Т.БАТСАЙХАН

 

Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдээд байна. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаараа тойрог бүрийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ.  Энэ удаа Сүхбаатар аймгийн тойргийг онцоллоо.    Энэ жил тус аймагт хоёр мандаттай сонгууль болно.   Сүхбаатарчууд аргагүй л улаан сонголтыг хийж иржээ.  Найман удаа сонгууль болоход АН нэг ч удаа цэвэр ялж байсангүй.  Тэр дундаа МАН дотроос Ч.Улаан энэ тойргоос зургаан удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ.  Ийнхүү Сүхбаатар  аймгийн долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөнийг тоймлон хүргэе. 

 

1992 он: МАН /МАХН/

 

Анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан.   Сүхбаатар аймгийн тойрогт  МАХН-ын гишүүн Ж.Гомбожав,   Ч.Хурц нар олонхийн санал авч анхны ардчилсан парламентын гишүүн болж байв.

 

1996 он: МАХН, МУНН

 

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан.   76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ.  Сүхбаатар аймгийн сонгогчид энэ удаа МАХН болон МУНН суудал өгөв. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт  МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ч.Улаан ялалт байгуулсан.  31 дүгээр тойрогт МУНН-аас нэр дэвшсэн О.Дашбалбар ялж,  гишүүн болж байв.   Тэдэнтэй Ш.Цогтоо, Ш.Шагдарсүрэн, А.Өлзийхуяг нарын гишүүд өрсөлдсөн юм. Тухайн онд иргэдийн 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай парламент бүрдэж байв.

 

2000 он: МАН

 

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Сүхбаатар аймгийн тойрогт хамгийн олон буюу хоёр мандат дээр нийт 18 нэр дэвшигч өрсөлдсөн байдаг.  30 дугаар тойрогт олонхийн саналыг МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн  Ч.Улаан авсан. Түүнтэй Г.Мэнд-Ооёо, Б.Буд, Ц.Сүхбаатар, Ч.Мангалжав нар өрсөлдөж байв.  Харин 31 дүгээр тойрогт Ш.Бадам ялав.  Тус тойрогт Д.Цогтбаатар, Д.Бор, Д.Төмөр-Очир, З.Мөнхсайхан нар өрсөлдсөн байдаг. Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАХН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.

 

2004 он: МАН

 

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан.  Сүхбаатар аймгийн сонгогчид энэ оны сонгуулиар МАН-д итгэл үзүүлэв.  30 дугаар тойрогт Ч.Улаан, 31 дүгээр тойрогт Р.Буд ялалт байгуулсан.   Тэдэнтэй Ж.Батчулуун,  Д.Дэлгэрцогт, Д.Одгэрэл нар өрсөлдсөн юм.

 

2008 он: МАН

 

Аймгийн сонгогчид мөн л МАН-д итгэл үзүүлэв.  Тухайлбал, хоёр мандаттай тойрогт МАН-аас Ч.Улаан, Р.Буд нар өрсөлдөж, ялалт байгуулав.  Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

 

2012 он: АН, МАН

 

УИХ-ын сонгууль анх удаа холимог  системээр явагдсан. Сүхбаатар аймагт АН-аас  нэр дэвшиж өрсөлдсөн М.Зоригт, МАХН-аас намын нэрийн жагсаалтаар Ч.Улаан дахин УИХ-д суув.

 

2016 он: МАН

 

МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав.  Сүхбаатар аймгийн сонгогчид дахин МАН-д  итгэл үзүүлсэн.  УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт Ж.Батсуурь, Ч.Улаан, Ж.Энхбаатар, П.Намхайноров нар өрсөлдөж,  Ч.Улаан зургаа дахь удаагаа парламентад сонгогдсон байна.

 

2020 он:

 

Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  2020 оны сонгуульд дөрвөн эвсэл, 15 нам өрсөлдөхөөр  саналаа хүргүүлээд байна.  Мөн 208 бие даагч гишүүн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа юм. Сүхбаатар аймагт “Та бидний эвсэл”-ээс тус аймгийн МАХН-ын Мянгатын дарга, сэтгүүлч Ч.Үл-Олдох өрсөлдөхөөр яригдаж буй.  Харин МАН-аас уламжлал ёсоор УИХ-ын гишүүн Ч.Улаан  өрсөлдөх сурагтай байгаа.  Мөн ХӨСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэнгийн нэр яригдах болсон. Тэрээр оны өмнө сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Харин АН-аас  Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө.  Түүнтэй хамт АН-ын залуу боловсон хүчин  гэгддэг Н.Ганибал нэр дэвшихээр яригдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.30  ПҮРЭВ № 85 (6310)