А.ДОРЖХАНД 

Хэнтий аймгийн музейтай тус аймгийн байгалийн дурсгалт газрууд болон орон нутгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр, эд зүйлсийг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар XIX-XX зууны үед холбогдох “Шар ороомог буу” үзмэрийг толилуулж байна. Энэхүү бууг “Ороомог” хэмээн нэрийдсэний учир нь уг бууны гол төмрийн гадуур давхар төмөр ороож, ширээж, давтаж хийснээс үүдээд ийн нэрлэсэн бололтой. Монголчууд өөр зуураа эв түнжин хагаран, дайн самууны хөл ихтэй үед буюу нарийн тодруулбал 1696 онд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар “Жанлавцогзол” /Агийг тохинуулах/ номыг зохиохын хамтаар “Алаг ороомог”, ”Шар ороомог”, ”Улаан ороомог” гэх 3 төрлийн бууг Монгол дархцуулаар бүтээлгэсний нэг нь энэхүү буу юм. Бүтээгдсэн цагаас хойш 1930-аад оныг хүртэл “Алаг ороомог буу”-г дайн тулааны, “Улаан ороомог буу”-г хутагт хувилгаадын, “Шар ороомог буу”-г хүрээ хийдийг хамгаалах сахиус болгон Балдан Врайвун хийдэд хадгалан үлдээж, шүтэж ирсэн байна. Дээр өгүүлэн буй “Шар ороомог буу” нь тухайн үедээ Балдан Врайвун хийдийн Билэг- Өлзийт сүмд залагдаж байсан бөгөөд түүгээр жил бүрийн өвлийн адаг сарын 29-ний сор залсаны дараа шашны дайсан “Ландрамыг тонилголоо” гэх нэгэн ёслол үйлддэг байсан хэмээдэг. Балдан Врайвун хийд хэлмэгдлийн шуурганд өртөж нураагдахад хүрээ хийдийг хамгаалагч сахиус болсон “Шар ороомог” буу бүрэн бүтэн үлдсэнийг Хэнтий аймгийн Биндэр сумнаа амьдарч байсан иргэн Б.Довчин хадгалж байгаад 1969 онд аймгийн музейд шилжүүлэн өгчээ. Гурван зуу гаруй жилийн настай энэхүү буу нь цахиурт замгаар асдаг 5 цэнгийн тугалган сум тавьдаг байсан аж. Түүний урт нь 200см, өргөн нь 6.2см, жин 4880 гр юм. Шар ороомог буу нь 1981 онд зохиогдсон “Экспо-81” ОУ-ын ангийн үзэсгэлэнгээс “Алтан медаль” авч байсан удаатай аж.

Эх сурвалж: www.polit.mn