Т.САЙХАН

 

Сонгууль ойртох тусам улстөрчидтэй холбоотой худал, үнэн нь мэдэгдэхгүй элдэв мэдээлэл хөвөрдөг.  Ялангуяа гэр бүл, аав ээж, удам судар руу нь дайрах утгагүй, увайгүй хандлага бий болсон. Ийм жишээ олон бий.  Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна.  Иргэд нэг үеэ бодоход үнэн, худал мэдээллийн шүүлтүүртэй болсон. Тэгэхээр утгатай улстөржихгүй бол эргээд худал мэдээлэл тараасан, хүн гүтгэсэн хэрэгт орох магадлал өндөр болсон гэсэн үг. 

Одоогоос жилийн гаруйн өмнө С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар сонгогдож байв.  Тэр үед С.Амарсайханы тухай олон сөрөг мэдээлэл зохион байгуулалттайгаар цацагдсан.  Тэр дундаас хамгийн эмзэглэмээр нь “Хүүр ухдаг хужаагийн хүүхэд”, “Хятадын эрлийз” гэх гүтгэлгүүд байсан юм.  Энэ талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр ёстой л хуурай өвсөнд шүдэнз зурсан мэт тарсан байдаг.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ч энэ асуудлыг шалгуулахаар тухайн үед хуулийн байгуулагад хандсан байна.  Тэгвэл саяхан ТЕГ-аас гомдлын хариуг ирүүлжээ. Уг албан тоотод Увс аймгийн Бөхмөрөн сумын 1944 оны хүн амын тооллогын баримт нь Тагнуулын Ерѳнхий газрын тусгай архивын баримттай таарч байгаа бөгөөд Ишбалын Сайнбуян нь 1924 онд, эх Зулын Цэвээн нь 1932 онд одоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт төрсөн, дѳрвѳд угсааны малчин хүмүүс байсан гэдгийг бататгажээ.

Мѳн С.Амарсайханы гарал үүсэлтэй холбоотой үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтэд тараасан, биечлэн гүтгэсэн иргэн Ц.Батмөнх, Г.Батбаяр, Б.Даваа нарын үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэдгийг дурьдсан байна.

Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан өөрийн албан ёсны цахим хуудастаа “Миний бие Хотын даргын ажлыг хүлээж аваад яг нэг жил нэг сар болжээ. Энэ хугацаанд зарим нэр бүхий хүмүүс "Хүүр ухдаг хужаагийн хүүхэд”, “Хятадын эрлийз” гэх зэргээр удаа дараа гүтгэн, эцэг өвгөд, удам судрыг минь зохион байгуулалттайгаар, хүний ой тойнд оромгүйгээр доромжилж байсан тул энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар албан ёсоор хандсан юм” гээд  “Бид улстөрийн зорилго, хувийн сонирхол, үзэл бодлын зѳрүүгээр хувь хүн, эрхэлж буй ажилд нь шүүмжлэлтэй хандаж болох ч хэн нэгний гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, удам судрыг нь үндэслэлгүй гүтгэж, гутаан доромжилж болохгүй, ийм тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгуулахыг зорилоо. Улмаар Хятад эсвэл Орос, Япон,Солонгос аль ч улсын хэн ч байсан аливаа зүйлд монголчууд бид олон улсын, тэр дундаа найрсаг харилцаатай хѳрш орнуудын харилцан хүндлэл, харилцааны эрхэмлэх ёстой зарчим байдгийг умартах учиргүй. Монгол хүн бүрийн хувьд удам судар угсаа гарал нь хамгийн эрхэм нандин, үнэ цэнэтэй зүйл байдаг. Энэ үнэн бодит түүхийг хэн ч дур зоргоороо өөрчлөх, зохиох, нулимах эрх байхгүй” гэжээ.

Тэгэхээр удахгүй сонгууль болно. Улстөржихөд учир бий. Үйл ажиллагаа, үр дүн, учир шалтгааныг шүүмжилж болох ч үр хүүхэд, гэр бүл, үндэс угсаа руу нь чиглэж гүтгэж дайрахаа больмоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.24  Баасан № 80, 81 (6305, 6306)