Б.ОЮУНЗУЛ
Манай оронд олон төрлийн спорт, сонирхогчид бий. Үүний нэгэн жишээ бол загасчлах юм. Бид энэ удаа загасчлах хоббитой М.Батцэнгэлийг “Өөр зочин” булангийн зочноор урьж түүний сонирхлын талаар ярилцсан юм.
-Эмэгтэй хүн загасчилна гэхээр сонин санагдаж байна. Яагаад загас барих болсон юм бэ?
-2015 онд анх загасчлах спортыг сонирхож эхэлсэн. Миний хувьд бусад залуусыг бодвол харьцангуй өвөрмөц сонголт хийсэн санагдаж мэднэ. Хүмүүс уур бухимдлаа янз бүрийн аргаар гаргадаг. Мөн олон төрлийн зүйлээс таашаал авдаг. Миний хувьд загас бариад уургаа усанд шидээд зогсох нь хамгийн сайхан мэдрэмж өгдөг.
-Анх загасчлахад ямар төрлөөр нь барьж сурсан бэ. Загас барихад олон төрөл байдаг гэсэн?
-Хамгийн анх “Fly” загасчлал буюу хиймэл өгөөшөөр загас барих аргад суралцсан. Энэ нь “Fly cast” гэдэг шидэх техниктэй. Түүнийг би youtube-ээс бичлэг үзэж байж сурсан. Мэдээж анхлан сурч байгаа хүний хувьд хүнд байсан ч өөрөө дурлан хийж байгаа болохоор шантраагүй.
-Танд мэргэжлийн уурга байдаг уу?
-Би 2017 оны хавар “Уургач” дэлгүүрээс загасчлалын багц авч байсан. Тухайн үедээ л хамгийн үнэтэй сайн гэсэн багцыг өөрийнхөө хоббиг хөгжүүлэх зорилгоор авсан. Энэ нь миний цуглуулгыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон. Тухайн багцыг авснаар тус дэлгүүрийн хамт олон надад үнэ төлбөргүй загасчлах заавар зөвлөгөө өгсөн. Өөрөө загас барих арга барилд суралцсан ч мэргэжлийн хүний заавар зөвлөгөө авснаар илүү сайн загас барьдаг болсон. Туршлага нэмж өөрийн хоббигоо хөгжүүлэн цаашлаад илүү сайн хичээх үндэс суурь болсон гэдэгт итгэлтэй байдаг.
-Та энэ хоббигоороо ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцож байсан уу?
-Тийм ээ. Оролцолгүй яах вэ. Гэхдээ би энэ сонирхлоо хэвээр нь авч үлдэхийг эрхэмлэдэг. Ямар нэгэн спорт болгоно гэж боддоггүй. Гэхдээ нэг удаа өөртэйгөө ижил сонирхолтой дөрвөн бүсгүйтэй хамтарч уралдаан тэмцээнд орж байсан. Анх удаа Дархан хотод загасчлалын тэмцээнд оролцсон маань сонирхлыг улам татсан. Мөн “Өгийн цом” тэмцээнд оролцож байлаа. Сүүлийн жилүүдэд загасчлах спортыг хүмүүс их сонирхох болсон. Эмэгтэй хүн загас барина гэхээр хүмүүс их гайхдаг. Миний бодлоор энэ нь тийм ч хүнд зүйл биш. Хүн өөрөө дур сонирхолтой байвал хэцүү зүйл биш. Манай оронд энэ спортоор хичээллэдэг гарын таван хуруунд багтах бүсгүйчүүд байдаг.
-Загасчлалын холбоо гэж байдаг уу. Манай оронд энэ спортыг хэрхэн хөгжүүлж байна?
-Манай оронд загасчлах спорт нэлээн түлхүү хөгжиж байгаа гэж боддог. Монголын загасчин залуус өөрсдийн холбоотой, клубтай. Жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Энэ нь хөгжиж яваа спортуудын нэг гэдгийг батлан харуулж байгаагийн нэг илрэл. Загасчид маань байнга холбоотой байдаг. Түүгээр ч барахгүй хамт загасчлах тохиолдол ч бий.
-Манай орны хамгийн их загастай нь ямар гол вэ?
-Манай орны бүх л гол усанд загас байдаг. Бусад орны гол цөөрөмд байдаг загасыг бодвол байгалиараа, нутагшуулаагүй гэдгээрээ илүү онцлогтой.
-Таны очиж загасчлахыг хүсдэг газар бий юу?
-Би газар зүй, байгаль шинжлэлийн багш, геологийн инженер мэргэжилтэй. Тиймээс ажил мэргэжлийнхээ онцлогоор эх орныхоо ихэнх нутгаар явж үзсэн. Очиж үзээгүй цөөхөн газар байдаг. Тухайлбал, Дорнод, Ховд, Баян-Өлгий аймгаар очиж үзээгүй. Төлөвлөгөөндөө оруулсан байгаа. Мөн Дорнод аймгийн Халх гол болон далайд загасчлахыг хүсдэг. Энэ бол загас барьдаг хүн бүрийн мөрөөдөл байх.
-Хүмүүс загасчлалын талаар ямар ойлголттой байдаг вэ. Очиход нутгийн иргэд хэр хүлээж авч байна?
-Загас барихаар очиход хүмүүс алаад байна гэж буруу ойлгодог. Бид зүгээр л бариад буцааж усанд нь тавьдаг. Зүгээр л сэтгэл ханамж авахыг зорьдог болохоос илүү зүйл хийдэггүй.
-Таны барьж байсан хамгийн том загас гэвэл?
-Би нэг метр гаруй урттай цурхай загас барьсан нь их сайхан мэдрэмж байсан. Манай орны хамгийн алдартай нь тул загас шүү дээ. Анх сурч байхдаа нэлээн том тул загас барьж байсан. Одоо тэр амжилтаа давахыг хичээж байна даа.
-Та өвлийн загасчлалд явж байсан уу?
-Тийм ээ. Өвөл загасанд явах дуртай. Учир нь цооног ухах хүндхэн ажил байдаг. Гэхдээ миний хувьд тийм ч хүнд зүйл биш. Би аль болох өөрөө ухаж гаргахыг эрмэлздэг. Өвөл загас барихад ихэвчлэн амьд өгөөш ашигладаг. Өвөл загасанд явахад тэвчээр их шаарддаг.
-Загасчлах сонирхолтой залууст хандаж анхааруулах зүйл байна уу?
-Загасчлах сонирхолтой хүмүүстээ хандаж хэлэхэд 4-6 сарын хооронд загаснууд үржилдээ ордог учраас хориглосон хугацаанд загас барихгүй байхыг хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.17 БААСАН № 75 (6300)