Т.БАТСАЙХАН

 

Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглах бодлого баримталж, 296 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын гол агуулга нь “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжааг Хөрөнгийн бирж дээр үе шаттай эхлүүлэх”, “...Тавантолгой ордын лиценз эзэмшигчийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гадаадын Хөрөнгийн бирж дээр арилжаалах”, “...Тавантолгойн ордын үнэ цэнэ, дэд бүтцийн холбогдох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн бодлогыг баталж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай байв. 

Энэхүү тогтоол дээр үндэслэн “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК 2019 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Харин байгуулагдсанаас хойш ердөө найман сарын дараа буюу өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар компанийг  татан буулгах шийдвэр гаргалаа. Тавантолгойн ордыг ашиглах IPO гаргах үүрэгтэй энэ компанийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү удирдаж байлаа.  Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар  296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

Харин IPO гаргах асуудлыг хэрхэн шийдэх тухай тодорхой шийдвэр гаргасангүй. “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компани Тавантолгой төслийг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө босгох ажлыг хариуцаж байсан юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар одоогоос гурван сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Сонгуулийн хугацаатай нэлээд тулах төлөвтэй байна. IPO-ыг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 2020 оны эхний хагас жилд багтаан гаргана” гэж байв. Гэсэн ч  “Эрдэнэс Тавантолгой Майнинг” татан буугдсанаар IPO гаргах асуудалд ойлгомжгүй нөхцөл байдал үүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.28  МЯГМАР № 83 (6308)