Т.БАТСАЙХАН
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Гэхдээ Засгийн газар, УОК, ЭМЯ, Сангийн яам гээд холбогдох байгууллагууд онцгой нөхцөлд “нэг цонх”-оор ажиллаж чадахгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийдэг, түүний маргааш дахин нэг сайд нь гараад өөр зүйл ярьдаг. Холбогдох газар хэлтэс дээр очихоор зарим асуудал бүүр юу ч биш болж байна. Улс төрийн хэллэгээр бол Засгийн газрын поп мэдэгдлүүд хэтэрлээ. Үүнээс болж иргэд нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй, хүлээлт үүсгэж, асуултын тэмдэгтэйгээр, төрийн байгууллага, банкны хаалга татах болов. Гэсэн ч тэндээс хүссэн хариултаа авч чадахгүй байна. Хамгийн энгийн жишээ гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд эдийн засгийн хүрээнд авах арга хэмжээнүүдээ зарлаж мэдэгдэл хийсэн. НДШ-ийг чөлөөлөх, хувийн хэвшлийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг олгох, ноолуурын үнийг 100 мянган төгрөгт барих гээд их л сүржин мэдэгдсэн. Үүний дараа түүний хувь улстөрчийн рейтенг ч өссөн байх. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чихэр шиг үгс хэрэгжихгүй байсаар хайлж дууслаа. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 17. Ерөнхий сайдын мэдэгдлээс хойш нэг сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Зүй нь бол аливаа улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бүх зүйл тодорхой болсны дараа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх ёстой. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх тооцоо судалгаагүй, хөрөнгийн эх үүсвэргүй, парламентаасаа ч зөвшөөрөл авалгүйгээр гэнэт нэг өдөр гарч ирээд л поп мэдэгдлээ хийчихсэн байдаг. Ерөнхий сайдын мэдэгдлийн араас парламент хуулиа баталж, төрийн байгууллагууд одоо дүрэм журам батлахаар ажиллаж байх жишээтэй. Ийнхүү “Ковид-19” дэлхий нийтэд тархсан онцгой нөхцөл Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр, маргааш хэрхэн өрнөж байгааг “Timeline” булангаараа онцолж байна.
Өнөөдөр | Маргааш | |
1 | 2020 оны гуравдугаар сарын 18. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийж, иргэдийн хэрэглээний зээлийг 90 хоногоор царцаах шийдвэрийг танилцуулсан. Иргэд ч Засгийн газар шийдчихэж байгаа юм чинь гээд итгэсэн, баярласан. |
2020 оны гуравдугаар сарын 27. Банкууд Засгийн газрын шийдвэрийг хүлээж аваагүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх банкууд зээл төлөлтийг хойшлуулахгүй бол Засгийн газраас таагүй арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн. Түүнээс хойш арилжааны банкууд иргэдэд “өндөр босго”-тойгоор энэ үйлчилгээг дуртай дургүй үзүүлж байна. |
2 | 2020 оны гуравдугаар сарын 27. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас авч хэрэгжүүлэх эдийн засгийн багц арга хэмжээг танилцуулав. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хамгийн нэгдүгээрт, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэл хүн, амын орлогийн албан татварыг тэглэж байна гэв. Тэрээр бүх аж ахуй нэгж, иргэд хамрагдах мэт мэдэгдэл хийсэн. |
2020 оны дөрөвдүгээр сарын 01. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НДШ-ийг чөлөөлөх асуудлаар мэдээлэл хийж, төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид хамаарахгүй, төрийн өмчит аж ахуйн нэгж, тендерээр ажил гүйцэтгэж байгаа компанийн ажилтнуудад НДШ, ХАОАТ-ын чөлөөлөлтөд хамаарахгүй гэв. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хөнгөлөлтөд хэн хамрагдах, хамрагдахгүй вэ гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм. |
3 | 2020 оны гуравдугаар сарын 27. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын байраа хадгалж буй хувийн аж ахуй нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгоно гэв. Хувийн хэвшлийнхэн бүгд авах нь гэж нийгэмд ойлгогдсон. |
2020 оны дөрөвдүгээр сарын 1. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагын ажилтнуудад энэ шийдвэр хамаарна гэлээ. Нийгмийн нэлээдгүй хувийг энэ хөнгөлөлтөөс хасав. |
4 | 2020 оны гуравдугаар сарын 27. Ерөнхий сайд У.Хүрэлсүх малчдыг дэмжих зорилгоор, ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална гэв. |
2020 оны дөрөвдүгээр сарын 3. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийж, ноолуур хуралдан авах ААН-үүдтэй гэрээ хийж, Хөгжлийн банкаар дамжуулан зээл олгох болсон гэв. Энэ ажил цэгцрээгүй байна гэдэг нь сайдын ярианаас ойлгогдов. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 17-ны өдөр ноолуурын үнэ дунджаар 60 мянган төгрөг байна. |
5 | 2020 оны гуравдугаар сарын 27. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн литр тутамд 300-400 төгрөгөөр хямдруулах чиглэлээр АМГТГ болон холбогдох яаманд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. |
2020 оны гуравдугаар сарын 19. Тэгвэл Ерөнхий сайдын энэ мэдэгдлээс ердөө хэдхэн хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийсэн. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ тасралтгүй унаж байгаа учраас дөрөвдүгээр сараас буурна гэж байв. Харин энэ бууралтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ мэтээр мэдэгдсэн ээлжил поп амлалт байлаа. |
6 | 2020 оны дөрөвдүгээр сарын 12. Улсын Онцгой комиссын шуурхай штабаас Засгийн газраас ирэх даваа гаригаас автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх үүрэг чиглэл өгсөн хэмээн мэдээлэв. |
2020 оны дөрөвдүгээр сарын 12. Ердөө хоёр цагийн дараа Засгийн газрын газраас тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй хэмээн мэдээлэв. Энэ хооронд иргэд цахим сүлжээнд нэлээд эсэргүүцсэн байдаг. |
7 | 2020 оны дөрөвдүгээр сарын 14. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургууль цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах чиглэл өгөв. Улмаар дөрөвдүгээр сарын 14-нд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК хуралдаж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ. |
2020 оны дөрөвдүгээр сарын 15. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахаар шийдсэн ч яг маргааш нь Ерөнхий сайд дахин чиглэл өгч фитнесс, саун, амралтын газрыг нээхээр болов. Нэг өдөр нь хориглож, маргааш нь нэг хэсгийг нь нээсэн мөн л ойлгомжгүй шийдвэр. Мөн Ерөнхий сайдын энэхүү шийдвэрийг нь дагаж, дахин дүрэм, журам батлахаар яригдаж эхлээд байна. |
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.17 БААСАН № 75 (6300)