Б.ТӨГС

 

Бизнесээ цахимаар амжилттай эрхлэх, орчин үеийн цахим маркетингийн аргуудыг хэрхэн оновчтой ашиглах талаар онлайн бизнесийн зөвлөх Ч.Оюунцэндтэй ярилцлаа. Тэрээр Шинэ Зеланд улсад ажиллаж амьдрангаа Монголын залуучуудад энэ төрлийн сургалтыг цахимаар явуулдаг юм.

 

-Дэлхий дахинд хам­гийн сүүлийн үеийн цахим шийдлүүдийг ашиглаж бизнесээ хөгжүүлж байна. Та энэ сэдвээр хэзээнээс, яагаад сонирхож эхлэв?

-Миний хувьд 2018 оноос цахим бизнесийн талаар сонирхож судалж эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд маш олон зүйлд суралцаж авлаа. Шинэ Зеландад докторын зэрэг хамгаалахаар суралцахынхаа хажуугаар нэгэн санхүүгийн компанид нягтан бодогчоор ажиллаж байлаа. Тухайн компанидаа 3-4 жил ажилласан. Сургуулиа ч дүүргэсэн. Гэтэл ажлаасаа уйдаж эхэлсэн л дээ.

Монголд байхдаа хувиараа бизнес эрхэлдэг байсан энэ нь зөв сонголт гэдгийг мэддэг байсан ч боломж гарахгүй байсан юм. Нөгөө талаас цагийн ажил хийх нь төвөгтэй байлаа. Ажилдаа ирж очиход л хоёр цаг зарцуулна. Автобусанд ийм их цагийг үргүй зарцуулах хайран. Мөн хоёр хүүдээ зарцуулах цаг надад байдаггүй байсан. Тиймээс докторын зэргээ хамгаалчихаад тэдэндээ цаг гаргана гээд шийдчихсэн байсан. 

Ингээд ямар бизнес хийх вэ гэдгээ бодсон. Шинэ Зеландад ямар нэг бизнесийг шинээр эхлүүлэхэд эхний ээлжинд маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Тиймээс хамгийн бага хөрөнгө оруулах мөртлөө хамгийн их хэрэглэгч татах ямар бизнес байж болох вэ гэж судалсан. Ингээд хоёр цагийн үнэгүй семинарт оролцоод, дараагийн гурав хоногийн сургалтанд суусан.

Эрсдэл багатай мөртлөө дэлхийн зах зээлд тоглох боломжтой салбар гэдгийг ойлгоод хичээлүүдийг нь аваад суралцаж эхэлсэн л дээ. Би саяхан  50 нас хүрлээ. Нэг мэдсэн их олон сургуульд сурсан байна, амьдралын туршлага их болсон байна. Тиймээ энэ мэдлэгээ яагаад дэлхийд зарж болохгүй гэж бодоод зорилгоо тодорхойлсон хэрэг. Тиймээс одоо цахимаар бизнес эрхлэх талаар болон англи хэлний мэдлэгийг хоёр хүүдээ болон бусад монгол залууст онлайнаар зааж байна.

-Дижитал буюу цахим маркетингийн арга ашиглахад тохиромжтой бизнесийн төрлүүд юу вэ?

-Орчин үеийн технологи, маркетинг ашиглан бизнесээ өргөжүүлэхийг онлайн бизнес гээд байгаа юм. Ямар ч бизнест энэ аргыг ашиглаж болно. Өнөөдрийн чиг хандлага бол ихэвчлэн мэдлэгийн бүтээгдэхүүн байна. Сургалт, дасгалжуулалт, зөвлөгөө гэх мэт. Мөн бэлэн бараа бүтээгдэхүүний худалдаа борлуулалт, үйлчилгээний бизнесүүдийг цахимаар хийж болж байна.

-Монголчууд онлайн бизнестээ фэйсбүүкийг өргөнөөр ашиглаж байна. Гэхдээ том агуулгаараа энэ салбарын хөгжил дөнгөж эхэн үедээ яваа санагддаг.  Флатформуудын төрлүүд улам өргөжсөөр, дэлхийн зах зээл улам хүчээ авсаар. Бид хэрхэн хөл нийлүүлэх вэ?

- 2009 онд АНУ-д сураад Монголдоо ирэхэд фэйсбүүк хэрэглэдэг хүн цөөхөн байлаа. Дараа нь Монголд очиход хүн бүр хэрэглэдэг болчихсон байсан. Фэйсбүүкийн Монгол дахь түүх 10 гаран жилээр яригдана. Миний хувьд зөвхөн фэйсбүүк ашигладаг. Инстаграмм, юутүүб, гүүгл гээд флатформууд маш олноороо хөгжиж байна. Нэгэн зэрэг олон сүлжээг ашиглах нь цаг хугацаа их орохоос гадна хөрөнгө оруулалт их шаарддаг. Тиймээс эхний ээлжинд оновчтой нэг сүлжээгээ идэвхтэй ашигласан нь дээр.

