдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөл сайжирч, нийгмийн асуудал шийдвэрлэгдсэн. Мөн хилийн 0243 дугаар ангийн штабын барилгыг барьж ашиглалтад орууллаа. Энэ штабын барилга нь спорт заал, соёлын төвтэй цогц. Хилчдийн нийгмийн асуудлын талаар ярихад хамгийн түрүүнд орон сууц, гэр орон дараагийнх нь гэрэл, цахилгааны асуудал байдаг. Сүүлийн гурван жилд 211 айлын албаны орон сууц барьж ашиглалтад оруулж, хилийн салбаруудын 5,1 хувийг 5 кВт, 46 хувийг 10 кВт сэргээгдэх эрчим хүчний систем суурилууллаа.  Ер нь хилийн салбаруудын 70 хувь нь байнгын цахилгаан, эрчим хүчинд холбогдсон. Энэ бага тоо биш.

Энэ жил Хилийн 0132 дугаар ангийн төв, 0131 дүгээр ангийн алба хаагчдын орон сууцыг төвлөрсөн халуун ус, дулаанд холбох ажлыг хийнэ.  Цаашдаа Говь цөлийн бүсийн түлшний асуудал хүндрэлтэй хилийн анги, салбаруудыг төвлөрсөн болон сэргээгдэх эрчим хүчинд холбож, цахилгаан халаалтын системийг суурилуулах, бүх хилийн ангиудын орон сууцнуудыг төвлөрсөн дулаанд шат дараатайгаар холбох арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.30  ПҮРЭВ № 85 (6310)