Т.САЙХАН
Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр банкуудад хэрэгжихгүй байгаа асуудлыг хэлэлцлээ. Иргэд ирүүлсэн өргөдөлдөө Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрарилжааны банк дээр очиж уулзахад банкны зүгээс гэрээнд өөрчлөлт оруулна, хүүгээ төлнө, эсвэл бидэнд шийдвэр ирээгүй гэх мэт тодорхойгүй, ойлгомжгүй зүйл ярьж, хүндрэл учруулж байгаа талаар тусгасан байна.
Байнгын хорооны дарга М.Оюунчимэг зээлийн төлөлтийг хойшлуулах, хэрэглээний зээлийн хүүг тодорхой хугацаагаар тэглэх, чөлөөлөх, хойшлуулах, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг иргэд ирүүлж буй тул Монголбанкны мэдээллийг сонсох нь зүйтэй гэж үзжээ. Хуралдаанд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг оролцлоо.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Иргэд амьжиргааны түвшин муудаж, зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй боллоо гэдгийг иргэд өргөдөлдөө тов тодорхой бичсэн байна, Яагаад иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд зөрчил үүсээд байна вэ?.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:-Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлтэй 97 мянган зээлдэгч байгаа. Зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтээ иргэд ирэх тавдугаар сарын 01-нээс өмнө гаргана. Банкууд иргэдээс ямар нэг нотолгоо, баримт шаардахгүйгээр зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлэнэ. Хэрэв чирэгдэл учруулж байгаа бол Монголбанкнаас арга хэмжээ авна.
УИХ-ын гишүүн А.Сүхбат: -Төр засаг шийдвэрээ гаргадаг ч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар иргэд хэлж байна. Арилжааны банкууд шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхын тулд нэгдсэн мэдээлэлгүй, тийм шийдвэр гараагүй гэх зэргээр мэдэн будилахгүй, хариуцлагатай хандах ёстой.
Байнгын хорооны дарга М.Оюунчимэг: - Монголбанкны мэдээллийг сонссон нь төр засгаас гаргасан шийдвэрийн талаар иргэд, байгууллагууд нэгдсэн ойлголтгүй байгаа учир мэдээллийг цэгцтэй, тодорхой болгохыг зорьсон. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан саналыг үндэслэн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Монголбанкинд үүрэг, чиглэл өгч байна гэлээ.
Тухайлбал, хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотойгоор Монголбанк нэгдсэн байдлаар дагаж мөрдөх журмыг гарган арилжааны банкуудаар мөрдүүлэх, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хугацаанд тооцох хүүгийн төлбөрийг иргэдэд хэт дарамт учруулахгүй байхаар аргачлалыг боловсруулж тус журамд тусгах, ипотекийн зээлтэй иргэд арилжааны банкуудад зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргавал банкуудад хэт ачаалал үүсгэхгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д ирүүлэх зэргээр ажиллахыг чиглэл болгожээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.16 ПҮРЭВ № 74 (6299)