- Фэйсбүүк бол өнөөдөр дэлхийд хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй тул оновчтой сонголт байж чадаж байгаа. Манайд мэдээж сайтар хөгжөөгүй гэдэг нь үнэн. Гэхдээ цахим маркетингийг сайн хийж байгаа залуучууд олон болсон байна. Илүү өргөн утгаар нь хөгжүүлэх боломж бий. Монгол залуус дэлхийн хөгжлийг дагах нь тодорхой. Одоо хил хязгааргүй болчихлоо. Тиймээс хамгийн гол нь суралцах хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Дижитал маркетингийн зах зээл тогтмол өсч, дэлхийд олон зүйлийг цоо шинээр өөрчилж байна. Платформуудын хөгжил, боломж цаашид улам сайжрах болов уу.

- Цахим ертөнц хөгжсөн энэ үед хувиараа онлайнаар бизнес эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломж байдгийг хүн бүр гадарладаг. Хэлний бэрхшээл, технологийн мэдлэг гээд шаардлагатай зүйлс бий. Хэрхэн юунаас эхлэх вэ?

-Зориглох л асуудал. Өөрийн бизнеэсээ амжилттай эхлүүлэхийн тулд амлалт өгөөд зориглох хэрэгтэй. Ямар нэг юмны ард гарах гэж байгаа бол хийж чадна гэсэн зорилготой бай. Хэлний бэрхшээл, технологийн мэдээлэл хоёр бол яалт ч үгүй үндсэн хэрэглэгдэхүүн.

Англи хэл сур гэж би залууст дандаа хэлдэг. Миний энд сурахаар ирсэн шалтгаан ч англи хэл байсан гээд хэлчихэд буруудахгүй. 40 нас гарсан хойноо хоёр хүүдээ англи хэл сургахаар гадаад оронд ирсэн. Одоо хүүхдүүдийнхээ бизнесийг дэлхийн зах зээлд гаргах, цаашлаад Монголын хүүхдүүдэд энэ боломжийг олгохыг зорьж байна. Орчин үеийн платформууд дээр ажиллаж, ашиглаж сурах хэрэгтэй. Эхний ээлжинд Монголдоо олон дагагчтай болчих, монгол хүмүүстээ тодорхой хэмжээнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулчих.

Монголынхоо зах зээл дээр ажиллаж чадахгүй бол гадна зах зээл дээр ажиллах хэцүү. Тухайн орны соёл, хэрэглэгчийн хандлага гээд мэдэхгүй зах зээл рүү судалгаатай орох хэрэгтэй. Эхний ээлжинд Монголдоо дижитал маркетингийг тултал хийгээд сурчих. Гадаад хэлийг бол заавал сурах хэрэгтэй. Залуучууд юуны өмнө эхлээд зорилгоо тодорхойлмоор байна.

Хүү маань 18 настай дагагч нь 60 мянга гарчихсан. Англи дээр өөрийн хичээлүүдийг бэлдэж цахимаар борлуулан ажиллаж байна. Онлайн бизнесийн давуу тал нь хүнд юм заахын тулд өөрөө маш их зүйл уншиж, мэддэг байх ёстой. Тиймээс хувь хүнийхээ хувьд маш сайн хөгждөг.

-Онлайнаар ямар бизнес эрхлэхээ хэрхэн оновчтой тодорхойлох вэ?

-Дээр хэлсэнчлэн цахимаар ямар ч бизнес хийж болно. Өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг ол. Өөрөө сайн суралц. Тэгээд бусаддаа тусал, зааж өг, хуваалц, хамт суралц. Дараа нь сургалтаа төлбөртэй болго. Эхлээд хэрэглэгчийнхээ асуудлыг шийдэхэд туслаад дараа нь ашгаа ол. Нэгт өөрөө хөгжинө. Хоёрт бусдад үнэ цэнийг өгнө. Миний хувьд сургалтуудаа онлайнаар амжилттай явуулж, өөрийн хэмжээнд хангалттай орлоготой болсон.

Би өөртөө том зорилго тавьсан, энэ бол монгол хүүхдүүдэд англи хэл сургах. Ямар ч зорилгыг эхлээд том тавих хэрэгтэй юм. Түүндээ хүрэх төлөвлөгөөгөө нарийн гарга. Тасралтгүй хийгээд л байхад нэг мэдэхэд хүрчихдэг юм. Дэлхий дээр өчнөөн хүн хийж чадаад байхад монголчууд яагаад чадахгүй гэж. Монгол хүнд хийж чадахгүй бизнес гэж байхгүй шүү дээ.

-Цар тахлын хөл хорионы үед нэг талаар онлайн бизнес эрхлэгчдийн хувьд боломж өндөр байх шиг. Нөгөө талаар хувь хүний өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой цаг хугацаа гэж харж байна?

-Том том компаниудын түүхийг харахад хямралын үед л босч ирсэн байдаг. Өдийд хүмүүс гэртээ олон нийтийн сүлжээнд бэлэн сууж байна. Энэ хооронд өөрийгөө танилцуул. Бизнесээ урт хугацааны байдлаар харах хэрэгтэй. Энэ хөл хорио жилээр ч үргэлжилж магадгүй байна. Энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэхэд зориулах хэрэгтэй. Сурсан зүйлээ ирээдүйд бизнес болгож болно. Хөл хорионы үе дуусах нь тодорхой. Дараа нь энэ хугацааг үр дүнтэй өнгөрүүлсэндээ өөртөө баярлах болно шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.15  ЛХАГВА  № 73 (6298)