А.ДОРЖХАНД

Төв аймгийн орон нутгийн музейн үзмэрүүдээс цувралаар хүргэж байна. Монголчууд морио хазаарлахаас гадна хазаараа мөнгөлөн гоёж чимэглэн наадамд унах морио гоёдог. Ийм хазаарыг дархан хүн хийдэг билээ.Энэхүү хазаарын хийц нь маш гоёмсог ба ёстой л дархан хүний бурхан ухаанаар бүтжээ. Эрт цагаасаа эр хүний гоёл сайхан морь мөн эмээл,хазаар гэдэг. Үүний нэгэн баталгаа болгож энэхүү хазаарыг танилцуулж байна.Чамин хийцтэй энэ хазаарын бүтээгдсэн он нь 1990-ээд оны үед хамаарагдах юм. Хазаарын тархи, сагалдраганаас бусад сурыг хос мөнгөн утсаар битүү ороож зангилан зангилаа бүрт нь өндөр 4х2 см хэмжээтэй ба зургаан ширхэг товруутай.Товруу тус бүрийн нэрлэвэл толгойн хэсэгт цэцгэн хээний голд нь оюу, тана, сувд, номин, шүр, мөнгөн эрдэнийн чимэгийг урлажээ. Харин хазаарын магнайн хэсэгт нь мөн л гоёмсог байх агаад 9 × 5 см унжлага хэлбэрт мөнгөн дэвсгэр дээр мөнгөн товрууг алтаар бүрсэн байна. Үүнээс гадна амгай зуузай нь сонирхол татахаар чамин ба 1× 2.5 см хэмжээтэй шүр шигтгэсэн зэс зуузай мөн ган амгайтай, амгайныхаа 2 үзүүрт морины толгойг гуулиар хийжээ.Товруу хоорондын зай нь 13-14 см харин 2 шанаандаа мөнгөн тээг, мөнгөн аралтай.мөнгөлсөн хэсэгийх урт нь 1.66 см ба жингийн хувьд 1 кг 05 гр юм.Энэхүү өвийг 1991 онд музейн үзмэрт авсан ба хазаарын гоёл зүүсгэлийг харахад Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуйан ийм нэгэн шүлэг санаанд орох аж.

Зорин ирэх амрагаа хүлээхэд

Морин төвөргөөн зүрхнээ хоногшино

Шөнийн чимээгүй гадаа налайн

Унийн углуургаар саран гэрэлтэнэ.

Өнчин дэрэн дээр нойр хулжсан

Ухаангүй дурлалын урхинд байхад

Мөнгөн хазаарын бүдэг чимээ

Онгон зүрхийг цочоон баясгана.

~ "Мөнгөн хазаарын чимээ~

Ийм нэгэн хосгүй өв бидэнд өвлөгдөн үлджээ.

Эх сурвалж: www.polit.mn